БНХАУ-ын “Yutu-2” нэртэй сар судлах төхөөрөмж Сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр шинжлэх ухааны судалгаа хийж, 447.68 метр аялсныг Хятадын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээллээ.
Тус байгууллагын мэдээлснээр “Chang'e-4”, “Yutu-2” 17 дахь өдрийн судалгаагаа дуусгаж, унтлагын горимдоо шилжжээ. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг. Шөнийн цагаар Нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг байна.
Анх гурван сарын хугацаанд ажиллуулах зорилготойгоор бүтээсэн “Yutu-2” үүнээс урт хугацаагаар ажилласнаар Саран дээр хамгийн удаан ажилласан төхөөрөмж болжээ. 2018 оны 12 дугаар сарын 08-нд хөөргөсөн “Chang'e-4” Сарны ар талын “Von Karman” тогоонд 2019 оны нэгдүгээр сарын 03-нд газардсан юм.
“Yutu-2” Сарны ар талын гадаргуу доорх нууцыг илрүүлж, Сарны талаарх хүн төрөлхтний мэдлэгийг зузаатгахад хувь нэмрээ оруулах юм. Мөн БНХАУ Ангараг гаргийг судлах анхны төхөөрөмжөө энэ онд хөөргөхөөр төлөвлөж байгаа юм байна.
