Манай өвөг дээдсүүдийн олон мянган жилийн өмнө зохиож бүтээсэн тоонот гэр нь дөрвөн цагийн эргэлтэд мал аж ахуй эрхлэн усны тунгалаг, өвсний соргогийг даган нүүдэллэж явахад тохиромжтой, дугараг хэлбэртэй хэрнээ дотроо талбай ихтэй, салхинд тогтвортой, агаарын солилцоо сайтай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, гэрийн хаалга нь заавал өмнө зүгт хандсан байдаг.
Геометрийн харьцааг амьдрал дээр нээсэн малчин ардууд гэрийн голыг тооны төв, унины уртыг тооны радиус, баганын өндрийг хаалганы өндөрт харьцуулсан харьцаагаар гэрийн хэв хэлбэрийг зохиохдоо малаа бэлчээх, хотлуулах зэрэгт гэрийнхээ тооноор туссан нарны тусгалаар цагаа баримжаалдаг заншил нь он цагийн нугачаанд тасран алга болсонгүй.
Урагш нь харуулан барьсан дөрвөн ханатай, тотго дээрээ дөрвөн уньтай, нийт жаран уньтай гэрийн унины хоорондох зай нь зургаан хэмийн өнцөгтэй байдаг нь цагийн хуваарьтай яг тохирдог. Гэрийн ханын толгой, унь, тоонын хүрээнд гарсан нүх бүрийг жаран жилийн нэрээр нэрлэж, гэрээ дөрвөн зүг, найман зовхисоор тэнцүү хэсэгт хуваан хулгана, үхэр, бар, туулай гэх мэтчилэн арван хоёр цагаар тэмдэглэдэг. Гэрийн тавилга нь арван хоёр жилийн байдлаар байрладаг. Гэрийн хоймор буюу хулгана зүгт шүтээнээ байрлуулдаг. Түүнээсээ зүүнтэй нь даллагын сав нь байдаг. Учир нь үхэр зүгт идээ саалийн хэрэгсэл байдагтай холбоотой.
Түүний дараа бар зүгт буюу зүүн хоймортоо гэрийн эзэн нь суудаг. Гэрийн эзний доор туулай зүгт аядуу тайван номхон дөлгөөхөн хүмүүсийг төлөөлж айлын эхнэр сууна. Зүүн урд талын луу, могой зүгт айлын тавиур эргэнэг байдаг нь тэнгэр газрын шим бүрдсэн идээний дээжийг төлөөлж байгаа аж. Айлын үүдэнд уяа байдаг, үүнийг цэрх (цэрвэ) гэж нэрлэдэг. Энэ уяан дээр гэрийн эзний морийг уядаг. Түүнээс баруун хойш хонин зүгт хурга хөгнөдөг. Баруун хоймор бичин зүгт зочин суудаг. Түүнээс дээш тахиа зүгт айлын бараа нь байх бөгөөд тэнд нохойгоо уядаг. Үүний дараа гахай зүгт айлын хураасан ааруул, ээзгий, гурил будаа зэрэг нь байна. Гахай бол хураах дуртай амьтан хэмээн гахай зүгийг идээний нөөц хураах чиг болжээ. Монгол гэрийн тавилга нь арван хоёр жилийн дагуу гэрийн доторх хөдөлгөөн нь түүний дагуу зохицож байдаг.
Долоо хоногийн өнгийг монголчууд нэн эрт дээр үед зохиожээ. Хөдөөгийн айлууд олон зууны туршид даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба, ням гэсэн төвд нэрийг ч биш, мөн санскрит нэрийг ч биш, өөрийн гэсэн монгол нэрийг хэрэглэж байв.
Долоо хоногийн монгол нэр юу вэ? Саран (сар), улаан нүдэн (гал), үлэмж (ус), гадас (мод), цолмон (төмөр), хишиг (шороо), наран (нар) гэж тоолдог байжээ. Монголчууд үүнийгээ хоёр чиглэлээр уламжлуулсны нэг дэх нь ардын уламжлал бөгөөд хоёр дахь нь өвөг дээдсийн үсэг бичиг ном зохиол юм. Манай өвөг дээдэс бусдаас үсэг бичиг зээлээгүй, ном бичих хэвлэх аргыг ч зээлээгүй. Өөрсдөө үсэг бичиг, номоо санаачлан өөрийн гэсэн арга ухаанаараа байгалийнхаа бэлэн баялгийг ашиглан бүтээж байсныг түүхэн дэх хөдөлшгүй баримтууд нотолсоор байна.
2000-аад жилийн тэртээ байсан Монголын анхны төрт хүмүүн улс өөрийн гэсэн үсгийн цагаан толгой, үсэг бичигтэй байв. Монголчуудын өвөг дээдэс Киданчууд “Ганжуур”-ын бүх ботиудыг бүрэн хэвлээд Солонгосын хаанд бэлэглэж байв. Монголчуудын анхны хэвлэсэн номоос хойш 414 жилийн дараа Европт, 533 жилийн дараа Орос улсад анхны ном хэвлэгджээ. Монгол Улсын төв номын санд ховор монгол номууд байгаагийн дотор алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин, лаван, ган, зэс зэрэг есөн эрдэнээр урласан “Бум” зэрэг номууд бий. 1914 онд 12 хуудас цаасанд багтаан бичсэн хамгийн жижиг “Ногоон дарь эхийн тууж”, “Сандуйн жүд”, эрдэмтэд 5000 жилийн өмнө туурвисан гэх чулуут галын хөндийгөөс олдсон чулуун дээрх эрхсийн зураг, монгол дахь археологийн малтмалаар олдсон 12 зууны үед хамаарагдах одон орны зургууд бий.
Монголчууд эрт дээр үеэс эхлэн тэнгэр огторгуй, орчлон ертөнц, нар, сар, од мичид болон түүхтэй холбоотой элдэв үзэгдлийг танин мэдэж судлахад өргөн уудам нутаг дэвсгэр, нарлаг өдөр олон байдаг нь нөлөөлжээ. Монголчууд нар сар, од гарагийн үзэгдлийн зүй тогтлын талаар хуримтлуулсан туршлагаа орон сууцандаа тусгажээ. 570-600 сая жилийн өмнө дэлхий нэг жил 412-424 өдөртэй байсан бөгөөд 385 өдөр гэхчлэн хоногийн тоо цөөрч, одоогийн 365-366 өдөр хүрчээ. Дэлхийн тэнхлэгийн нэг эргэх хугацаа 100 мянган жилд 2 секундээр нэмэгдэж байгаа учраас хоногийн үргэлжлэх хугацаа их болж харин жилд ногдох хоногийн тоо цөөрч байдгийг одоо судлаачид нотолжээ. Эрт галавын ургамлын үлдэгдэл дээр хийсэн судалгаа, олон арван үе дамжигдсан судалгаа, физикийн шинжилгээний үр дүн ийм дүгнэлтэд хүргэжээ. Дэлхийн улс бүхэн цаг хугацааг олон янзаар ялгаатай тоолсоор байв. Монголчууд аргын улирал, билгийн улирал гэж хоёр ялгаатай тооллыг хэрэглэдэг.
Нэн эртнээс үүдэлтэй манай монголчуудын язгуурын он тоолол юу байв? Манай он тооллын өмнөх 2-3 зууны үед амьдарч байсан хүннүчүүд тэнгэрийн зурхайг хөгжүүлж, одон гарагийн явдлыг урьдчилан боддог байсан тухай түүх бичигт тэмдэглэгдсэн байдаг. Монголчууд хуанлийнхаа үүсвэрийг нар сарны явдалтай тохируулан зохиосноор 19 жилд 12 сартай, 60 жил нь 12 удаа, 13 сартай урт жил 7 удаа байхаар тогтоожээ. Жарны тооллыг 1027 оны улаагчин туулай жилээр монголчууд эхэлсэн бөгөөд цаг хугацааг маш нарийн тооцдогоороо монголчууд гайхалтай мэргэн аж.
