solongonews
Дэлхийн хамгийн том номын үзэсгэлэн оффлайн хэлбэрээ сэргээжээ
2021-10-22 08:48
Дэлхийн хамгийн том номын үзэсгэлэн оффлайн хэлбэрээ сэргээжээ

   Орон нутгийн цагаар 10-р сарын 20-нд Германы Франкфуртын 73 дахь номын үзэсгэлэн онлайн болон оффлайн хэлбэрээр уншигчидтай албан ёсоор золголоо. 2020 онд цар тахлын улмаас дэлхийн хэвлэлийн салбарын хамгийн том үзэсгэлэн дижитал хэлбэрт шилжсэн бол энэ онд хэдийгээр оффлайн хэлбэрээ сэргээсэн ч халдвар хамгаалалтын улмаас цар хүрээ гуравны хоёр орчим хувиар хумигдсан юм. 

   Дэлхийн утга зохиол, хэвлэлийнхний томоохон үйл ажиллагааны хувьд 73 дахь удаагийн Франкфуртын номын үзэсгэлэнд 80 улс орон, бүс нутгийн нийт 2000 хэвлэлийн газар, аж ахуйн нэгж оролцсон бөгөөд 300 гаруй зохиолч шилдэг бүтээлүүдээ танилцуулжээ.

Франкфуртын номын үзэсгэлэнгийн дэд захирал Клаудиа Кайзер сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, дэлхий нийт цар тахлын бараан сүүдрээс бүрмөсөн салаагүй болохоор хүмүүс газар дээр нь ирж номын үзэсгэлэнтэй танилцах боломжгүй. Гэвч 2022 онд Хятад зэрэг чухал түншүүд маань эрч хүчтэй буцаж ирнэ гэдэгт найдаж байна гэжээ. Тэрээр:

      "Энэ оны номын үзэсгэлэн нь "Дахин холбогдъё" сэдэвтэй, даруй хүмүүс номын үзэсгэлэнд дахин зочлох боломжтой гэсэн үг. Мөн Франкфурт хотод сэргээн явагдуулсан анхны томоохон арга хэмжээ юм. Үзэсгэлэнд 80 улс орон, бүс нутгаас 2000 гаруй оролцогч хүрэлцэн ирсэнд бид маш баяртай байна. үүнд Хятадын ном хэвлэл байгаа.  Хэдийгээр Хятадын ном хэвлэлийнхэн шууд ирж оролцоогүй ч ирэх жил бүх юм сайхан болж, Хятадын ном хэвлэлийнхэн биечлэн ирж оролцохыг бид хүсэж байна.”

Олон улсад нэр хүндтэй хэвлэн нийтлэгч Ричард Чакин жилд нэг удаа зохиогддог Франкфуртын номын үзэсгэлэнд дараалан 48 жил оролцож байна. Тэрээр Олон улсын нийтлэгчдийн холбооны даргаар ажиллаж байсан бөгөөд "Хятадын ном хэвлэлийн салбарт онцгой хувь нэмэр оруулагч" шагналыг хүртэж байсан юм. Өмнө нь жил болгоны үзэсгэлэнгийн үеэр тэрээр  Хятадын павильонтой танилцдаг байжээ.

    "Номын үзэсгэлэнгийн оффлайн хэлбэрийг сэргээсэн нь сайн явдал. Үүний төлөө зүтгэсэн холбогдох зохион байгуулагч, ивээн тэтгэгч байгууллагуудад чин сэтгэлээсээ талархаж байна. Франкфуртын номын үзэсгэлэн дахин гэрэл гялбаагаа цацруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ онд оффлайн хэлбэрээ сэргээж байгаа нь эл үзэсгэлэн хир их чухал болох тухай чангахан дохиог уламжиллаа.”

Цар тахал дэгдэхээс өмнө буюу 2019 оны Франкфуртын номын үзэсгэлэнд нийт 300 мянга гаруй хүн оролцсон байдаг. Энэ оны үзэсгэлэн нь "вакцинд хамрагдсан, эдгэрсэн, шинжилгээ өгсөн" гэх халдвараас урьдчилан сэргийлэх тогтоол, шаардлагыг  хэрэгжүүлснээс гадна, өдөр бүр зөвхөн 25 мянга орчим хүн үзэсгэлэнд нэвтрэхийг зөвшөөрч, хүн болгон амны хаалт зүүхийг шаарджээ. Гэсэн хэдий ч дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зохиолч, номын хорхойтнууд оффлайн үзэсгэлэнд хэсэгчилсэн хэлбэрээр танилцах боломжтой болсондоо сэтгэл өндөр байлаа.

Беларусиас ирсэн зохиолч хэлэхдээ:  " Энэ жилийн үзэсгэлэнг оффлайн хэлбэрээр зохион байгуулсан нь хэвийн амьдрал руу хийсэн том алхам гэж хэлж болно. Хүмүүс бүгд өөдрөг сэтгэлтэй байгаа нь надад сайхан санагдлаа. Цар тахлын дараа амьдрал аажмаар хэвийн байдалдаа орох хүсэл эрмэлзлийг хүмүүст харууллаа." \Ренчинсоо\

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл