solongonews
Анхны хайрын эзэн, хүүгийнхээ эцэгт зориуллаа
2015-12-28 18:21
Хэзээ нэгэн цагт чамд энэ үгийг хэлнэ гэж боддог байв. Харин энэ уралдаанд ирсэн захидлууд намайг одоо бичихэд хүргэлээ. Чамайг олж уншина гэж найдаагүй ч, арав гаруй жил дотор минь горойж байгаа тэр зүйл алга болно гэдэгт итгэлтэй байна. Би чамд одоо ч хайртай хэвээрээ.
Анхны бүхний минь эзэн учраас би чамайг гудамжинд зөрөх танилын төдийд хэзээ ч тавьж байсангүй. Анги маань 32 сурагчтай ч, чи бид хоёр л сурдаг мэт надад санагддаг байж билээ. Тохой залган суудаг ширээ маань-миний ертөнц, сургуулиас манай болон танай гэр хүртэлх жим-миний бүх зам, найз охид зөвхөн чиний тухай ярьдаг, дуу бүхэн чамайг, кино болгон бидний ирээдүйг өгүүлдэг байлаа. Ганцхан чамаар амьсгалж, амьдрах тэр бяцхан охин өнөөдөр хэн болж хувирснаа бодохоор энэ хорвоод дахин төрсөн гэлтэй. 
 
Үерхэл, хайр болж хувирахад ямар хугацаа шаардагдах вэ? Миний хувьд ганцхан хором хангалттай байсан. Сурагчдын амралтаар Дархан явах галт тэргэнд үдэж өгөхдөө чи миний уруул дээр үнссэн. Би бүхээг рүүгээ хэрхэн явж хүрснээ мэдээгүй. Уруул халуу шатаж, хүн болгон тэр нууцыг минь мэдэж байгаа мэт сонжин ширтээд л...
 
Эр хүнд үнсүүлсэн анхны үнсэлт минь үерхлийг хайр болгон илбэдсэн юм. Дарханд арваад хоноход тархи, зүрхнээс минь чи нэг хором ч холдоогүй билээ. Таалагддаг хөвгүүнтэйгээ үерхдэг байсан охин түүнийгээ анхны хайраа болгочихоод галт тэрэгнээс буулаа. Тосоод зогсож байсан чиний дүр төрх миний ой санамжинд тэр хэвээрээ хадагдсан. Одоо ч би тэр хөвгүүнийг харж байна. 
 
Аав ээжийгээ хол амьдарч байгааг ашиглан “том толгой гаргаж” танайд хоносон анхны шөнө. Айдас, ичилт, өвдөлт... Хайрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж охин биш, эмэгтэй хүн болчихоод хайрт хөвгүүнтэйгээ хөтлөлцөн хичээлдээ явж байсан тэр өглөө гуравдугаар сарын 31 байсан. “Төгсөх ангийн шалгалт, хариуцлагатай алхам” гэх мэт багшийн үг чихний хажуугаар өнгөрч, бүхий л ертөнц болсон ширээнийхээ ард займчин,  завсарлах хонх л хүлээж суусан.
 
Би ганцаархнаа ангидаа, бүр сургуульдаа, ер нь л энэ дэлхийд гав ганцаархнаа хайртай хүндээ охин биеэ өгч, нэгэн бие болсон “баатарлаг” эмэгтэй мэт санагдаж билээ. Ээж чинь чамайг айлын том хүү учраас л тэгж дураар нь дургиулдаг байж дээ. Сурагч формоо ч тайлалгүй найз охиноо дагуулан өрөөндөө орж, өглөө нь хичээлдээ хамт явдаг байхад зэмлэх нь бүү хэл нэг удаа хялайж харж байгаагүй. Харин манай гэрийнхэн эргэж ирснээр энэ явдал түр зогссон сон. 
 
Бидэнд олон дурсамж бий. Чамд халзан толгой зохихгүй байна гэж дооглож уурлуулчихаад, маргааш нь би өөрөө үсээ хусуулчихсан. /эмэгтэй хүн нялхын сэвлэгээ заавал үргээлгэх хэрэгтэй гэж ээжийг ятгаж чадсан/ Жирэмсэн байхдаа хөл бөмбөгийн хаалгач хийж үсэрч цовхорч байхад чи хөлсөө дуслуулан гүйж ирээд “болгоомжтой” гэж загнахын оронд “бөмбөгөө сайн бариарай, алдав аа” гэж сануулж байсан. Жирэмснээ нууж ээжийнхээ урт юбкаг өмсөөд, “конкурсдэж” тэнцсэн сургуулиасаа жилийн чөлөө авах үед, чи хойд эцгийнхээ оруулж өгсөн сургуулиас гарч, ажил хийж эхнэр хүүхдээ тэжээнэ гэж эрс шийдсэн.
 
Хуушуурын ТҮЦ-нээс залгуур авч, дүүрэн орос зайрмагтай хөлдөөгчөө тавиад халуун наранд түнтийтэл цүдийн суух охиныг хүмүүс өрөвдсөндөө л зайрмаг худалдан авдаг байсан байх. Тэгээд орой нь тоос шороо болсон ажлын хувцсаа ч солилгүй нүд, шүдээ гялалзуулан инээсээр яаравчлан ирдэг барилгын туслах нөхрийг нь хараад бүр их өрөвддөг байсан байх даа. Зайрмаг зарж, туслах ажилчин хийж хураасан мөнгөө хүүхдэдээ хэрэглэнэ гэж цааш нь далд хийх хоёрт ТҮЦ-ний ах нар буян болж хэдэн хуушуур үнэгүй өгөх үе бас байсаан.  
 
Ерээд оны сүүл үеийн хомсдолт нийгэм, хорь ч хүрээгүй бид хоёрыг амьдралд хөлөө дүрэв үү гүй юу, хуйлруулан авч, сэгсчүүлсээр эцэст нь хоёр тийшээ холоо гэгч нь шидэж орхисон мэт. Долоон жил бид амьдралаа босгох гэж зүтгэсээн. Мөнгөний төлөөх тэмцэлд бид хайраа бооцоонд тавьж тоглоод хожигдсон нь харамсалтай. 
 
Барилгын материалын наймаа чинь овоо өөдөлж, мөнгөтэй болох тусмаа чиний зан хувирч, хайрладаг байсан хөвгүүн минь танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Өөрийг нь үргэлж эргүүлж, өврөө дэлгэн хоноход бэлэн, хонож ч байсан оюутан голдуу охидтойгоо намайг адилтган боддог учраас хичээлээс өөр юунд ч гаргадаггүй болсныг чинь би хожим мэдсэн. Танилцах үдэшлэг, шинэ жил, хонхны баяртаа би явж үзэлгүй төгссөн.
 
Гэвч мэргэжлээрээ ажиллах бас л хориотой. Сонгосон мэргэжлийг минь “янханы мэргэжил” гэж наймаачид чамд ойлгуулсан. Дээд боловсрол эзэмшихээр сурсан, сонссон, төлөвшсөн минь урд хөрш рүү наймаанд явах ганзага нийлсэн нөхдийн чинь үгтэй даанч их зөрчилддөг болсон. Чиний хүслээр би гэртээ хүүхдээ хараад, хоолоо хийгээд, нөхрөө хүлээх ёстой. Чи анхнаасаа ийм эхнэртэй байхыг хүссэн юм бол яах гэж намайг сонгож хайрласан юм бэ. Нөхрийнхөө гарын дор амьдрахыг хүссэн охид ангиар л дүүрэн байсан даг. 
 
Шинэ содон зүйлд автдаг, сайн, мууг нь заавал нэг туршиж үзэж байж ойлгохыг хүсдэг, дүрсгүйтэх, зохион бүтээх дуртай, урлагийн үзлэгийг өөрийнхөө тайлан тоглолт шиг болгоод зохион байгуулчихдаг, сурлагадаа сайн, зөрүүд намайг чи хэн болгож орхисон гээч. Аймхай хулчгар, нөхөртөө таалагдаагүй хувцсыг өмсөж зүрхэлдэггүй, найз нөхөдгүй, гудамжинд танил эрэгтэй хүнтэй мэндлэхээс эмээдэг, дуугаа хурааж “хэрэлддэг”, ноомой нэгэн болгосон.
 
Миний шинэ дүр надад огтхон ч таалагддаггүй байсан учраас би чиний эсрэг гурван жилийн турш дотроо тэмцсэн. Харин яагаад чамайг өөрчлөхийн төлөө тэмцээгүйгээ одоо ойлгодоггүй. Бодвол үүсэх их асуудлаас нь айсан байх. Эсвэл анхны хайрынхаа уугуул араншинг хэзээ ч эргүүлж авч чадахгүйгээ мэдсэн байх. 
 
Нэг л өдөр би эзэмшсэн мэргэжлээрээ хүчээ сорихоор шийдсэн. Ажилд орж, хүмүүстэй харилцаж, томилолтоор олон хоногоор гэрээсээ явж үзсэн. Надад таалагдсан. Харин энэ бүхнийг эсэргүүцэх чиний араншинг би салснаар л зогсоож чадна гэдгээ алхам бүрт мэдэрдэг байсан. Байгууллагын шилдэг ажилтан, салбарын тэргүүний ажилтан болоход чи баяр хүргэхийн оронд “хэний өвөрт хэвтэж байж олж авсан бол доо” гэж зэвүүрхэж байсан.
 
Урд нь гэртээ сууж байхдаа хөршийн залуу өөртэй нь биш зөвхөн надтай мэндэлснээс, эсвэл согтуу ирэхэд нь босч цай хоолыг нь халааж өгөөгүйгээс болж хэд хэдэн удаа алганы амтыг чинь үзэж, дахиад цохих вий айсандаа бууж өгдөг байсан бол, ажилд орсон хойноо “Чиний чадах зүйл чинь зодох л биз дээ, тэглээ гээд намайг буулгаж чадахгүй. Би хүссэнээрээ л явна” гэж эрс шийдэмгий, огтхон ч дальдрахгүй хэлдэг болсон. Сонирхолтой нь тэр үед чи далайсан гараа буулгаж бууж өгдөг болсон. 
 
Нэг удаа хүүтэйгээ найз охиныдоо зочлоод ирэхэд чи хэрүүл өдөж, шиншилж эхэлсэн. Гэтэл таван настай хүү маань “Ээж архи уугаагүй, тамхи ч татдаггүй, та ер нь тэр янхан гэдэг үгийг хаанаас сурсан юм” гэж аавдаа хэгжүүрхлээ. Хүүгээ юу ч ойлгодоггүй гэж боддог байсан маань эндүүрэл байж. Тэр аавынхаа бүхий л араншинг мэдэрч, үзэн яддаг байж... гэж бодохоос айдас хүрлээ. Би ийм хүний дэргэд хүүгээ хүмүүжүүлж болохгүй, огтхон ч болохгүй гэдэг бодол бидний амьдрал тогтож байсан эцсийн утсыг тасдан хаясан билээ. Ингээд л би чамаас үг дуугүй салсан. Чи бүтэн жил хоргоосон ч бүх юм шийдэгдчихсэн байсан. Харин тэр бүтэн жилд чиний зовж шаналсан, шалдаа бууж доройтсон бүхэнд би буруутай. Чи тэгж боддог болохоороо одоо ч намайг үзэн ядаж, шаралхдагийг би мэднэ. 
 
Хүү маань одоо 17 настай. Миний чамд дурлаж хайрлаж байсан яг тэр насан дээр, чиний бие хаа,  дүр төрхийг дахин амилуулсан гайхалтай хүү. Чамд эрхэлж чадаагүйгээрээ хүүдээ эрхэлдэг. Хүйтэн хөлөө гуян завсар нь хийж дулаацуулна, дуртай киногоо татуулж хамтдаа үзнэ, гарын хоолыг чинь санаад байна гэж гоншигонож байгаад хоолоо хийлгэнэ, гар өвдөөд байна гээд хувцаснуудаа угаалгана. Хүйтэнд түрүүлж гараад машин халааж өгнө, орой хэдэн цагт ч ирсэн гарч бүтээж өгнө. Чамаас авч байгаагүй халамж хайрыг чиний үргэлжлэл-хүү чинь надад нөхөж байгаа учраас би чамайг одоо ч хайрладаг. 
 
Хайр ямар тохиолдолд амьдрал болж үндэсэлж, ямар тохиолдолд ганхан ганхсаар хийсэн оддогийг би сайн ойлгосон. Намайг өөрөөр минь хайрлаж чадах хүн одоо хүртэл тааралдаагүй болохоор би хүүгийнхээ хайраар амьдралаа дүүргэж явна. Харин чи салаад хоёр жилийн дараа хүнтэй сууж, дахиж гурван хүүхдийн эцэг болсон. Урагшаа наймаандаа явж, эхнэрээ лангуун дээрээ зогсоогоод жаазны үйлдвэрлэл эрхэлж амьдардагийг чинь ангийнхаа хүүхдээс сонссон. Чи ийм л хүнтэй анхнаасаа ханилсан бол гэр бүл салалтыг амсахгүй, хүүхдээ өнчрүүлэхгүй байж дээ. Би ч гэсэн намайг дэмждэг, урам хайрладаг, алдаа оноог минь шүүлгүй, мөрөөр минь тэвэрч толгойг минь үнэрлэдэг тийм л хүнийг сонгох байж. 
 
Анхны бүхний минь эзэн учраас, хайрын тухай цорын ганц дурсамжийн минь эзэн учраас би чамайг одоо ч хайрладаг. Тэр хайраа чамайг хуулсан мэт адилхан хүүдээ урсгаж, бас түүнээс авч, аз жаргалтай амьдарч байна. 
2015.02.09
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл