solongonews
Оюутан залуугийн баяжсан зам
2019-12-21 20:12
Оюутан залуугийн баяжсан зам

Хөдөө хөгжлийн орон зай, боломж тун их. Ялангуяа олон олон залуус нутаг буцаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Энэ хүсэл сургуулиа дүүргэсэн малчин Бүргэдийн нутагтаа буцсаны дараах сэтгэгдэл.

- Нутгийн олноо уриалан шинжлэх ухаанчаар мал маллаж, хоршоогоо өргөтгөж, орлогоо нэмэгдүүлье.

Энэ нь малчин Бүргэдийн үргэлжлүүлэн тэмцэх зорилт.

Бүргэд энэ жил 29 настай. Тунляо хотын Хүрээ хошууны Элсэн суурингийн Баянтал багийн иргэн. Үхрийн хоршоо эрхэлж буй малчин.

Үнэндээ тэр ихэнх оюутны адил их сургуулиа төгсөөд хотод үлдэж ажиллаж амьдрах хүсэлтэй байсан юм. 2013 онд Бугатын ажил мэргэжлийн дээд сургуулиас төгсч, хотод хөл тогтох гэж Хөххотод хоёр жил, Тунляо хотод жил гаруй ажил хийж явсан ч цалин хөлс нь зарлагадаа хүрэхгүй, цаашлаад байр, машин авах боломж бүр ч үгүй байлаа.

2017 онд Бүргэд Зүө Жуан тэжээж үржүүлэх тусгай хоршооны захирал Хөгжилттэй таарчээ. Энэ хүн 20 гаруй жил малын арилжаа хийж байгаа болохоор малын тарга хүчийг аждаг чадвартай, мал тэжээж үржүүлэх талд туйлын гарамгай байв. Бүргэд түүнээс шинжлэх ухаанчаар мал маллахад ашиг орлого боломжийн байдгийг сонсоод хөдөө малаа тэжээвэл хотод будаа гуйснаас дээр юм байна гэж зориг шуудаж нутаг буцжээ.

Анх 300 мянга гаруй юаниар мал аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайтар хийсний дараа малын захаас 15 үхэр худалдан авсан байна.

Тэрээр тэжээж буй семинтар үхрээ малын захаас худалдан авч, хоёр сар тэжээгээд Хэнань, Хэбэй, Шаньдүн, Шаньси, Бээжин, Таншань зэрэг газрын наймаачдад борлуулна. Анх борлуулах ажил хүнд байсан ч одоо мал нь тарга сайтай болж, наймаачид булаацалдан авах болж, заримдаа хангаж дийлэхгүй болдог үе ч бий аж.

Уламжлалт мал аж ахуйн орлого бага. Тиймээс уламжлалт мал аж ахуйг шинэчилж, сайн үүлдрийн мал тэжээж, хоршооны хэлбэрээр хувийн айлууд нөөц баялгаа нэгтгэн борлуулах аргаар орлогоо нэмэгдүүлж болохыг ойлгосон байна. Нэг үхрийг бараг 11000 юаниар худалдан авч, 13000 гаруй юаниар зардаг. Тавиас жар хоног тэжээгээд худалдахад зарлагаа гаргаад 1000 гаруй юанийн цэвэр орлого олдог. Жилд таваас зургаан удаа зарна гээд арга ухаан, ашиг орлогын нарийн дансаа бодож үзүүлж байлаа.

- Аав ээж малчин хүн. Би багаасаа мал унаанд дуртай. Малчин хүний мал маллах ухаан тэр чигээрээ хэрэглээд баршгүй баян хөрөнгө. Бид энэ бүхнээ ашиглах ёстой. Энэ суурин дээрээ шинэ цаг үеийн мэдлэг мэргэжлийг ашиглана. Хөгжих тутам хот хөдөөгийн зөрүү бага болж байна. Ус, цахилгаан, зам харилцаа, мэдээлэл холбоо гээд бүгд бүрэн болж байна. Оюутан залуус буцаж ирээд сэтгэж ажиллавал хотоос дутуугүй амьдарна хэмээн Бүргэд өөрийн бодлоосоо хуваалцлаа.

Одоо байгуулаад байгаа дулаан хашаа нь жараад үхрийн багтаамжтай. Энэ жил 200 үхэр тэжээх хэмжээгээр хашаа байгуулах ажилдаа ороод байгаа аж.

Бүргэд малаа маллахын хажуугаар хоршооны ажилтай тун завгүй. Хоршооны өрхийн малыг захаас сонгож хашаанд нь оруулж эмнэж домнохоос тэжээж үржүүлэх хүртэл зааж сургана. Мөн захад гартал хариуцна. Хоршоо нэг үхрээс 150 юанийн үйлчилгээний төлбөр авахаас өөр төлбөр авдаггүй байна. Малчид хоршооны зааварласан ёсоор хашаан дахь малаа тэжээж байвал болдог ажээ.

Мал маллах ухаалаг аргыг мэдсэн нутгийн малчид хоршоонд ар араасаа бүртгүүлэн, 20-иод айлын бүрэлдэхүүнтэй хоршоо байсан бол 50-иад айл болон нэмэгджээ. Түүний нөлөөгөөр тус багийн Цэнгэл гэх залуу Хөххотод ажиллуулж байсан биллиардын газраа хаагаад мал маллахаар нутаг буцан ирж, нэг жилийн хугацаанд 200 гаруй мянган юанийн орлого олсон байна.

Хоёр жилийн хугацаанд Бүргэд Тунляо хот, Хүрээ хошуунд орон байртай болж, хөдөөний гэрээ шинэчлэн засан сэлбэж, машинтай болж хотоос дутахааргүй амьдрал эдлэх болжээ.

- Миний хүү тэр үед гэртээ буцаж ирээд малаа маллана гэхэд би маш дургүй байсан. Эрдэм сурч ихийг үз гэж хол явуулахад буцаж ирнэ гэхэд их уурлаж байсан. Одоо сонгосон замыг нь харахад миний хүү алсын зорилготой буцаж ирсэн байна. Өөрийн хүсэл, бидний хүсэл, нутгийн олныхоо хүсэл мөрөөдлийг хөсөрдүүлэхгүй хичээх хэрэгтэй хэмээн Бүргэдийн аав ярилаа.

Сурвалжилга дуусахад хуримаа хийгээд нэг долоо хоног болж байгаа сайхан мэдээг сонсоод аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээд бид мордлоо.

Зохиогч: Цэлмэг, Өнөр, Хөвчин
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл