solongonews
Д.Алтанхуяг: Тав хүртэл жил байр түрээслэх боломжтой
2016-03-03 18:07
Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлуудын нэг нь яах аргагүй “Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөр. Дээрх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн сургаар ТОСК /Төрийн орон сууц корпораци/-ийн гадаа хөл үймээн ихтэй байгаа бөгөөд хөтөлбөрийн бүртгэл эхлээгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ хөтөлбөр хэзээ хэрэгжиж эхлэх талаар болон бусад асуудлуудаар “Төрийн орон сууцны корпораци” /ТОСК/ ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Д.Алтанхуягтай ярилцлаа.

- Түрээсийн байр хүлээсэн хүлээлт их байна. Иргэд уравдугаар сарын 1-нээс эхлээд бүртгэл эхлэнэ гэж ойлгосон. Гэтэл одоо яагаад бүртгэл эхлэхгүй байна вэ? Эндээс яриагаа эхлэх үү?

- Бид ерөнхийд нь энэ хөтөлбөрийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх боломжтой юм гэсэн саналаа илэрхийлж байсан. Үүнтэй холбоотой иргэдийг түрээсийн орон сууцанд хамрагдуулах Барилга, хот байгуулалтын яамны журам өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд гарсан.

- Яамны тушаал саяхан гарчээ? Яагаад ийм хожуу гарсан юм бол?

- “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг зөвхөн Улаанбаатар хотод биш улсын хэмжээнд хэрэгжүүлэх байгаа учир бүх орон нутгийн удирдлагуудаас түрээсийн орон сууцыг хэгэжүүлэхтэй холбоотой саналыг авч нэгтгэж байж энэ журмыг гаргаж буй гэсэн.

Бид энэ ерөнхий журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар дотоодын журмаа боловсруулж байна. Боловсруулсан журмаа холбогдох газар, удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлэн батлаад нийтэд зарлана.

-Журам хэзээ батлагдах бол?

-Энэ долоо хоногт журмаа эцсийн байдлаар байх гэж бодож байна. Журам гарсны дараа энэ ажлыг зохион байгуулах газар хэлтэс алба байгуулах гэх мэт дотоод бүтцийн ажил байгаа. Түрээсийн орон сууцыг хэрхэн яаж ашиглах, бүртгэл хэрхэн хийх гэх чиглэлээр хариуцан ажиллах ажилчддаа тодорхой хэмжээний сургалт явуулна. Тэгэхээр цаг хугацааны хувьд гуравдугаар сарын 10-наас хойш бүртгэл эхлэх байх. Мэдээж бид аль болох богино хугацаанд энэ ажлуудыг амжуулахыг хичээж байна.

   -Дотооддоо нэгж зохион байгуулна гэсэн үг үү?Эсвэл шинэ ажилчид авах юм уу?

- Сайдын тушаалаар бол түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх хэлтэс албыг байгуулж ажиллана гээд заасан байгаа. ТОСК-ийн хувьд одоогийн дотоод бүтэцдээ бага зэрэг өөрчлөлт оруулна. Харин орон нутгийн хувьд анх хийж байгаа жил учраас шинээр зохион байгуулж, гэрээт гэрээт ажилчид авч сургах шаардлагатай. Жишээлбэл: Тухайн аймагт ажилладаг, бидний тавьсан шаардлагыг хангасан ажилтан сургаж ажиллуулах юм.

- “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг байр худалдан авах урьдчилгаа мөнгө хуримтлуулах боломжгүй иргэд рүү чиглэсэн арга хэмжээ гэж ойлгож байгаа. Тийм ч учраас иргэд их хүлээлттэй байна. Бүртгүүлэх гэсэн хүмүүс ч олон байгаа бололтой?

- Тийм ээ. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн үндсэн зорилго нь орон сууцанд орох урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж амжаагүй, орон сууцны зээл буюу ипотекийн зээлд хамрагдахад банкуудаас тавьж байгаа шаардлагыг хангаж чадаагүй тэр хүмүүс энэ байранд амьдарч байх хугацаандаа байр худалдан авах хуримтлалаа бий болгох юм.

- Тав хүртэл жил байр түрээсэлж болно гэж байгаа, тийм үү?

- Тийм. Тав хүртэлх жилийн хугацаанд байраа түрээслүүлнэ гэж журамлаж байгаа. Гэхдээ тухайн иргэнтэйгээ зөвшилцөн хоёр, гурван жил гэх мэт тухайн үедээ санал солилцон хугацааг тохирох боломжтой.

- 280 мянган төгрөгийн байр түрээсэллээ гэхэд тухайн хүн орлогоосоо илүүчлээд 500 мянга ч юм уу, 600 мянган төгрөг төлөөд явахад 30 хувиа хуримтлуулаад моргэйжийн зээлд хамрагдаж цаашилбал байраа эзэмшиж болох боломжтой гэж ойлгож байгаа?

-Түрээсийн байрны үндсэн хоёр хувилбар байгаа. Нэг нь түрээсийнхээ тухайн тогтсон төлбөрийг төлж амьдарч байгаад гараад, дараагийн иргэнд шилжүүлэх. Нөгөө нь тухайн байрандаа байж байгаад амьдарч байх хугацаандаа байрныхаа урьдчилгаа төлбөрийг олонгуутаа зээлэндээ хамрагдаад зээлээ аваад байраа өмчилж авах. Бид энэ удаад эхний хувилбарыг санал болгож, иргэдийг бүртгэнэ.

Яагаад гэвэл, одоо иргэний төлж байгаа тухайн сарынх нь төлбөр ТОСК-ийн орлогод орохгүй. Энэ нь ирээдүйн хөрөнгөтнийн санд хуримлагдах мөнгө юм. Энэ хөрөнгөөр орон сууцтай холбоотой дэд бүтцийг хийхүү гээд тэр сангийн өөрийнх нь журмын дагуу зарцуулагдах хөрөнгө.

- Тэгвэл нөгөө хувилбар нь хэзээ хэрэгжих вэ?

- Үүнийг бид судалж байгаа. Хэрэгжүүлэх боломжтой хувилбар мөн. Гэхдээ өнөөдөр яг бодит байдал дээр манай иргэдийн өрхийн орлогын хэмжээ сайнгүй байна. Өрхийн орлого дунджаар 820 мянгаас сая орчим байна гэж үзэж байгаа. Тухайн өрхийн орлогын 25 хувь буюу 280 мянга орчмыг нь түрээсэнд төлнө. Дээр нь тухайн орон сууцныхаа 30 хувийг бүрдүүлэхэд дээр нь 400-500 мянган төгрөг нэмэгдэх нь байна шүү дээ. Ингээд 700-800 мянган төгрөгийг нь авчихвал тэр өрх юугаараа амьдрах вэ? Жил болгон Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж орлогийн хэмжээг тогтоодог. Түрээсийн орон сууцны төлбөрийн хэмжээ энэхүү дундаж орлогийн 25 хувиас хэтэрч болохгүй гэж үзэж байгаа.

- Одоогийн байдлаар Буянт-Ухаа-II цогцолборт байр түрээсэлж болох нь тодорхой байгаа. Өөр хаана түрээсэлж болох вэ? Байршил тодорхой болсон уу?

- Монгол Улсын Засгийн газраас 2016 онд 1300 айлын түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэх тогтоол гарсан. Энэ 1300 айлын хөтөлбөрийн 929 ширхэг айлын орон сууцыг ТОСК-ийн барьж ашиглалтад оруулсан байрнаас авна гэсэн чиглэл гарсан. Үүнээс 350 айлын орон сууцыг Улаанбаатар хот, Буянт-Ухаа-II хороололд, үлдсэн 859-ийг нь орон нутагт барьсан орон сууцнаасаа түрээслүүлэх юм. Бид аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба зургаан аймгийн 70 байршилд орон сууцны барилга эхлүүлээд эхний таван аймагт ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөөд байгаа.

- Үлдсэнийг нь...?

- Хувийн хэвшлийн барилга орон сууцнаас хамруулах байх гэж бодож байна. Хэрхэн яаж хамруулахыг Барилга хот байгуулалтын яам, Засгийн газар шийднэ.

- Хувийн компаниуд байшингаа түрээсэнд өгөх сонирхол хэр их байна вэ?

- Хувийнхан бол худалдах сонирхолтой байгаа. Гэвч эдийн засгийн хүнд байгаа энэ үед орон сууцны борлуулалт уначихлаа. Хэдийгээр эрэлт байгаа ч гэсэн эрэлтээ даагаад авах санхүүгийн чадваргүйн улмаас худалдагдаагүй байр зөндөө байна.

- “Түрээсийн орон сууц”-нд зориулаад ТОСК нэг өрөө жижиг орон сууцуудыг худалдаж авч байна гэсэн үнэн үү?

- Үгүй. Энэ ташаа мэдээлэл байна. Манайх тийм ажиллагаа хийгээгүй.

- Байрны урьдчилгааг 10 хувь болгоно гэж яригдаад байгаа? Урьдчилгаа хэзээ 10 хувь болох вэ? Хүмүүс үүнийг бас их хүлээж байх шиг байна.

- Тийм ээ. Ийм хүлээлт байгаа. Угаасаа урьдчилгаа 30 хувийг төлөхөд ч иргэдэд хүндрэлтэй байгаа. Засгийн газар 20 хувийн хөнгөлөлтийн журмыг зарласан байдаг. Тиймээс 2015 оноос ийм хүлээлт үүсээд байгаа. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх эх үүсвэр нь одоо болтол шийдэгдээгүй байгаа.

- Журам нь батлагдаагүй байгаа зүйлийг улс төрийн хүрээнд зарлаад хүмүүст хүлээлт үүсгээд байна. Түрээсийн байрны бүртгэлийг ч гэсэн гуравдугаар сарын 1-нээс эхлэнэ хэмээн зарлачихсан байсан. Тиймээс маш их хүлээлт үүссэн. Үүнд хариулт өгнө үү...

- Улс төрчид иргэдээсээ нэмэх оноо авах гээд тооцоо судалгаа гүйцэт хийгдээгүй байхад иймэрхүү хөтөлбөр гаргаж ирээд иргэдэд чирэгдэл учруулаад байна уу гэж би харж байна. Тухайн үед БХБ-ын сайд байсан Д.Цогтбаатар сайд үүнийг боловсруулж ярьж байхад бид саналаа хэлж л байсан. Яг энэ 20 хувийг Засгийн газар ямар эх үүсвэрээр яаж даах вэ гэдгийг судлаад холбогдох байгууллага Монголбанк, Монголын санхүүгийн зохицуулах хороо зэрэг газруудтай тооцоо судалгаа хийсний дараа боломжтой гэж үзвэл хөтөлбөртөө оруулбал зүгээр юм биш үү гэдгийг хэлж байсан. Харамсалтай нь болно гээд л Засгийн газрын хуралдаанд саналаа тавиал гаргаад ирсэн. Одоо болтол хэрэгжээгүй л байна.

- Одоогийн сайд ч гэсэн урьдчилгааг 10 хувь болгоно гээд зарлачихсан шүү дээ?

- Засгийн газар хэрэгжүүлэх гээд байдаг. Үүнийг даах санхүүгийн чадвар нь одоогоор Монгол Улсад байхгүй байна гэж бодож байна.

- Таны энэ салбарт ажиллаж, ТОСК-ийг хариуцаж байгаагийн хувьд 10 хувийн журам хэзээ батлагдах байх гэж бодож байна вэ?

- Энэ журам бол хэрэгтэй зүйл мөн үү гэхээр мөн. Үүнийг хэрэгжүүлэх санхүүгийн байдлаа л зөв тооцож гаргах ёстой байсан. Бид саналаа яам болон Засгийн газарт хэд хэдэн удаа хүргүүлсэн байгаа. Яг үүн дээр нь тухайн орон сууцыг хэрэгжүүлж, гүйцэтгэсэн байгууллагад эрхийг нь олгочихвол өөрсдөө иргэдтэйгээ зохицоод 20 хувийг хөнгөлөн шийдэх боломж байгаа.

- ТОСК уу?

- Тийм. Яагаад гэхээр, бид өмнө нь төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 150 гаруй тэрбум төгрөгийн зээлийг иргэд рүү гаргасан. Энэ зээлийн эргэн төлөлт 98 хувь, ямар ч банкны гаргасан зээлээс манай гаргасан зээлийн эргэн төлөлт маш өндөр хувьтай байсан. Тэгэхээр иргэдтэй ямар нөхцөлөөр яах вэ гэдэг шийдэл манай корпорацийн хувьд байсан, байгаа. Хэрэв Засгийн газар холбогдох байгуулагууд бидэнд эрх олговол 20 хувь дээр нь эрэлттэйгээ тохироод , тухайн иргэдийн өрхийн орлогод нь хүндрэл учруулахгүй хэмжээний шийдлийг иргэдтэй хийгээд 20 хувь дээр банкнуудтай батлан даалт хийх боломжтой хувилбар бол байна.

- Түрээсийн орон сууцны хөтөлбөр дээр арилжааны банкуудтай хамтарч ажиллах уу?

- Энэ нь орон сууцны зээлтэй холбоогүй. Иргэдийн төлж байгаа төлбөр тусгай орох ёстой. Тэр мөнгийг бусад үйл ажиллагаанд зарцуулах эрх байхгүй гэсэн үг. Дээр би хэлсэн, энэ бол ирээдүйн санд хуримтлагдах мөнгө юм. Энэ хөрөнгөөр орон сууцтай холбоотой дэд бүтэц гэх мэт зүйлд зарцуулах юм.

- Бас өмнө олгосон найман хувийн зээлийг таван хувь руу шилжүүлнэ хэмээж байгаа. Энэ асуудал ТОСК-т хамааралтай юу, арилжааны банкууд дээр шийдэгдээд явах уу? өмнө нь зээл авсан хүмүүсийг шууд автоматаар таван хувьд шилжүүлнэ гэж ойлгоод хүлээж болох уу?

- Саяхан өмчлөлийн тухай хуулийн заалтан дээр өөрчлөлт орж байж найман хувийн зээл эргээд сэргэсэн. Үүний дагуу иргэн таван хувийн зээл авахын тулд тодорхой хэмжээний шалгууртай байх ёстой гэж би хувьдаа бодож байна.

- Ер нь найман хувийн зээл төлж байгаа хүмүүс таван хувьд шилжүүлэх боломж байгаа юу?

- Өмнө нь хуучин орон сууцны 18-20 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг найман хувьд шилжүүлсэн. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэх боломж мэдээж байгаа. Аливаа юманд гарц байж л таараа. Гэхдээ энэ бол манай шийдэх эрх хэмжээний асуудал биш.

- Баярлалаа. Таньд амжилт хүсье.

Эх сурвалж: WWW.INFOMONGOL.MN

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл