solongonews
Үүрцайхын сонголт
2021-12-17 10:22
Үүрцайхын сонголт

 Амьдрал сонголтоор дүүрэн. Хөл хөдөлгөөн ихтэй хотод амьдрах уу, нам гүмхэн хөдөө амьдрах уу гэдэг таны амьдралд бас нэгэн том сонголт болж таарна. Шинэ зуун гарснаас хойш хот суурин хурдтай хөгжихийг дагаад хөдөө орон нутгийн маш олон иргэн хот суурин зүгт шуурч хотод амьдрах болсон. Харин сүүлийн жилүүдэд үүний эсрэг хөдөө орон нутагт буцах болжээ. Энэ нь нэг ёсондоо хөдөө орон нутгийн хөгжлийг харуулж байна.

      Ордос ардын дуу “Алд хар гэзэг”-ийг санагдуулам урт хар гэзэгтэй Үүрцайх үнэхээр үзэсгэлэн гоо бүсгүй. Алаг хоёр нүдэндээ инээмсэглэл тоглуулсан энэ бүсгүйн амьдралын сонголт басхүү өөртэй нь адилхан бахархам сайхан сонголт байв. 1980-аад оны сүүлээр төрсөн тэрээр 2013 онд Өвөр Монголын Хөххот Үндэстний Дээд Сургуулийг Дүрслэх урлагийн мэргэжлээр дүүргээд өсөж төрсөн өлгий нутаг болох Шилийнгол аймгийн Авга хошууны Наранбулаг сумын Амгалан багтаа буцан ирж аав ээжтэйгээ хамт амьдрал үйлсээ босгосон. Ахмад буурал, идэр залуу гээд дөрвөн үеэрээ амьдардаг энэ том гэр бүлийн буурал эмээ нь Авга хошууны Билгүүдэй сууринд гол төлөв амьдардаг бол Үүрцайх аав ээж, нөхөр хүүхдийн хамт хөдөө орон нутагтаа малынхаа буянд жаргалтай амьдарч байна.

Амгалан багийн Улаан овооны ар хөндий дэх Ногоон усан хэмээх газар дахь хэдэн саахалт айлын баруун захын айл нь Үүрцайхынх. Эднийх гэр бүлийн мал аж ахуйн талбайтай 100 гаруй семинтар үхэр маллан тансаг амьдралаа цогцлоож байна. Аав ээжийн босгосон амьдралын суурь нь өнөр өтгөн байсан гэхэд том охин Үүрцайх түүний нөхөр ажилсаг хөдөлмөрч, цэцэн сэргэлэн гэдэг нь илхэн. Тэд их сургууль дүүргэсэн залуус. Тодруулбал, сургуулиа дүүргээд Үүрцайх Билгүүдэй сууринд цэцэрлэгийн багшаар түр ажиллаж байгаад нэг жилийн дараа энэ ажлаа орхин аав ээждээ тус дэм болж эхэлсэн бол өнгөрсөн жил нөхөр нь ч Билгүүдэй суурин дахь албан ажлаа орхин гэргийтэйгээ Ногоон усандаа буцаж малчин амьдралаа эхлүүлжээ.

   Хоёр дахь хүүхдээ тун удахгүй өлгийдөн авахаар бэлтгэж яваа Үүрцайхад өрөөлийнх шиг ажил үйлс нь амжилт бүтэлгүй үе байх ч үеийнхэн дундаа оройлж яваа нэгэн. Амгалан багийн эмэгтэйчүүдийн ажлыг хариуцаж яваа тэрээр өнгөрсөн жил цар тахлаас урьдчилан сэргийлэх, цар тахлын эсрэг тэмцэх гол талбарт гавшгайлан ажиллаж Хятадын Коммунист Намд элссэн нь түүний нэг том амжилт дэвшил юм. Тэрээр мөн нутгийн олондоо нүүр будалтын сургалтын ажлыг хэд хэдэн удаа зохион байгуулсан ба нутгийн олон түмэн ялангуяа залуус, эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан хошуу, сумын дууны уралдаан, монгол хувцас загварын уралдаан тэмцээнд оролцон чамгүй амжилт гаргасан төдийгүй хөдөө орон нутагтаа шинэ цаг үеийн шинэ уур амьсгалыг авчирсан байна. Тиймээс нутгийн олон Үүрцайхыг:

- Манай багийн Үүрцайх нас бага цус шингэн ч бидэндээ багш. Шинэ цаг үеийн шинэ сайхныг танилцуулдаг. Нүүр будалт гэдгийг өмнө нь бид зөвхөн оо энгэсэг дүүргээд уруул амаа будах төдий үздэг байсан бол өдгөө тусгай сургалтаар дамжуулан ёстой урлаг болохыг нь ойлгосон гэж ярилцаж байсан тухай бидэнд замчилсан Наранбулаг сумын ажилтан хуучиллаа.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголд их сургуулиа төгссөн 1980-аад онд төрсөн, 1990-ээд онд төрсөн залуусын хөдөө орон нутагтаа буцаж амьдралаа босгох болсон нь өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Зөвхөн Авга хошууны Амгалан багаар жишээлэхэд 58 өрх хөдөө орон нутагтаа байнга амьдардаг. Үүний дотор 10 гаруй айлын хүүхэд их сургуулиа дүүргээд нутаг буцан ирсэн байдаг. Их сургуулиа дүүргээд хөдөө орон нутагтаа буцаж айл өрх болж, амьдрал үйлсээ босгож яваа хэдэн найзыгаа Үүрцайх танилцуулсан юм.

Үүрцайх өөрийн сонголтдоо огт харамсаж байгаагүй гэдгээ хэлж байлаа. Аав ээж нь ч охиныхоо сонголтыг маш их дэмждэг. Үүрцайхын ээж:

- Бид үр хүүхдийнхээ биеийг нь төрүүлж эрүүл саруул өсгөж хүн болговол болох нь тэр. Харин хотод амьдрах уу, хөдөө дамьдрах уу гэдэг нь өөрийнх нь сонголт юм. Охин минь сургуулиа үүргээд хөдөө буцаж ирж амьдарна гэхэд бид ч баяртай хүлээн авсан гэж хэллээ.

- Ногоон усандаа байхаар сэтгэл минь их тайван болдог

- Нутгийн минь сайхан байгаль сэтгэлийг минь гижигдэж байдаг

- Хөдөө орон нутагт хөгжил бадралын орон зай өргөн дэлгэр бий

- Аав ээж минь энэ сайхан нутагт ийм сайхан амьдрал өрнөж байхад бид бас чадна

- Малчин удмын сайн сайхныг уламжлахын төлөө, өөрийн үр хүүхэддээ уламжлан залгамжлахыг хүсэж байна...

      Үүрцайхын хөдөө буцах болсон сонголтыг асуухад бидний анхаарлыг хамгийн ихээр татсан нь:

- Оюутан болсон маань заавал хот сууринд амьдарна гэсэн үг биш юм. Өдгөө хөдөө орон нутагт залуус өдөр ирэх тусам цөөрч байна. Шинэ цаг үеийн залуус бид шинэ зууны малчин болж, Хятадын хөдөө орон нутгаа сэргээн мандуулах төслийн хүрээнд нутаг усаа хөгжүүлэх нь үүрэг бидний мөрөн дээр байна гэсэн хариулт байлаа.

Ардын үгэнд “Эмэгтэй хүн үс урт, ухаан богино” гэж хэлдэг ч энэ хэллэг Үүрцайхын хувьд утгаа алдсан байна. Тэрээр малчдын соёл урлагийн амьдралыг баялаг болгох тал дээр анхаарч олон сайхан бодит ажил хийхээр төлөвлөж байгаагаа дэлгэж байсан юм.

Залуу хүний замын хүзүү урт. Үүрцайхад үйлсийн их амжилтыг ерөөж, сүү өргөе!

 

 

Зохиогч: Нийтлэл: Ш.ЦОГЗОЛМАА, Т. БУЯНХИШИГ
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : С М Т
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл