
Өлгийг хонины нэхийгээр хийх ба дээд талын хуниасыг олон хүүхэдтэй настай эмгэнээр хуниулдаг байжэ. Хуниас дээр хонх , зоос , хөө хуяг, тээг, үнэгний хамар, элдэв хүрэл эдлэл, явуу чоны шагай , мөнгө зэсээр хийсэн жижиг нум сум, улаан харгана, үенгийн арьс загасны нуруу зэргийг зүйж хаддаг.
Энэ нь нялх хүүхдэд элдэв ад зэтгэр халдаж чадахгүй байхыг бэлгэджээ. Мөн бөс даавуун өлгийг ч хэрэглэж байсан нь одоо уламжлагдан үлдсэн. Урьд цагт бөс даавуун өлгийг хийхдээ даалимбаны завсар ботгоны унгас зулж тавиад хавдаг байжээ.
Өлгийнд гурван бүс хэрэглэдэг нь жаргал зовлон жаргал гэсэн бэлгэдлийг агуулсан байдаг. Өлгийний бүсийг баруун талд нь хэт сулгүй , хэт чанга бус тооно тушиж уядаг байжээ.
Хүүхдийг өлгийнөөс тайлж авахдаа давсгийг нь хөнгөн илж , өлгийдөхдөө давсаг дээр нь давсган даргуулга гэж “хар хөх” давуунд хонины сүүлний тос түрхээд биендээ халааж давсган дээрээ тавина. Ингэвэл хүүдийн давсаг нь чанга болж хожим цаг бусаар шээхгүй болно гэдэг. Гэдэс нь дүүрэхэд сүүлний тос нар зөв эргүүлж түрхэх, хүүхдэд чанасан сүүл хөхүүлэх явдал нийтлэг байжээ. Хүүхдийг өлгийнөөс тайлж авсны дараа өлгийг хоосон тавьж болохгүй гэж сүх, алх, шанага зэргийг дотор нь тавьдаг Учир нь өлгийнд хүүхдийн ад орж унтахаас сэргийлж буй утга илэрхийлдэг байжээ.
Монголчууд “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэж хүүхэд төрөхөөс өмнө өлгий бэлддэггүй. Төмөр өлгий гэсний учир нь энгийн өлгий бус онцгой буюу амьдралд байдаггүй зүйлийг хэлж байгаа юм. Хүүхдийг төрөхөөс нь өмнө хэтэрхий ихийг бэлдэж хөл хөөр болох нь олны анхаарлыг татан улмаар хар , цагаан хэл амны түйтгэрт хорлогдох шалтгаан болох бөгөөд энэ нь хүүхдийг төрөх явдалд саад болж болзошгүй тул цээрлэдэг ёс байжээ.
