Монгол анагаах ухааны уламжлалт цэгээ тарган эмчилгээ засал сүүлийн жилүүдэд олон хүмүүсийн таашаалд нийцэж, цэгээ тараг уух хүмүүс улам олширсоор байна. Зуны улиралд хонь хайчлах ажлаа дуусгачихвал тийм ч олон ажилгүй болохоор сүүлийн хэдэн жилээс гүү сааж, цэгээ тараг борлуулах малчид нэлээд олширч, сар гаруйн хугацаанд багагүй орлого олж амьдралдаа тус дэм болгоно гэж Өвөр Монголын Хөвөөт шар хошууны Баянтал суурингийн Хүрдэн гол багийн Долоон худагт нутагтай малчин Соёлт хэллээ.
Хур бороо фүний халууныг дийлж, үе үе сэвэлзэх салхи нуурыг илбэн хүн ардын сэтгэлийг баясгана.
Дэлгэр зуны улирлын нэгэн өглөөний үүрээр сурвалжлагч бид цэгээ тараг худалдаж байгаа Соёлтын гэрийг зорьлоо.
Соёлт гуай гэж дунд зэрэг өндөр биетэй, хүрэн царайндаа улаа бутруулсан дунд эргэм насны хүн. Тэрээр 2009 онд багийнхаа 16 өрхтэй холбоолон “Хүрдэн гол багийн адуун соёлын хоршоо”-г байгуулан, тухайн жилдээ нийт 300 шахам адуутай байв. Эдний багт 100 гаруй өрх бий, “Ядуу өрхийн дансанд орвол хоршоонд орж болохгүй” гэсэн тогтоолоор гурван гишүүн өрх нь хоршооноос гарсан ба өдгөө 13 гишүүн өрхтэй болов. Хоршоондоо өнөө 500 гаруй бүдүүн адуу, 200 гаруй унага байж, Соёлтынхон хувиараа 2390 мү бэлчээр, 60 гаруй адуу, 200 гаруй хоньтой аж.
- Адуу бол догшин амьтан, эвтэй саахгүй бол өшиглөнө, хазнаа … хүн бүрийн хийж чаддаг ч ажил биш. Тэгшитгэж бодвол нэг гүүнээс таван 2,5 литр сүү гарч, сайн жилдээ арван гүү унагалвал өдөрт 100 жин сааж, ердөө бол 15-аас 20 гүү сааж, мянга гаруй юаны орлого олж, жилд 40 хоног саавал 60 мянган юань олчихно гэж Соёлт гуай цэгээ тарагныхаа үнэ ханшийн тухай ийнхүү нарийвчлан ярьсан юм.
Цэгээг элэг, уушги, ходоод, гэдэс цэвэрлэх зөөлөн туулга гэж хэлдэг. Цэгээ тараг бас цусны эргэлтийг ахиулан ухаан мэдрэлийг сайжруулж, шинэ хуучны солилцоог түргэсгэдэг. Учир нь цэгээ тараг бол хүний биед амархан шингэдэг шим тэжээл төгс ундаа юм. Эрдэмтдийн судалсанаар цэгээ тараг бол шим тэжээл төгөлдөр амьтны чанарт уураг - цагаан уургаар голлосон ундаа тул биед тэжээл өгөх чанар нь охь сайн байдаг. Гэхдээ цэгээг эмнэлэгт оруулахад зайлшгүй саам худалдан авч эмнэлэгтээ цэгээ тараг исгэх хэрэгтэй байж, исгэсэн цэгээг эмнэлэгт хэрэглэж болохгүй байдаг. Гүү жил бүрийн 3 сараас 5 сарын хооронд унагалж, билгийн тооллын 6 сарын эхээр сааж, фү-гийн хугацаанд цэгээг эмнэлэгт хэрэглэдэг. Соёлтынхон Баянтал эмнэлэгтэй удаан жил цэгээ тараг хангах гэрээ хэлэлцээрт тогтон хамтран ажиллаж, энэ онд ган гачиг ихтэй болохоор гүү саах цагаа хойшлуулсанаас гэрээ хийж амжсангүй ааж.
- 2011 оны үед унага 3000 юаньд хүрч байсан. 2014 оноос үнэ хямдарснаар одоог хүртэл сүү саалийн орлогоор л голлож байна. Ноднин жил сувайрсан гүү олон, энэ жил айл болгоны гүү сайн унагалав. Энэ нь хэдэн жил дарааллан малын үнэ тогтворгүй, хонины үнэ ханш буурсан байсныг бодвол малчдын сэтгэлд өчүүхэн ч гэсэн тайвшрал боллоо гэж Соёлт ярьж байлаа. Энэ онд дөрвөн тасалгаатай шинэ байшиндаа орж, эвлэг тохьтой амьдарч байгаа Хөвөөт шар хошууны Богдын гол сумын онгоц багийн зүүн онгоц хотоор нутагтай малчин Сайнбөхийнх хошууныхаа төвөөс 20 км зайтай оршдог. Адуунд хайртай болохоор адуу голлон малладаг. Өнгөрсөн жилээс цэгээ тараг худалдаж эхлэн, хорь хоногийн дотор арваад гүү сааж, 30 мянга гаруй юаний орлого олсон байна.
- Адуунд нөхөн олговор өгөх ажлыг хэрэгжүүлж эхэлнэ гэсэн сургаар бид идэвхтэйгээр адуу маллаж байна. Уг нь адуу маллаж байсан туршлага байгаа болохоор өнөө жил адуу маллах тусгай өрх болъё гэж хошуунаас саналаа дэвшүүлсэн хэмээн Сайнбөх итгэл дүүрэн ярьж байлаа. Балчир багаасаа адууны нуруун дээр өсч, уудам талдаа давхиулж явсан Сайнбөхийнх олон жил морь уяж, нутаг усныхаа овооны найр, сум багийн найр наадамд олон удаа тэргүүлэн, адуундаа хязгааргүй их хайр сэтгэлтэй байх нь үнэн.
Сайнбөхөө бодсон санаснаа даруйхан эхлүүлэхийг зорьж Эрээн хотод байгаа найзаараа дамжуулан Монгол Улсаас гүү саах хоёр ажилтан урин нэг сард 2000 юаний цалин олгож, энэ онд Баянтал сумын эмнэлэгтэй 40 хоногийн хугацаатайгаар цэгээ тараг хангахаар гэрээ хийсэн байна. Тэрээр өглөө бүр эртлэн 05:00 цагт босч гүүгээ саана. Хоёр цагт нэг удаа, өдөрт зургаан удаа сааж, нийт 15 гүү сааснаар өдөрт 110 жин сүү гардаг байна.
- Эхлээд вичат дээрээ цэгээ тарагны худалдааны зар тавьж, борлуулах арга зам хайж байсан бол сүүлийн үед аялж зугаацахаар ирдэг хүмүүс олширох тусам Хуа Дэ суурин, Бугат, Хөххотоос цэгээ тараг уухаар ирдэг хүмүүс олширсон. Хэдэн арван жингээр цэгээ тараг авдаг хүн олон болсон. Эмнэлэгийнхэн бөөнөөр худалдан авдаг болохоор жинд 16 юаниар өгч, хувь айлд нэг жинг нь 20 юаниар худалддаг. Энэ онд гурван монгол гэр барьж, хожим аялал жуулчлалын аж ахуй эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх санаатай гэж Сайнбөх бодсон санаснаа дэлгэлээ.
Саам гэдэг нь саяхан саасан гүүний сүүг хэлдэг. Гүүний исгэснийг нь цэгээ тараг гэж нэрлэдэг. Саяхан саасан гүүний сүү 72 цагийн дараа хамгийн шим тэжээлтэй байдаг.
- Өнгөрсөн хоёр жилд малын үнэ ханш буурч орлого нь зарлагадаа хүрэхгүй болж их хэцүү болсон. Хувийн нутаг бэлчээр маань нэг их уужуу биш болохоор адуу маллахад үнэндээ тийм амархан биш. Гэхдээ өөрөө адуунд хайртай, морь уях дуртай болохоор адуугаа хувиараа маллаж байна. Сүүлийн хэдэн жилд гандаж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлого нь зарлагадаа хүрэхгүй болсноор гүү сааж, цэгээ тараг борлуулах орлогоо бага ч гэсэн нэмэгдүүлэхийг зорьсон юм. Энэ онд эхэндээ ган ихтэй байсан, сүүлийн хэдэн өдөр л бороо нилээд орсноор ган бага ч гэсэн тайлагдаж, малчдын сэтгэл санаа уужирлаа гэж Сайнбөх хэлж байлаа.
Сүүлийн жилүүдэд монгол эм эмнэлэг уламжлалт цэгээ тарагны эмчилгээгээ хүндэтгэн чухалчлах болж, цэгээний үнэ өртөг ч улмаар олон түмэнд мэдрэгдэн танигдаж эхэлсэн. Цэгээ тарагны эмчилгээний судалгаа нь ч олон хүмүүсийн анхаарлыг татах болжээ. Малчид ч гэсэн дэлгэр зуны цагт зүгээр суухаар гүү сааж, цэгээ тараг худалдаж бага сага орлого олж, амьдралдаа тус дэм болох нь лавтай.
