Сургууль соёлын мөрийг хөөж эрдмийн өндөр оргилд мацсан залуу эрдэмтэд ихийг санан их хотыг зорин тэмүүлдэг нь зөндөө. Гэтэл Япон гүрэнд есөн жил суралцан доктор зэрэг хамгаалсан нэгэн залуу хөдөөнөө буцаад малчин болж хоршоо, компани байгуулан тэжээж үржүүлэх, боловсруулж борлуулах хэлхээг бүрэлдүүлэн нутаг усандаа мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга хэлбэрийг шинэчилж, өртөг нэмэгдүүлэх замыг нээн гийгүүлж явна. Хөдөө орон нутаг, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжил хувиралтад од болохоор энэ хүний үйлсийн аяныг сурвалжлахаар бид 10 дугаар сарын 14-ний өдөр Ар Хорчин хошууны Шуугин суурингийн Унага багийг зорьж билээ. Гэрийнхээ гадна маш их ногоон дарш хураан хадгалсан нэгэн айлын гадна хүрэхэд өргөн мөр, махлаг тэгшхэн биетэй нэгэн залуу биднийг угтан авсан нь малчин доктор Өлзийсүрэн байлаа.

Шуугин суурингийн Унага багийн халуун хөрсөнд өсөж төрсөн тэрээр 1999 онд Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Мөнгөн Гүйлгээний салбараас төгсөж, хошуундаа ажиллах боломжтой байсан ч мөнгө зоос олохын зэргээр эрдэм мэдлэгийг илүү сурч доктор зэрэг олох хүсэлтэй байснаас 2002 онд Японд суралцахаар явав. Тэр хэдийгээр эрдмийн оргил өөд өгсөж явсан ч өсөж төрсөн хөдөө нутагтаа нэгийг хийж, нэгийг бүтээж нутаг усаа хөгжүүлэх, уламжлалт мал аж ахуйн арга хэлбэрийг өөрчлөхөд хүчээ гаргана гэж бодож сэтгэсэн гэдэг бөгөөд юу хийх яаж хийх тухайгаа таваас арван жилийн төлөвлөгөө, цаашлан хэтийн төлөвлөгөө, нэг насны төлөвлөгөөгөө хийсэн ажээ. Тийнхүү суралцахын хажуугаар байнга нутаг буцаж судалгаа ажиглалт хийж байлаа. Тэрээр хөдөө нутгийнхаа мал аж ахуйн үйлдвэрлэлийн хоцрогдмол нөхцөл байдлыг хараад мөнгөн гүйлгээний мэргэжил дэндүү хийсвэр, мал аж ахуйн орны одоогийн байдлыг өөрчилж чадахгүй гэж бодоод магистраа төгссөний дараа докторт шалгуулж, аж ахуйн ухаанд суралцан мал аж ахуйн чиглэлээр судалж шинжилсэн байна.
Өлзийсүрэн доктор дипломоо бичихдээ Ар Хорчин хошуундаа олон удаа ирж судалгаа шинжилгээ хийжээ. 2011 онд ой шугуй болон мал аж ахуйн тариалах зэргийн нийлмэл аж ахуйг сүвэгчилсэн “Өвөр Монголын мал аж ахуйн тухай задлалт” гэх өгүүллээр доктор цол хамгаалсан ажээ. Японд хоёр жил ажилласны дараа сая гаруй юань хадгалсан тэрээр нутагтаа буцан ирж “Ар Хорчин хошууны Мэнд хонины тусгай хоршоо”-г үүсгэн байгуулжээ.
— Анх хэдэн төгрөгний санхүүжилтээр хийсэн бэ?
800 орчим мянган юань. Хожим нь нэмж хөрөнгө орууллаа.
— Хоршоонд хэдэн өрх байна вэ?
Багийн 6 малчин өрх хонь, хөрөнгө мөнгө, машин тоногоороо тус тус хувь орж, одоо 8 өрх болсон.
— Засгийн дэмжлэг?
Хоршоогоо анх байгуулахад 200-аад мянган юаниар санхүүжүүлсэн.
Хоршоо нь 2000 гаруй хоньтой юм байна. Өвс тэжээлийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд орлогоо нэмэгдүүлэхийн тулд 13 мянга гаруй метр квадрат эрдэнэ шишний хөх дарш тарьж байгаа ажээ. Мөн эрдэнэ шиш хадаж хураах гучаад машинтай болохоор ажлаа өөрсдөө хийж гүйцээдэг. Жил бүр малчдын тарьсан эрдэнэ шишний хөх даршийг худалдаж аваад хадгална. Өлзийсүрэн өнгөрсөн жил 10 мянган боодол хөх дарш хадаж хураагаад нийт 450 мянган юанийн орлого олсон байлаа. Гучаад суурь хадаж хамах машинаараа бас гадна газар явж бусдын хөх даршийг хадаж хураагаад орлого олдог байна. Одоог болоход 800-аад мянган юаниар эхэлсэн хоршоо нь нэгэнт 3 сая гаруй юанийн тогтмол хөрөнгөтэй томоохон хоршоо болж хөгжжээ.
Өлзийсүрэн 2014 онд мөн “Улаанхад хотын Доктор мал аж үйлдвэрлэлийн ХК”-иа байгуулсан бөгөөд 4 оюутан элсүүлэн, “Хоньчин” нэртэй хонины махны брэндийг санаачлан махаа бүтээгдэхүүн болгож борлуулах болжээ. Уг компани нь жил бүр 2000 гаруй хонь төхөөрч, бүтээгдэхүүнээ гуанз, дэлгүүр зэрэг 180 газарт зардаг бол энэ онд мах болон цагаан идээ зараад 80 гаруй сая юанийн орлого олоод байна.
Өлзийсүрэн өдгөө компанийн захирлаас гадна “багшийн алба”-тай болсон байна. Тэрээр хоршоо эрхэлсэн туршлага сургамжаа илүү олон хүнд уламжлахын тулд энэ жилийн эхээр “Үйлсийн жолоо” нэртэй вичат групп байгуулж 500 гаруй сурагчтай болоод түүний ажил тун их. Хүмүүсийн асуусан асуултад хариулт өгөхөөс гадна гадаадын тэргүүний мал аж ахуйн үйлдвэрлэлийн мэдээлэл, хоршоо эрхэлсэн туршлага сургамж, холбогдох төрийн бодлого хууль тогтоол, үйлс босгох тухай ярьж тайлбарлаж өгдөг. Энэ жилийн зунаас түүний хичээлийг сонссон ойр хавь, цаашлаад Шилийнгол зэрэг газрын малчид түүнтэй биечлэн ярилцаж солилцоо ололцоо хийхээр хайж ирдэг болжээ. Ийнхүү олон хүнд танигдсанаар Отгийн өмнөд хошуу, Эрээн хотод урилгаар мал аж ахуйн тухай хичээл тайлан хийснээр барахгүй 9 дүгээр сарын 20-ны үед Шиньжяны Бортал Монгол Үндэстний Өөртөө Засах жөүгийн үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн урилгаар уригдан очиж арваад өдөр хичээл оржээ. Өдгөө түүний хичээлийг сонссон малчдаас хориод хүн үйлс босгох замыг өлгөөд байна.
Шуугин суурины Цайдам багийн Мийрэн-Овоо дугуйлангийн малчин Нарантуяагийнх тариалангаар гол болгосон өрх. Нарантуяа Өлзийсүрэнгийн “Үйлсийн жолоо” группд орсны анхны жилийн 7 дугаар сараас хэдхэн га тариандаа түшиж байсан амьдралын арга хэлбэрээ өөрчилж, хэдэн улаан тарлан саалийн үнээ авч цагаан идээ хийж бизнесийн замыг өлгөсөн байна. Нарантуяагийн хийсэн цагаан идээг багийн малчид нь захиалан аваад хэрэгцээндээ хүрэхгүй болжээ. Ийнхүү Нарантуяа гантай тэнгэрийн царай харж амьдарч байсан бол энэ жилийн 8-9 сард л гэхэд 5000 гаруй юанийн орлого өвөртлөн магнай тэнийжээ. Нарантуяа Өлзийсүрэнтэй утсаар ярихдаа “тариа хураасны дараа дахин хэдэн улаан тарлан үнээ авах” санаагаа хэлсэн байна.
- Одоо Шуугин суурины хоршоо нийт 112 болсон, Өлзийсүрэнгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ арга маяг, үр ашгаас малчид хоршоог улам сайн танин мэдэж байна гэж Шуугин суурины намын хорооны ухуулах гишүүн Уул сурвалжлагчид ярьж байлаа. Өлзийсүрэн энэ жилийн сүүлээр “Үйлсийн жолоо” малчдын цуглаан хийж мал аж ахуйн иргэншлийн шинэ арга замын тухай мэдлэг, туршлага сургамжаа солилцох, уламжлан дамжуулах гэж төлөвлөж байгаа юм билээ.
