solongonews
Гайхамшиг үргэлжилсээр
2020-07-27 10:53
Гайхамшиг үргэлжилсээр.

         Эх байгаль Янь Чэн хотыг сонгосон.

    Хятадын газрын зургаас харахад Шар тэнгисийн эрэгт байрладаг бараг л зурвас хэлбэртэй хот харагддаг. Энэ бол Яньчэн хот. Хятадын хоёр том мөрөн Хөх мөрөн болон Шар мөрөн Яньчэн хотоор урсан өнгөрдөг. Үүнээс улбаалан энд дэлхийн хэмжээнд хамгийн том талбайд тооцогддог нуга, намгархаг газартай болсон байна. Яньчэн хотын нуга, намгархаг газрын өвөрмөц экосистем нь Хятадын төдийгүй, дэлхийн хэмжээнд ч ховор гэж хэлж болно.  

Хятадын Жянсү мужийн Яньчэн хотын далайн эргийн шугам 582 километр үргэлжилдэг бөгөөд олон төрлийн ховордсон амьтдын суурьшдаг нутаг.

2019 оны 07-р сарын 05-ны өдөр Жянсү мужийн Яньчэн хот дахь Хятадын Шар (Бө Хай) тэнгисийн нүүдлийн шувуудын амьдрах орчин (1-р үе шат)  "Дэлхийн байгалийн өвийн жагсаалт"-д орсон байдаг. Ингэснээр Хятадын дэлхийн байгалийн өвд далай тэнгистэй холбоотой агуулга хамрагдсан байна.

Яньчэн хот хэрхэн яаж ийм амжилтад хүрэв? Хэдэн үеийн хүмүүсийн хичээнгүй зүтгэл, шаргуу хөдөлмөр шаардагдав? Сурвалжлагч эдгээр асуултын хариултыг олохоор намгархаг газар дахь Яньчэн хотыг зорьсон юм.

Яньчэн хот 769,400 га нуга, намгархаг газартай. 582 километр бүхий далайн эргийн шугамтай. Энд 680 гаруй төрлийн сээр нуруутан амьтад бий. 400 гаруй төрлийн жигүүртэн шувуу болон 200 гаруй төрлийн загас байдаг.  

Жил бүрийн хавар, намар гурван сая гаруй нүүдлийн шувууд Яньчэн хотоор нисэн өнгөрдөг тэмдэглэлтэй. Тэдгээрийн сая гаруй нь энд өвөлждөг.

         Энд тогоруу шувуу цагаан сараа өнгөрөөдөг

Яньчэн хотын Дүнтай дүүргийн иргэн Ли Дүнмин хээрийн шувуудыг маш их сонирхдог хоббитой. Үргэлж далай тэнгисээр аялж шувуудын зураг авдаг нэгэн.

Шувууны зургийн авах хууль ёсны зөвшөөрлийн бүсэд очиход гар хийцийн хулсан онгоцоор далай дээр цаг гаруй аялах хэрэгтэй.

Далайн цаг агаар үргэлж өөрчлөгддөг, заримдаа хүчтэй салхи, давалгаа тохиолддог төдийгүй, шавар ихтэй газар шаварт суух ч аюултай байдаг. Хэдийгээр арван жилийн туршид шувууны зураг авсан ч гэсэн цаашдын ирээдүйд ямар ч осол гарахгүй гэж хэлэхэд хэцүү тул тэрээр гурван даатгалаар өөрийгөө даатгуулжээ.

Сурвалжлагч түүнтэй хамт шувууны зураг авалтад явж чадаагүй ч түүний гэрэл зургийн бүтээлийг сонирхох аз тохиожээ. Цагаан ягаан өдтэй фламинго, өндөр ганган эгрет зэрэг шувууд экологийн олон янзын төрх байдлыг бүрэн харуулна. Олон жилийн турш Ли Дүнмин ганцаараа 200 гаруй төрлийн шувуудын зургийг авч, бичлэг хийсэн байна.

Түүнд халбаган хошуут шувууны зураг бий. Энэ шувуу бүх дэлхийн хэмжээнд хэдэн зуугаараа байдаг. Жил бүр дэлхийд тархан амьдардаг халбаган хошуут шувууны талаас илүү хувь нь Яньчэнд бууж, эндээ гурван сарын турш амьдардаг. Үүнээс гадна, ховордсон амьтдын IUCN Улаан жагсаалтад орсон ховордсон шувууд энд амьдарч байгаа тухай бид мэдсэн юм.

Хэрэв зарим нэгэн бүс нутагт амьдардаг шувуудын тоо энэ шувууны төрлийн нийт тооны нэг хувиас илүү байвал тухайн газар нь шувууны нүүдлийн экологид маш чухал ач холбогдолтой гэж үздэг. Яньчэн хот бол ийм онцлогтой бүс нутаг юм.

Ли Дүнмин сүүлийн жилүүдэд сонирхолдоо хөтлөгдсөөр бүр шувууны хамгаалагч болж хувирсан байна.

- Тухайн үед би гагцхүү ховордсон бүх шувууг бүртгэхийг хүсэж байсан. Нэг сардаа 20 гаруй хоног зарцуулж байж шувууны зургийг авдаг гэж хэллээ.

2008 онд иргэний хамгаалалтын “Хятадад байгаа халбаган хошуут” нэртэй байгууллага байгуулагдав. Ли Дүнмин ч тус зохион байгуулалтын нэгэн хэсэг болжээ. Тэрээр:

- Сайн дурынхан бүгд өндөр боловсролтой, тэр дундаа шинжлэх ухааны судалгаа хийдэг хүн ч цөөнгүй бий. Би насаар хамгийн ахмад нь, бас гадаад хэл хамгийн тааруу мэддэг боловч нутгийн шувуудыг харин хамгийн сайн ойлгодог хүн нь шүү дээ гэж сонирхуулсан юм.

Жилд хичнээн шувуу ирдэг вэ? Ямар шувууд вэ? Буцах, ирэх цаг нь хэзээ вэ гэсэн олон агуулгаар сайн дурын ажилтнууд бүтэн жилийн туршид бүртгэж тэмдэглэгээ хийдэг. Ийнхүү ховордсон нүүдлийн шувууг судлах үндсэн мэдээллийг цуглуулсан байна. Эдгээр үнэ цэнтэй материалууд хожим нь Яньчэн дэх нуга, намгархаг газрыг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Дүнтай дүүргийн тогоруу шувуу ч хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг.

Хүмүүсийн Яньчэн хотын тухай ойлголт тогоруу шувуунаас эхэлсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. 1987 онд Хятадын Хар мөрөн мужид нутагтай тогоруу шувуу арчлагч охин Шюй Шюжуань Яньчэн хотын ховордсон шувууны хамгаалалтын бүсэд ажиллаж байхдаа живж нас барсан харамсалтай явдал болжээ. Түүний арчилж тэжээсэн тогоруу шувуу Яньчэн хотод өндөг зулзагаа үржүүлж, энд нутагшсан байдаг.

Энэ хот өнөөдрийг хүртэл мөн л дэлхийн зэрлэг тогорууны хамгийн чухал өвөлжөөний газар болсоор байгаа юм.

- Тогорууд ч манай нутагт сар шинээ өнгөрүүлдэг. Яньчэн харин төрсөн нутаг нь мөн шүү гэж нутгийн хүмүүс бахархан ярьдаг болсон гэнэ.

Яньчэн хот тогоруу шувуугаар ч тогтохгүй, Зүүн Ази-Австралийн шувуудын нүүдлийн зам шугам дээрх чухал суурин болсон байна. Яньчэн бол дэлхийн 20 гаруй орнуудын нүүдлийн шувуудын зам шугамыг холбосон чухал нутаг.

Энэ хотын нуга, намгархаг газрын ховордсон шувуудын хамгаалалтын бүсийн судлаач ажилтан Люй Шычэний үзэж буйгаар хамгаалалтын бүсийн ажил сүүлийн жилүүдэд үр өгөөжөө өгч эхэлсэн байна. Анх байгуулагдах үед 261 төрлийн шувууд байсан нь одоо 416 төрөл болж өсчээ.

Намгархаг газрыг хамгаалах эрхэм зорилго, алсын хараа

- Зэрлэг амьтдыг хамгаалахын тулд зөвхөн амьтдад анхаарлаа хандуулах нь хангалтгүй. Зэрлэг тогоруугаар жишээлж үзэхэд аюулгүй орчин, хангалттай хоол хүнс, ус, өргөн уудам нутаг зэрэг амьдрах орчин шаарддаг. Амьдрах орчныг нь хамгаалахгүйгээр амьтдыг хамгаална гэдэг хоосон яриа гэж Люй Шычэн хэлсэн юм.

Гэхдээ хүмүүс үүнийг анхнаас нь ухаараагүй.

- Өмнө нь манай нутагт гагцхүү хээрийн шувууд олон байдгийг л мэддэг байсан. Тэр үед үүний шалтгааныг ч нарийн тунгааж бодсон хүн байхгүй. Экологийн үнэ цэнэ гэсэн ойлголт огт байсангүй гэж Яньчэн хотын Чүнган суурингийн Тэнгисийн загасны аж ахуйн газрын захирал асан Жү Шяньёу туршлагаасаа бидэнд хуваалцлаа.

Яньчэн дахь далайн эргийн намгархаг газар бол далайн түлхэлтээс болж жил бүр далайн эрэг рүү тэлдгээрээ онцлогтой. Энэ онцлогт нь зохицуулан хүмүүс далайн эргийн эдийн засгийг хөгжүүлж, далай уруу тэлсэн далайн эргийг ашиглаж эхэлсэн байна.

Түүний уршгаар шувуудын амьдрах орчны талбай өдөр ирэх тусам багасаж, хулгайн ан хийх нь шувуу хамгаалах ажилд сөрөг нөлөө үзүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан тухайн газрын Засгийн газар далайн эргийн намгархаг газрыг ашиглаж болохгүй гэсэн хатуу төрийн бодлого тогтоож, энэхүү асуудлыг шийдсэн байна. Түүнээс гадна, зэрлэг шувуудын нүүдлийн зам шугам дагуу салхин сэнс угсрахыг зөвшөөрөхгүйн дээр видео тандалтыг 24 цагаар ажиллуулж, удирдлагатай нисэх аппаратын хяналтыг ч хавсарган байна.

Жянсү шиг эдийн засаг хөгжсөн далайн эргийн мужийн хувьд зэрлэг шувуу болон экологийн системийг хамгаалахыг тэргүүнд тавих нь зориг тэвчээр шаардсан ажил юм.

- Хэн ч өмнө нь тэдэн шиг намгархаг газрыг хамгаалах алсын хараа, эрхэм зорилго сэдээгүй. Энэ үнэхээр олныг гайхшруулан бишрүүлсэн гэж Англи улсын Хааны шувууг хамгаалах нийгэмлэгийн бодлогын газрын дарга Никола Крокфорд үнэлсэн байна.

Шувууд хүн төрөлхтний оруулсан хувь нэмрийг мэдэрч чаддаг нь үнэн. Бид ч үүнийг биеэрээ мэдэрсэн. Бид Яньчэн хотын ховордсон шувууг хамгаалах бүсэд айлчлахдаа замын хажуу дахь өндөр модон дээрх хар хар толбоны тухай сонирхоход:

- Үүнийг Далматиан Пеликан шувуу гэдэг. Сүүлийн хэдэн жилүүдээс ийм шувуу зөндөө харагдах болсон гэж Ховордсон шувууг хамгаалах бүсийн ажилтан бидэнд танилцууллаа.

Хамгаалалтын бүсэд 30, 45, 60 градусын зүг чиглэсэн модны бөөгнөрөл бидний анхаарлыг татсан юм. Ийм дүр зураг хүмүүст амьдралын бат бөх байдлыг мэдрүүлсэн төдийгүй, энэхүү далайн эрэгт байрладаг нутагт хичнээн том бэрхшээл, тулгамдсан асуудал тохиолдсон бол гэж эрхгүй тунгаан бодож үзмээр санагдана.

Ийм дурсамж ахмад настай хүмүүст одоо хүртэл тодорхой хэвээр үлдсэн. Төрсөн нутгаа хамгаална гэдэг тийм хялбар ажил биш.

- Зөвхөн өнөөдрийн далайн эргийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хараад байж болохгүй. Бид хүнд бэрхшээлийг биеэрээ туулсан хүмүүс гэж ойн талбайн ажилтан Дин Шюйнүн хэлж байлаа. Тэрээр 1988 оноос энэ нутагт ажилласан бөгөөд гашуун ундны ус ууж, өдөржингөө хээр гадна ойжуулалтын ажлыг малгай авах завгүй хийсэн хүн. Үүнээс өмнөх үед хүчтэй салхинаас болж зовж шаналж байсан нутгийн иргэд ч ойжуулалт гэдэг ойлголттой байсан. Гэсэн хэдий ч далайн ус давслаг, газар нь хужиртай, ой мод ургац авах боломжтой юу гэсэн бодит байдал хүмүүсийн санааг зовоож байлаа.

Хэдийгээр тийм боловч тэд далайн суваг малтаж, борооны усыг хуримтлуулан, хужирлаг хөрсийг засаж мод тарьсан байдаг. Энэ ажил 1960-аад оноос өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Өнөөдөр хужирлаг, шүлтлэг ургацгүй далайн эрэг дээр хэдэн арван мянган акр ой мод ургаж, Хятадын Шар тэнгисийн эрэг дагуух ногоон халхавч ийнхүү боссон байна.

Энд байгаа моднуудын ихэнх нь 30 гаруй настай. Өндөр ургасан боловч их бие нь “ижил насны” моднуудаас нарийн. Энэ бол давс хужирлаг газарт ургадаг модны онцлог шинж юм. Дин Шюйнүн:

- Өнөөдөр бид хүчтэй салхинаас айхгүй болсон. Жил бүрийн далайн хар салхи биднийг тойроод гардаг гэж хэллээ.

Бид дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхээр боллоо

- 2019 онд Хятадын Шар (Бө Хай) тэнгисийн нүүдлийн шувуудын амьдрах орчин (1-р үе шат)-ыг албан ёсоор "Дэлхийн байгалийн өвийн жагсаалт" -д оруулсан байна. Яньчэн дахин олны анхаарлын төв болов.

Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхэд гаргасан хүчин зүтгэлийг дурдахгүй байж болох боловч дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх эсэх асуудал нь харин хамгийн бэрхшээлтэй сонголт байсныг хэлэхгүй байхын аргагүй.

- Энэ асуудлын тойронд маргалдаан болсон гэж хэлэхэд хэтрэхгүй. Зарим хүмүүс Яньчэн хот нэгэнт байгаль орчныг хамгаалахыг тэргүүнд тавьсан. Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх нь хот суурингийн эдийн засгийн хөгжлийн хурдыг удаашруулж магад гэж үздэг гэж Яньчэн хотын Шар тэнгисийн намгархаг газрын дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх ажлын багийн Тамгын газрын захирал Ү Чижян танилцууллаа.

Ингээд эцсийн эцэст бас л хөгжил ба хамгаалалтын хоорондын харилцааг хэрхэн тэнцвэржүүлэх асуудалтай тулгарсан байна.

- Өмнөх зууны 80-аад онд Янчэн хотын ховордсон жигүүртэн шувуудын хамгаалалтын бүс болон Хандгайн хамгаалалтын бүс зэрэг хэд хэдэн хамгаалалтын бүс байгуулагдсан. Эдгээр хамгаалалтын бүсийн талбай маш том цар хүрээг хамарсан. Зарим хот суурин ч үүнд хамрагдсан юм. Тэр үед бид хамгаалалтын бүсийн талбай хичнээн том бол улам илүү үр ашигтай гэж бодож байсан гэж Ү Чижян хэллээ.

Эдийн засгийн хөгжлийг дагаад хүн ам ба газар шороо хоорондын зөрчилдөөн аажмаар үүсэж эхэлсэн. Тэр үед олон иргэд намгархаг газрыг ашиглаж, загасны аж ахуй эрхэлж байв. Үүнтэй холбогдуулан Засгийн газар далайн эрэг орчмын бүсийн функциональ талбайнуудыг тохируулж, экологийн чиг үүрэггүй, тусгаарлагдсан, хүн амын нягтрал ихтэй бүс нутгийг тусгай хамгаалалттай газраас гаргаж, хөгжүүлэлтэд илүү их зай эзлэхийн тулд зарим боомтыг нээлттэй болгосон байна.

2010 онд өөр нэг зөрчилдөөн гарчээ. Яньчэн Шар тэнгисийн намгархаг газар далайн урсгал зэрэг олон зүйлээс шалтгаалан үргэлж хувирч өөрчлөгддөг боловч хамгаалалтын бүсийн цар хүрээг тодорхойлсны дараа өөрчлөх боломжгүй гэж тогтоов. Гэсэн хэдийн ч энэ тухай хангалттай ойлголтгүй байсан тул экологийн хамгаалалтын ажилд бэрхшээл тулгарсан байна.

- Эдгээр асуудлыг шийдэхэд бид олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм, ойлголтуудаас суралцаж болох эсэх талаар бодолхийлсний эцэст дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхээр болсон юм гэж Ү Чижян ярьлаа.

Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх анхан шатны ажил сайн үр дүнд хүрч чадсан. Дараагийн шатанд хамгаалалтын ажлыг хэрхэн хийх вэ? Нуга, намгархаг газрын судалгаа, экологийн нөхөн сэргээлт, тогтвортой хөгжил, ашиглалтад олон улсын хүчнүүдийг хэрхэн яаж татах вэ? Эдгээр асуултууд дахин Яньчэнгийн хүмүүсийн мэргэн ухааныг шалгаж үздэг шалгуур болсон.

- Бусад орнууд, тэр дундаа нүүдлийн шувууг хамгаалах асуудалтай холбогдсон 20 гаруй орон бидний дэлхийн байгалийн өвийн хамгаалалтын ажлыг хэр зэрэг хийж байгааг анхааралдаа авсаар ирлээ. Дэлхийн байгалийн өвд бүртгүүлсэн бүс нутгийн 80-иас илүү хувь нь алслагдсан бүс нутагт тархан байрладаг. Харин Яньчэн хотын намгархаг газар эдийн засаг хөгжсөн, хүн ам нягт суурьшдаг нутагт байрладаг. Дэлхийн байгалийн өвд бүртгүүлснээр ирээдүйн экологийн хамгааллын янз бүрийн арга замыг бид судлах боломжтой боллоо гэж тэрээр тэмдэглэж хэллээ.

Урьд нь орон нутгийн дарга удирдлагын татгалзсан аж үйлдвэрийн төсөл зэрэг нь эцэстээ “Ногоон хөгжил бол тогтвортой хөгжлийн заавал өнгөрүүлэх зам” болох түүхэн хариу үйлдэл болсон юм шиг санагдлаа.

- Шар тэнгисийг дэлхийн байгалийн өвд амжилттай бүртгүүлсэн нь экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын үндсэн төвшний практик үр дүн. Энэ бол экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн үзэл баримтлалын хүчтэй гэрч юм гэж Яньчэн хотын нарийн бичгийн дарга Дай Юйнь онцолж байна.

Яньчэн хот Дэлхийн байгалийн өвд бүртгүүлсний дараа "Олон улсын намгархаг газрын хот" байгуулах зорилготой ажиллаж, намгархаг газрын хамгаалалт, тогтолцоог сэргээх, иж бүрэн менежментийг зохицуулснаар экологийг нөөц, хөрөнгө болгон өөрчилж, үй олон хүмүүст үүний дундаас ашиг хүртээхээр зүтгэж байна.

Шар тэнгисийн эрэг дэх нуга, намгархаг газрын үзэмж жилийн дөрвөн улиралд тийм ч их өөрчлөгдөөгүй юм шиг санагддаг боловч Яньчэн хотын иргэд өдөр бүр шинэ түүхийг бичсээр байна.

1.Зэгс тоть 

Зургийг: СҮНЬ ХУАЖИНЬ

2.Да Фэн Үндэсний байгалийн хамгаалалтын бүсийн хандгай

Зургийг:ЯН ГҮАМЭЙ

3.Далматиан Пеликан шувуу

 Зургийг: СҮНЬ ХУАЖИНЬ

4.Халбаган хошуут

Зургийг: ЛИ ДҮНМИН

5.Яньчэн хотын Шар тэнгисийн эрэг дэх нуга намгархаг газар

Зургийг: СҮНЬ ХУАЖИНЬ

 

Зохиогч: ЛИ ЖЕ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : АРДЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл