Сайн булгийнхаа торгон дэнж дээр сайхан амьдралаа босгож, байгаль орчноо хамгаалан, адуу малаа маллаж, нутаг усандаа үлгэр дууриал болж яваа Шулуун Хөвөөт цагаан хошууны Улаанцав сумын Сайнбулаг багийн малчин өрх Эрдэнэчулууныг сурвалжилж билээ.
Эрдэнэчулуу элсэрхэг нутаг бэлчээрээ засан сэргээхэд ухаан хөдөлмөрөө зарцуулж, анх 2002 онд өөрийн хувьчилсан 67 га нутаг бэлчээрийн хүнд ноцтой элсэрхэг 27 га нутаг бэлчээрээ торлон битүүмжилж хүрээлээд байгалийн аяндаа сэргээхэд нөхцөл бүрэлдүүлэн өгч, өвлийн цагт хонины хоргол, аргал, өвсний богийг нүцгэн манханд оруулж, ганд тэсвэртэй цагаан шаваг, шар бургас, бор бургас нэмж тарин, хажуу хоорондох зай завсарт азарган бургас хадаж авчран сүлжилдүүлэн хаяалж, хийсэж ирсэн олон төрлийн өвсний үрийг тогтворжуулан ургуулж ирснээр өнөөдөр болоход ардаг манх хамгаалагдан амилж өвс бургасаар өвч хучигдсан амжилтад хүрчээ.
“Өвстэй бол малтай, малтай бол амьдралтай” гэдгээр хувьчлан авсан бэлчээрээ шинжлэх ухаанчаар төлөвлөж байгаль орчноо сайжруулж, бод бог малаа 200-д тогтворжуулан, бэлчээрийн хүндрэлийг хөнгөрүүлж, эх малын харьцааг 95 хувьд хүргэн, хургаа шүдлэн хүргэж худалдан ашиг орлогоо нэмэгдүүлж байна.
Эрдэнчулууны явцуу гандмал нутаг бэлчээртээ мал сүргээ зохицуулан маллаж, мал маллах арга туршлагаа хуримтлуулан, амьдралаа өөдлүүлэх ур ухаан, мал сүргээ нямбай арчлан, хижиг өвчнөөс сэргийлэх угаалгыг цаг тухайд гүйцэтгэдгээр хорогдол цөөн, төлийн бойжилтыг 100 хувьд баталж, жилдээ 40 тугал, 60 цахар хурга тосч байна.
Ухаан хүчээрээ амьдралаа өөд татаж яваа энэ айл одоо жилийн дундаж орлого 130 мянган юаньд хүрч, цэвэр тохилог байшин, гадна дотно үйлдвэрлэл амьдралд хэрэгцээтэй орчин үеийн сайхан эдлэл хэрэгсэл, машин төхөөрөмж жигдэрчээ. Эрдэнчулуу эхнэрийн хамт хошуу сумныхаа “шилдэг малчин”, “3.8” улаан тугч, “Од зэрэглэлтэй соёлч чинээлэг өрх”-ийн яруу алдар хүртэж, цаг үетэй зэрэгцэн чинээлэг дардан харгуйгаар одтой цогтой гялалзуулж явна.
