Үзэгчид ам сайтай байна
- Ямар хурдан дуусчихсан юм бэ? Үзэж ханаагүй байхад дуусчихсан байдаг нь …
- Харин тийм, нэг их удаагүй санагдаж байна гэсээр үзэгчид Улаан театраас сэтгэл дундуур байдалтай гарч байлаа.
“Бүжгийн оддын гялбаа - Өөртөө Засах Орны бүжгийн содон мэргэжилтний тусгай тоглолт”-ыг сонирхсон үзэгчдээс Тунляо хотын Найман хошууны Урнаа: - Бүжгийн тоглолт маш сайхан болсон. Тоглолтыг үзээд их сэтгэл хангалуун байна гэв. Тэрээр Өөртөө Засах Орны Соёлын танхимд ажилладаг найзаасаа энэ тухай сонсоод настай ээж, бяцхан охиноо дагуулан 6 дугаар сарын 29-ний орой тоглосон бүжгийн содон мэргэжилтний тусгай тоглолтыг сонирхсон байлаа.
Энэ удаагийн маш олон тоглолт, үзэсгэлэн зэрэг нь үзэгчдийн өндөр үнэлгээг хүртсэн юм. Монгол кино долоо хоног, жүжиг, соёлын үйлсийн үзэсгэлэн, яруу найргийн уралдаан гээд Тал нутгийн соёлын наадамд тавигдсан агуулгууд нь үзэгчдийн таашаалд хүрч байлаа. Гавьяаныхаа амралтыг авсан ахмад Насан, Лянхуа нар “Хайраар амилсан савардан” жүжгийг сонирхжээ. Тэд: “Жүжигт үндэстний соёлын элемент их агуулагдаж байгаа нь сайхан болсон байна. Жишээлбэл ботго авуулах зэрэг зан заншлыг одоогийн залуучууд мэдэхгүй болжээ. Жүжгээр дамжуулан эдгээр мартагдаж буй үндэстний соёлоо үзүүлж харуулж байгаа нь сайн хэрэг. Тоглолт маш сайхан болсон” гэж үнэлж байв.
Үндэстний кино долоо хоногийн нээлтийн ёслолд тавигдсан “Ээжийн нисэх онгоцны буудал” хэмээх монгол киног үзэхээр Улаан театрын кино ордонд үзэгчид дүүрсэн байлаа. Киног үзэж байсан үзэгчид хааяа нир хийтэл инээлдэж, хааяа сэтгэл хөндүүрлэн чимээгүй болж, зарим нь киноны гол дүрийн ээжийн дүрийг өрөвдөн санаа алдана. Үзэгч Саруул: “Тус кино маш уярааж, сэтгэл хөдөлгөх үйл явдалтай юм. Монголоор ярьж байгаа нь ойлгомжтой бөгөөд их..... мэт санагдсан” гэж сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Вичатын групп дээр зарим үзэгч: “Уг кинонд сэтгэл хөдөлгөх үйл явдал маш олон байна. Амархан уярдаг хүмүүс бол нулимс урсгана шүү” гэж үнэлж байв.
Үзэгч Түмэнхишиг: “Тэмээт нутгийн шинэ тууль” жүжгийг үзээд: “Тус жүжигт оюутан залуу хөдөө нутагтаа буцаж тэмээний ашиг шимээр бизнес эрхэлж байгаа түүхийг өгүүлжээ. Дундуур нь тэмээний ноосоор хийсэн бүтээгдэхүүнээ сурталчилж, хамгийн сүүлд нь Сөнид хувцсаа өмсөөд гарч ирсэн зэрэг нь нэг талаар нутаг орноо таниулж сурталчилж байгаа талтай юм. Мөн малчид малын ашиг шимээ өөрөө боловсруулах, оюутан залуус ажилд ороход хүндрэлтэй байгаа энэ цаг үед өөрийн хүчээр бизнес эрхэлж босгохыг уриалсан зэрэг эерэг сэтгэхүйтэй зүйлүүд маш олон харагдаж байна. Жүжгийн үйл явдал өөдрөг сайхан, шинэ санааг харуулснаараа маш таалагдсан. Тоглож байгаа чадвар нь ч маш сайн байна” гэлээ.
Энэ мэт Тал нутгийн соёлын наадамд оролцож, тоглолт үзэсгэлэн зэргийг сонирхсон үзэгчдийн хувьд ам сайтай байсан бөгөөд энэ удаагийн соёлын наадам амжилттай сайхан болсон гэж үнэлж байлаа.
Үзэгчдийн санал хүсэлт
-Тал нутгийн соёлын наадам гэж жил бүр зохион байгуулагддагийг мэддэг боловч өмнө нь үзэж байгаагүй. XIII дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа гэж огт санасангүй хэмээн Түмэнхишиг ярьж байлаа. Мөн миний бодлоор тоглолт үзэж байгаа хүмүүс бараг бүг Хөххотын суугуул ард иргэд байв. Бусад газраас үзэхээр зорин ирсэн хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. Ийм том хэмжээний үргэлж зохион байгуулагддаг соёлын наадам гэж байгаа боловч өмнөх жилүүдийн зар сурталчилгаа муу байх шиг санагдаж байна. Өнгөрсөн жил “Хятад Монголын Экспо” зохион байгуулагдахад гудамж талбайгаар дүүрэн өнгө өнгийн сурталчилгааны самбар өлгөж, хүмүүс юу болж байгааг мэдсэн байсан. Яг ийм маягаар гудамж талбай буюу том дэлгэц, сонин телевиз зэргээр ухуулга сурталчилгааг сайн хийсэн бол үзэж сонирхох хүн олон байх байсан болов уу гэж бодож байна. Хөххотод байгаа хүмүүс ч соёлын наадам зохион байгуулагдаж байгааг мэдэх нь цөөн байна” гэж санал бодлоо хуваалцсан юм.
Тал нутгийн соёлын наадмыг үзэж сонирхсон хүмүүсийн ихэнх нь найз нөхдөөсөө сонссон буюу байгууллага нэгжээс нь зохион байгуулсан байна. Түмэнхишигийн хувьд найзаасаа сонсож, хамт явж жүжиг үзэж сонирхсон нь тэр байжээ.
Шан ши жүжиг болох “Хот цагдсан тэмдэглэл”-ийг үзэж сонирхож байгаа үзэгчдийн дундаас шар хувцастай гудамж талбай цэвэрлэдэг настай хүн хүмүүсийн анхаарлыг их татаж байлаа.
-Жүжиг үзнэ гээд аль эрт Тал нутгийн соёлын наадам нээлтээ хийхэд л анхаарлаа хандуулж байсан. Зохион байгуулж байгаа талаас бүртгүүлэх хүсэлтэй хүн байвал нэгдсэн байдлаар хүргэж, авна гэхийг сонсоод маш их баярласан хэмээн Улаанцав нутагтай цэвэрлэгч нэгэн жүжиг эхлэхээс өмнө ярьж суув. Нийт 55 хүн ирж жүжиг үзсэн байна.
-Ажлаа хийхдээ би радиогоор ший жүжиг сонсож сэтгэлээ баясан явдаг. Анх удаа театрт үзэж байна. Үнэхээр сайхан байна гэж Лю Гуаньхуа баярлан ярьж байв.
Соёлын үйлсийн үзэсгэлэнг сонирхож байсан үзэгч Мэнд: “Энд газар газрын үндэстний онцлогтой бүтээгдэхүүн дэлгэгджээ. Монгол хувцас чимэглэл, эмээл бялуу зэрэг нь үндэстний соёлын онцлогийг харуулж байна. Би нэлээд хэдэн удаагийн соёлын наадмыг үзэж байсан юм. Монгол үндэстний эрийн гурван наадмыг соёлын наадмын нэг хэсэгт оруулбал үзэж сонирхох хүн олон болно гэж бодож байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд энэ тухай агуулга байхгүй байх шиг санагдах юм. Гэвч энэхүү үзэсгэлэн дээр харин морины эмээл зэргийг дэлгэсэн нь эдгээр соёлын агуулгатай зохих хэмжээгээр ойртож байгааг харуулж байна” гэж өөрийн бодлоо дэлгэлээ .
Өмнөх жилүүдийн Тал нутгийн соёлын наадамд жил бүр шинэ содон агуулгыг нэмж, Тал нутгийн соёлын олон агуулгыг багтаан оруулсан юм. Жишээлбэл, X удаагийн Тал нутгийн соёлын наадамд монгол эм эмнэлгийн соёлын агуулгыг анх удаа оруулсан, VIII удаагийн Тал нутгийн соёлын наадамд анх удаа монгол бүжгийг тайзнаа тоглуулсан, энэ удаагийн Тал нутгийн соёлын наадамд анх удаа соёлын үйлсийн үзэсгэлэнг оруулсан гэх мэт шинэ агуулга тасралтгүй нэмэгдэж байгаа юм. Баялаг агуулгатай тал нутгийн соёлыг хэдхэн өдрийн наадамд багтаан бүгдийг сонирхуулах боломж бага. Гэвч цаашид Тал нутгийн соёлын наадмаар нэг хэсэг уудлагдаагүй соёлын төрлүүд Тал нутгийн соёлын наадмын нэг агуулга болж, үзэгчдийн хараанд хүрнэ гэдэгт итгэж байна.
