
Эгэл жирийн атлаа сайн үйлсийн төлөө нэг сэтгэлээр зүтгэсээр ирсэн Өвөр Монгол бүсгүй Алтантунгалаг одоогоос 4 жилийн өмнө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Тэнгэрлэг аян” ТББ байгуулж, сайн үйлс, сайн дурын хүмүүнлэгийн аян, байгаль орчноо хамгаалах, хүүхдийн эрхийг дээдлэх зорилготойгоор ажилласаар өнөөг хүрсэн.

Сайны мөртэй үйл бүхэн өргөжин тэлэхийн учиртай аж. Өчигдөр буюу долоолдугаар сарын 02-ны өдөр “Тэнгэрлэг аян” сайн үйлсийн байгууллагын салбар Хөххотод нээгдэж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Тус салбар нь Хөххотын хэмжээнд эмзэг бүлгийнхэнд бодит халамж үйлчилгээ үзүүлэн, сайн үйлс, сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулахаар зорилго тавин ажиллах юм байна. Монгол Улсад ажиллаж амьдарч буй “Тэнгэрлэг аян” ТББ-ын тэргүүн Алтантунгалаг Хөххот дахь салбарын нээлтэд хүрэлцэн ирж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсний тунхагласан бөгөөд салбарын бүрэлдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ өөрийн сайн үйлсийн төлөө харамгүй зүтгэх зоригоо илэрхийлсэн байна.

“Тэнгэрлэг аян” ТББ-ын тэргүүн Алтантунгалаг хэлэхдээ: - Хайр бол өгөхийн нэр юм. Миний бие ашгийн төлөө энэ ажлыг хийгээгүй. Хайр халамжаар дутаж яваа нэгнээ түшиж тулж явахыг л зорьсон. Ганц би энэ бүхнийг хийж байгаа биш, маш олон халуун сэтгэлтэй хүн надтай хамт байгаа юм шүү. Энэ л сайхан сэтгэлийн хариу сайн үйлсийн аян маань үргэлжилсээр өнөөдөр Хөххотод ирж байна гэжээ.
Тус ТББ-ын хувьд гаднын санхүүжилт гэж бараг байдаггүй. Гишүүд өөрсдийнхөө хөрөнгөөрөө байгууллагаа үүсгэн байгуулсан. Одоохондоо бол өөрсдийн хөрөнгө мөнгөнөөс гадна бусад хүмүүсийн нэмэр хандиваар хүмүүст тусалж байна. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандивын эд зүйл тасралтгүй ирдгээр тэр бүхнийг хүргэх ёстой газар нь хүргэж байгаа аж.










/ Бэлтгэсэн: М.БАНДИ /
