90 оны дундуур манайх 150 гаруй хонь, 30 гаруй ямаатай, 10 гаруй үхэртэй, 1 унааны морьтой зүдүүхэн амьдралтай айл байсан юм. Тухайн үед ямааны ноолуур үнэ хүрч байсан болохоор манайх 30 гаруй ямаанаасаа 7000 гаруй юанийн орлого олж (1996 оны хавар шиг бодогдож байна), энэ нь манайд бол бага бус амьдралын хүнд бэрхийг шийдэж байсан юм.
Тухайн үед зах зээлд бүтээгдэхүүний үнэ хямд байсан ч харин ямааны ашиг шимийн гаралт өндөр байсан болохоор нэг үе малчид ямаа маллаж байсан юм. Тэр үед манайд нэг босоо эвэртэй цагаан сэрх байлаа. Тэр жил цагаан сэрхнээс 8 сам ноолуур гарч билээ. Нэг сам ноолуур 150 граммаар бодвол 1.2 кг ноолуур буужээ. Тухайн үед ямааны ноолуур 0.5 кг нь 200 гаруй юаньд хүрч байсан юм. Би цагаан сэрх ямааны ноолуурыг бусад ямааны ноолуураас салгаж худалдаж, 480 юань орлого оллоо. Маргааш нь талбай орж, айлд суулган бичиг үзүүлж байсан хоёр сурагчдаа боов чихэр, дасгалын дэвтэр аваад, айлд нь архи тамхины бэлэгтэй буув. Өөртөө хоёр хэвийн цай, өдий төдий боов аваад гэр уруугаа баяртай буцсан юм. Хариад өврөө уудлахад бас 100 шахам юань үлдсэнд эхнэр минь их гайхаж байсан юм. Би цагаан сэрх ямаанаас “малтаж” олсон 480 юаниасаа 380 гаруй юаниар нь нэг удаа овоо юм худалдан авсандаа их баярлаж билээ. Учир нь хаврын хар хатуу цагт манай нэг гэрийн хүнийг зардал мөнгөний гачигдлаас гаргаж байснаар цагаан сэрх ямаандаа их талархсан даг.
Нэг жилийн өвлийн дунд сар байсан юм. Өглөө мал гаргахын аргагүй нүдгүй цагаан шуурга баруун хойноос шуурч, хонин сүргийг яаж туусан ч салхи сөрөн бэлчээрт гарахгүй байлаа. Тэгээд арга бус цагаан сэрх ямаагаа хонины өмнө гарган салхи эсрэг хэдэнтээ хашхирч туухад цагаан сэрх минь шуурга сөрөн хөдлөхөд хойноос нь бусад хонь ямаа цувран дагаж, би хонин сүргээ бэлчээрт гаргасан юм. Мэг их удсангүй баруун хойд голын тоорт хонин сүргээ хөөж оруулахад цагаан сэрх нэг хэсэг газрын цасыг малтчихаад ямар ч хонь ямааг ойртуулахгүй эврээ сэртийлгэн мөргөж, тэр хэсэг газраа эзэрхэж байлаа. Энэ бол ямааны төрөлх зан аж. Орой нь би гадна ирсэн хониндоо өвс өгөхөөр гарахад цагаан сэрх ямаа аль хэдийн хашаатай өвсөн дээр гараад өвс идэж байлаа. Намайг үзмэгц ганцхан үсрээд буув.
Нэг жилийн зун байсан юм. Би газар хөрсөлж энгийн хашаа бариад идэх хүнсний ногоо тарилаа. Байцаа, улаан лууван, сонгино зэрэг ногоо тарьж билээ. Тэр жилийн бороо хур сайн орсных уу, миний бодол, арга ухаан зөв байсан уу бүү мэд, тэр ногооны ургасан гэдэг санаснаас сайн байлаа. Нэг өглөө гэнэт сэрэхэд хонь ямаад майлалдан сүйд болж байх чимээгээр би сандран гутлаа өмсөн гүйн гарахад, өнөө цагаан сэрх ямаа түрүүтэй хэдэн ямаа ногооны хашааны орой дээгүүр үсэрч дэгдэж наадаж байлаа. Би “Хөш, хааш” хашхиран гүйн хүрэхэд нэг хашаа ногоо юу ч гүй идэгдэж, цагаан сэрх ямаа түрүүтэй ямаад пир пар шуугилдаж цааш зугатав. Мөн тэр жилийн зун шиг санагдаж байна. Улаанхад хотын Линь Ши шяний нэг дүү маань ногоо худалдахаар ирээд манайд хоносон юм. Өглөө нь машины эзэн гэнэт гүйн орж ирээд, ахын чинь цагаан сэрх ямаа миний машины гэрлийн утсыг хазаад тастжээ” гэхээр нь би сандран гарч үзэхэд үнэхээр машины урд ард гэрлийн утсыг бүр идчихсэн байлаа. “Бас л өнөө сэрийсэн дайсны хийсэн хэрэг байх” гэж цагаан сэрх ямааг харахад маань нөхөр харин тухай чинээ урт улаан, ногоон өнгөтэй утас амандаа зуугаад “Яах уу” гэсэн шиг сүргийн дотор зогсож байлаа. Цагаан сэрх минь ийм л их түүх дурсамжтай, сэргэлэн түйтгэр амьтан байсан даа. Хожим нь цагаан сэрх өтлөөд өвс идээд хивж чадахгүй завжаараа бөөн бөөнөөр гоожуулаад байхаар би аргагүй явуулын наймаачинд үг дуугүй өгч явуулсан юм.
