“Үхэл миний ээждээ очих томилолт” гэж шүлэглэж байсан их яруу найрагч Б.Лхагвасүрэн шаргачин гахай жилийн цагаан сарын шинийн нэгэнд монгол яруу найргийн тэнгэрийг цоолон, ээждээ “Томилолт ”-оор биш “Золголт”-оор явж, дэлхийн монголчуудыг уй гашууд оруулж, гүн харамсал төрүүллээ. Нээсэн ханшаар “Явсан” хүмүүсээ санаж, төрсөн нутагтаа өнөд хэвтсэн их найрагчид “Боржгины бор тал”-ынхан найргийн “Шороо нэмж”, дурсамж үнэртэх хүж асаая гэж Бээжин хотод суугаа түүний найргийн найз яруу найрагч Б.Буянхишигийг сурвалжилсан юм.

Б.Буянхишиг:
- 1989 онд Бээжинд анх уулзаж танилцсан. Хэддүгээр сард танилцсанаа мартаж байна. Ноосон цамц өмссөн зургаа харахад өвөл байсан байхаа гэж таамаглаж байна. Хуурч, дуу шүлгийн зохиолч Насан ах Хөххотоос Лхагвасүрэн ах, Баасан эгч, Хасар гуравтай Бээжинд ирэхэд би хүлээн авч, хоног буудал зохицуулж, С.Өлзийбат багшийнхаар айлчлан бас Бээжингийн хааны ордноор аялж байсан.
- Гучин жилийн урт хугацаанд бид хоёр зургаахан удаа л уулзсан. XX зуунд Бээжинд дөрвөн удаа, XXI зуунд Улаанбаатарт хоёр удаа уулзсан. Гэхдээ бид хоёр утсаар зөндөө ярьж байсан.
- Лхагвасүрэн ах маань энэ цагаан сарын шинийн нэгэнд насан өөд болж, “Удмаар байсан” хорвоогоосоо салсан байна. Нутаг буцсан байна гэж л надад санагдсан. Шинийн нэгний үдээс өмнө вичатаар энэхүү аз бусын хар мэдээг сонсоод би итгэж ядаж, гашуудан эмгэнэв.

- Энэ жилийн зун намрын аль нэг сайхан цагаар Улаанбаатар хүрч, хүнд өвчлөөд Сөүлд мэс засал хийлгэсэн ахдаа хүрч очмоор байсан маань биелэгдэшгүй болсон.
- Одоод дурсамж бичмээргүй байна. Аль нэгэн алдартантай нь уулзаж танилцсанаа тоочоод байхад би дургүй. Гэхдээ Би Лхагвасүрэн ахын “Ижий мөрөн”, “Хүйтэн булаг” зэрэг шүлгүүдэд эссе шүүмж бичиж байсан. Хасны орчуулсан “Б.Лхагвасүрэнгийн шүлгийн сонгомол”-д “Хоёр туйлаас давсны эрх чөлөө” гэдэг оршил бичсэн байна. Саяхан “Алтан түлхүүр” сэтгүүлд гурван мөрт шүлгийнх нь тухай богино шүүмж бичсэн. Миний хувьд шүлгийг нь уншаад шүүмж бичиж байх нь магадгүй хамгийн сайхан дурсамж байхаа.
- Би 2017 оны 05 сард Улаанбаатар орж кирилл үсгээр хэвлэгдсэн “Цагийн зав” шүлгийн түүврийн нээлтэд оролцсон. Нээлтийн өмнө өдөр Лхагвасүрэн ахтай утсаар ярихад ах маань сая л Өмнөговь аймгаас харьж ирлээ гэж байсан. Интер номын дэлгүүрт зохион байгуулагдах номын нээлтэд урихад урилгыг минь баяртай хүлээн авлаа. Ах маань номын нээлтэд оролцож, миний тухай, миний яруу найргийн тухай маш сайхан яриа тавьсан. Надад өгсөн үнэлэлтийг би урам хайрлаж, итгэл өглөө гэж баяртай хүлээн авсан.
- Маш олон яруу найргийг нь бахархан уншдаг. “Гашуун өвс”, “Уянгын тойрог”, “Зовсон сүү” зэргийг нь ахин дахин уншдаг. Ахин дахин уншуулахын ид шид төгөлдөр байдгаар л би тэгж халшрахгүй уншдаг. Хурц цэлмэг мэдрэмж, яруу авсаархан мөртөө оноолт сайтай үгс, шинэ уран санаа, бясалгалын гүнзгий байдгаараа монгол хэлний шүлэгт балрахгүй хөшөө дурсгалаа босгосон гэж би итгэж бас шүтдэг юм.
- Лхагвасүрэн ах өөд болсноор монгол яруу найргийн хоймор орон зай нь хоосорч хөндий болсон, түүнийг үгүйлэх хүмүүн олон юм.

