ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий Консулын мэндчилгээ
ӨМӨЗО байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг нийт Өвөр Монголын намын үе үеийн удирдлагууд, тэргүүлэгч, дэд тэргүүлэгч, Өөртөө Засах Орны газар, хэлтсийн дарга нарт болон Өөртөө Засах Орны нийт ард иргэд, хөдөлмөрчид, ажилчиддаа Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон Бээжинд суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны, мөн Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын нэрийн өмнөөс халуун баярын мэнд хүргэе. Сүүлийн үед ӨМӨЗО-ны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт маш сайжирч, дэлхийн жишигт хүрсэн томоохон хотуудын эгнээнд Хөххот, Бугат зэрэг хотууд хөгжил цэцэглэлтээрээ тэргүүлж байна. Үүнийг манай монголчууд ихэд сайшаан талархдаг. Хоёр орны харилцаанд боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, иргэдийн худалдаа үйлдвэрлэл гэх зэрэг олон талын хамтын ажиллагаанд хоёр орон энэ далан жилийн хугацаанд ихээхэн үүрэг рольтой оролцож явна. Энэ үүрэг оролцоо, мөн худалдаа бизнес зэрэг олон талын харилцаа цаашид улам өргөн дэлгэр тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн минь 70 жилийн ойн баяраараа сайхан баярлаарай.

“Танил дотно Өвөр Монгол” булангийн маань хүндэт зочин Монгол Улсаас ӨМӨЗО-нд суугаа Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ Солонго мэдээллийн төвийн удирдлага, хамт олонтой уулзаж нөхөрсөг ярилцлага өрнүүлсний зэрэгцээ цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал бодлоо солилцсон юм. Тэрээр манай нэвтрүүлэгт уригдсандаа баяртай буйгаа илэрхийлснийг уншигч олондоо уламжилъя.
- Та сайхан зусаж байна уу, ажлын тань сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхлүүлье?
- Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Өнгөрөгч 6, 7 дугаар саруудад ажлын ачаалал харьцангуй ихтэй байлаа. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгууль болсон. Энэ нь бас хоёр шатлалтай сонгууль боллоо. Ер нь Хятад улсын хэмжээнд Бээжин, Эрээн, Хайлаар, Онцгой эрхт бүсүүд болох Хонконг, Өвөр Монголын Хөххотод гээд тав, зургаан консулын газрууд байдаг. Өвөр Монголын Хөххотод хамгийн олон сонгогчтой нь буюу 500 гаруй сонгогч бүртгүүлсэн. Түрүүний сонгуулиар 400-аад сонгогчид, дараа нь дахин сонгууль болсонтой холбогдоод гадаадад байгаа иргэд дахиж саналаа өгсөн. Энэ дундаа ӨМӨЗО-нд байгаа сонгогчид харьцангуй олон санал өгсөн юм. Ер нь сүүлийн сонгуулиар зуу гаруй сонгогчид саналаа өглөө. Энэ ажлуудыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос өгсөн чиглэл зааврын дагуу манай Дипломат төлөөлөгчийн газар буюу Ерөнхий Консулын газар өөрсдөө гардан зохион байгуулсан. Түүнээс гадна, Монгол Улсад баяр наадам өргөн дэлгэр болдог. Үүнтэй холбоотой ӨМӨЗО-ноос баяр наадмыг зорьж очиж байгаа жуулчдын тоо ихэссэнтэй холбоотойгоор бид өнгөрсөн саруудад ажлын ачаалал харьцангуй ихтэй байлаа.
- Консулын газрын үйл ажиллагаа, ажил албыг тодорхой танилцуулна уу, иргэддээ хэрхэн хүрч ажилладаг вэ?
- Дэлхий дээр олон Дипломат төлөөлөгчийн газрууд, Элчин сайдын яамдууд харьяалагддаг. Тэр дундаа Дипломат төлөөлөгчийн газрууд нь өдөр тутмын үйл ажиллагаагаа голлон зохион байгуулж явуулдаг. Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын Консулын тухай дүрэм, Монгол Улсын Дипломат албаны тухай хууль, Олон улсын Венийн конвенц чиглэл болгож ажилладаг. Ерөнхийдөө хуулийн хүрээнд хоёр орны иргэд, иргэдийн хоорондох хоёр орны боловсрол, эрүүл мэнд, бизнес, соёл урлаг хуулийн олон талт арга хэмжээнд бид гүүр болж ажиллах үүрэгтэй байдаг. ӨМӨЗО-нд суугаа манай Ерөнхий Консулын газар бол дэлхий дээрх бусад төлөөлөгчдийн газрыг бодвол ажлын ачаалал харьцангуй ихтэй байдаг. Учир нь Монгол Улс БНХАУ-тай хил залгаж байгаа. Хятад улс өөрөө дэлхийн том гүрэн. Үүний үүд хаалга болж байгаа манай Монгол Улстай хил залгаж байгаа найман боомт ӨМӨЗО-нд харьяалагддаг. Боловсролын салбарт манай оюутнууд ӨМӨЗО-нд БНХАУ-ын тэтгэлгээр бакалавр, докторт суралцаж байна. Эрүүл мэндийн чиглэлээр хүртэл Ерөнхий Консулын газар буюу Дипломат төлөөлөгчийн газар маань ажлын ачаалал ихтэй байдаг.
- Монгол Улсаас иргэд Өвөр Монголд ирж ажиллаж, амьдрахаас гадна, бас Өвөр Монголчууд маань Монгол Улс руу албаны болон хувийн шугамаар цөөнгүй зорчдог, энэ тал дээр тоон мэдээлэл өгч болох уу. Гол нь аль салбарт, ямар чиглэлээр их зочилж байна, тэдэнд консулын газрын зүгээс чухам ямар дэмжлэг үзүүлдэг вэ?
- Монгол Улсын иргэд бол энд олон талт арга хэмжээгээр ажиллаж, амьдарч байна. Соёл урлагийн салбарт язгуур урлагийн болон бусад чиглэлээр багшилж байна. Наашаа ирэх иргэдийн урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбар сайн учраас энэ чиглэлээр ажилладаг. Их эмчлүүлж байна. Оюутнууд маань суралцаж байна. Үүнийг дагаад иргэдийн наашаа ирж амьдрах, суурьших урсгалын нэмэгдэц нь их байдаг. Монгол Улс руу явж байгаа Өвөр Монгол иргэдийн хувьд ялангуяа, зуны улиралд аялж зугаалахаар их явдаг. Нэг сард 5000, ер нь жилдээ 20000 хүн виз авч явж байгаа. Эрээн хотод тооны хувьд мөн адил. Ингээд Өөртөө Засах Орны хэмжээнд 40 гаруй мянган хятад болон өвөр монгол иргэд Ерөнхий Консулын Газраар /ЕКГ/ дамжуулж урилгаа аваад виз авч явж байгаа. Монгол Улсын Төрийн алба бол иргэддээ түргэн шуурхай үйлчлэх эрх зүйн зохицуулалттай. Тиймээс энэ зохицуулалтын хэмжээгээр бид хоёр орны иргэдэд аль болох түргэн шуурхай, хүлээлгэхгүй, хүндрэлгүйгээр үйлчилдэг. Ийм чиглэл барьж ажилладаг.
- Өвөр Монголд Монгол Улсаас бас цөөнгүй иргэд ажиллаж, амьдардаг. Тоог нь хэлж болох уу, ихэвчлэн хаана төвлөрч байна вэ. Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэг /ӨММИН/ Ерөнхий Консулын газартайгаа харилцан холбоотой ажилладаг байх. Үүнээс гадна, өөр ямар байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна вэ?
- Манай ӨММИН бол иргэддээ чиглэсэн олон талт арга хэмжээ, спорт, урлаг, хүүхдийн гар зургийн уралдаан гээд олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Энэ болгонд ЕКГ-аас шаардлагатай бодит дэмжлэгүүдийг үзүүлдэг. Мөн Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбоо гэж байдаг. Оюутны холбоо бол бас оюутнуудынхаа амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мод тарих, спорт уралдаан зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Тэд маань аль аль нь ЕКГ-тайгаа хамтран ажиллах саналууд тавьж бид сайхан хамтарч ажилладаг.

- Энэ оны тэн хагас нь ард үлдлээ. Үлдсэн хагас жилд хийж бүтээхээр төлөвлөсөн ажлаасаа сонирхуулах уу?
- Төлөвлөж байгаа ажлууд их байна. Энэ жил ӨМӨЗО-ны 70 жилийн ой тохиож байна. Бид 70 жилийн ойг угтаад бас монгол иргэддээ Өвөр Монголын талаар мэдээлэл маягтай лавлах ном гаргахаар ажиллаж байна. Монгол Улсаас суралцдаг мянга гаруй оюутнууд маань Хөххот, Тунляо, Бугат, Ордос гээд аймаг, хотуудад хуваагдаж сурдаг. ЕКГ газар бол иргэдийнхээ төлөө ажиллах үүрэгтэй газар. Иймээс тэр болгонтой очиж, тухайн тойрогт байгаа иргэдэд ямар асуудлууд, бэрхшээл байна тэр бүгдийг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх санал бодол юу байна гэдгийг нь сонсож, явж ажиллах бодолтой байгаа.
- Та Өвөр Монгол орны олон газруудаар очсон байх, тодруулбал ямар ямар газар орнуудаар зочилсон бэ, ялгаатай болон ололттой талууд нь ажиглагдсан байх?
- Ерөнхийдөө Хөххот бол өөрөө том хот. Таван сая орчим хүн амтай. Хөххотод байгаа иргэдийн асуудал бол харьцангуй ачаалал ихтэй байдаг. Энд одоо ял эдэлж байгаа манай гуч гаруй иргэд байна. Тэдний ар гэрийнхнийг ирэхээр нь очиж уулзуулах, оюутнуудад тулгарч байгаа эрүүл мэндийн асуудал зэрэг. Ер нь боомтуудаар явж байхад жишээ нь, иргэд бичиг баримтаа гээгдүүлэхэд ЕКГ буцах үнэмлэх олгож, Цагдаагийн газраас зөвшөөрөл авах зэрэг энэ бүгд дээр иргэдийнхээ гүүр болж ажилладаг. Энэ их ажлын хажуугаар боомтуудаар явлаа. Баяннуур аймаг, цаашлаад Ганц мод, Гашуун сухайт, Бугат хот, Дархан Муумянган хошуу, Ханги боомт, аялал жуулчлалын хот болох Ордост очлоо. Ордост бол монголоос Чингис хааны онгонд очиж мөргөх зэргээр зорчих нь их байдаг. Ер нь цаашдаа тойргийн аймгуудаар явж иргэддээ холбох гүүр болох ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна. Мөн Шилийнхотод очсон. Бичигт, Хатавч зэрэг боомтуудаар очсон. Өвөр Монгол орны газар нутгийн хэмжээ том. ЕКГ-ын хэмжээнд найман боомт харьяалагддаг учраас нэг жилийн хугацаанд Өөртөө Засах Орны гадаад харилцаа болон удирдлагуудтай уулзах, саяхан Элчин сайд ирээд явлаа гэх зэрэг олон ажлууд өрнөдөг учраас нэг мэдэхэд жил өнгөрсөн байна. Ажиллаж байх хугацаандаа аль болох цаг алдалгүйгээр Өвөр Монголын газар нутгуудаар явах төлөвлөгөөтэй байна.
- Энэ онд ӨМӨЗО-ны 70 жилийн ой тохиож байна. Ерөнхий Консул хүний хувьд таны нүдээр Өвөр Монголын өөрчлөлт шинэчлэлт чухам хэрхэн ажиглагдаж байна вэ?
- Өмнө нь бол би Эрээн, Бээжин гэх зэрэг хятадын хотуудаар ӨМӨЗО-ны ганц нэг аймгуудаар явж байсан. Сүүлийн үед буюу 1990 оноос хойш Өвөр Монголын хөгжил бол цэгцтэй, системтэйгээр маш сайхан хөгжиж байна. Хөххотод метро тавьж байна, Нисэх онгоцны буудал нь Олон улсын хэмжээний том буудал. Тэгэхэд цаашаа Олон улсын нисэх буудал нэмээд барьж байх жишээтэй. Аймгуудыг ерөнхийдөө олон улсын стандарт бүхий даацын хурдны замаар сайн холбосон байна. Шилийнгол руу, бусад нэгдсэн аймгууд руу зам бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд маш сайн хэрэгжиж байгаа юм байна лээ. Төмөр замууд нь ерөнхийдөө Монгол Улсын хилийн боомтуудад хүрчихсэн. Хотжилт болон төв суурин газруудын барилгын интерьер дизайн зэрэг бүх зүйл нь Европ, Америкийн хотуудаас дутахааргүй сайхан хөгжиж байна. Иргэдийн боловсролын асуудал дээр залуучуудын боловсрол, соёл их сайжирсан. Нэмж хэлэхэд эрүүл мэндийн асуудал харьцангуй сайн байна. Эмч нар нь хариуцлага өндөртэй, эмнэлгүүд нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн шинэчлэгдсэн. Ийм учраас Монгол Улсын иргэд наашаа ирж үйлчлүүлэх их сонирхолтой байдаг. Энэ мэтчилэн Өвөр Монголын хөгжил харьцангуй сайн байна. Үндэсний язгуур урлаг бол маш сайн хөгжиж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ч.Булаг гуай Монгол Улсын Төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор шагнууллаа. Гавьяат жүжигчин Баасан гуай, Баярбаатар аварга нар шагнагдсан гэх жишээгээр урлаг, соёл, бизнес гээд бүхий л тал дээр хөгжил үнэхээр сайн байна гэж үзэж байна.
- Магадгүй, миний асуугаагүй, таны ярья гэж бодсон зүйл байгаа байх?
- Манай ЕКГ бол хоёр орны худалдаа, эдийн засаг, боловсрол болон бусад бүхий л салбарт гүүр болж ажиллах үүрэгтэй. Хоёр орны иргэд маань шаардлагатай бол ажлын цагуудаар бидэнд хандаад ирэхэд чиглэл чиглэлээр асуусан асуултад бид бүхий л талаар нээлттэй байдаг. Ер нь дэлхий дээр дөч гаруй Дипломат төлөөлөгчийн газар бий. Хамгийн олон хүн ажилладаг, хамгийн олон иргэд байдаг Дипломат төлөөлөгчийн газруудын нэг нь яах аргагүй манайх. Цаашдаа бүхий л тал дээр хамтын ажиллагаа өргөжиж, өдрөөс өдөрт тэлж байгаа, бизнесийн салбарт гэхэд манай бараа бүтээгдэхүүн боомтуудаар импортод наашаа гарч ирж байна. Зөрүүлээд манай бараа эргэлт Эрээний болон бусад боомтуудаар ордог. Үүнийгээ дагаад ажлын ачаалал ч их. БНХАУ-ын Засгийн газраас тэтгэлгүүд их олгогдож байгаа. Энд Монгол Улсын иргэд, манай ЕКГ-ын зүгээс маш сэтгэл ханамжтай байдаг. Яагаад гэвэл монголын залуучууд орчин үед наанадаж англи, хятад хэлтэй болоё гэж зорилгоо тавьдаг. Тийм учраас энд ирж сурах оюутнуудын тоо нэмэгдсэн. Нэг жилд Өөртөө Засах Орны хэмжээнд бакалаварт нэг зуу гаруй оюутанд тэтгэлэг өгч байна. Байр нь үнэгүй. Энэ бүгдэд ЕКГ манай боловсролын салбарт анхаарал тавьж байгаа явдалд маш баяртай явдаг гэдгээ танай “Танил дотно Өвөр Монгол” нэвтрүүлгээр дамжуулан хэлье. Мөн ӨМӨЗО-ны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж үе үеийн намын дарга, тэргүүлэгчид, удирдлагуудад, газар хэлтсийн дарга болон хоёр орны иргэддээ Монгол Улсынхаа ЕКГ-ын өмнөөс баярлаж явдгаа илэрхийлье. Солонго мэдээллийн төв хоёр улсын хооронд болж байгаа бүхий л үйл явдлыг цаг алдалгүйгээр тухайн үед нь түргэн шуурхай мэдээлж, иргэдэд мэдээлэл өгдөгт баярлаж явдаг. Мөн манай ЕКГ-ын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хоёр улсын иргэдэд цаг тухайд нь мэдээлж байдагт тань танай Солонго мэдээллийн төвд, ялангуяа, Танил дотно Өвөр Монгол нэвтрүүлгээр дамжуулаад талархаж явдгаа уламжилъя. Баярлалаа
- Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань улам их амжилт хүсэе.




Э.ҮРЖИНХАНД
