Хятад улсын Өвөр Монголын Ганцмод боомт нь “Мөнгөн Ганцмод” Хятад, Монгол олон улсын наадмаа 01-р сарын 19, 20-ы өдрүүдэд зохион байгуулсан байна. Үндэстний шилдэг соёлыг уламжлан дэлгэрүүлж, орон нутгийн онцлог бүхий соёлын брэндийг бий болгох, Ганцмод суурингийн соёлын солилцоог гүнзгийрүүлэн хөгжүүлж, Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, соёл, арилжааны солилцоог ахиулахад гол зорилго нь оршиж байгаа аж.
Ганцмод боомт нь Монгол Улсын Гашуунсухайт боомттой нүүрлэж, 1992 оны 06-р сард улсын нэгдүгээр зэрэглэлийн улирлын чанартай боомтоор батлан зөвшөөрөгдөв. 2009 оны 08-р сард байнгын нээлттэй боомт болсон юм. Боомт нээгдсэнээс хойш боомтын арилжааны хөгжлийг дагаад Хятад, Монгол хоёр улсын эдийн засгийн солилцоо, хамтын ажиллагаа өргөжиж, Өвөр Монголын умардад нээлттэй чухал газрын нэг, Европ-Азийн эх хуурайг холбосон чухал холбоосын нэг болсон байна.
Хоёр өдөр зохион байгуулагдсан наадамд Монгол Улсаас гадна Хөлөнбуйр, Улаанхад, Шилийнгол зэрэг Өвөр Монголын өнцөг булангаас хүрэлцэн ирсэн хүчит 128 бөх зодоглолоо. Бөхийн барилдаанд Монгол Улсын Улсын арслан Бүрэнтөгс тэргүүлж, Монгол Улсын бөх Баярбаатар, Даш, Өвөр Монголын Шилийнгол аймгийн Арслан Батжаргал нар шөвгийн дөрөвт тунан үлджээ. 15 километрийн холын зайн морин уралдаанд Шилийнгол аймгийн Баруун Үзэмчиний Шилдэгийн халтар морь хурдлан, 15 километрийн тэмээний уралдаанд Урадын хойд хошууны Соёлтын орог шар тэргүүлж, үзэгч түмнээ уухайлууллаа.
Наадамд мөн олон улсын шатар, мотоциклын уралдаан, 1000 хүний марафон гүйлтийн уралдаан, ганган буур шалгаруулах тэмцээн, тэмээн поло, шагайн тэмцээн, буйл зорох, дээс томох зэрэг гурван том төрлийн хорь гаруй уралдааныг зохион явуулж, мөнгөн өвлийг монгол соёлоороо чимсэн байна. Үүнээс гадна Хятад, Монгол хоёр улсын уран бүтээлчид ая дуугаа өргөн барьж, наадамд хөг нэмлээ.
“Мөнгөн Ганцмод” Хятад, Монгол олон улсын наадам нь Хятад, Монгол хоёр улсын арилжаа худалдаа, соёл, аялал жуулчлалын хүрээн дэх хамтын ажиллагааг ахиулах, олон олон хүнд Урад соёлыг ойлгуулах, умард хилийн экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.
