
Монголд хадгаламж, зээлийн хоршоод үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор Үндэсний II форум энэ аравдугаар сарын 28-29-нд Төрийн ордонд чуулах юм байна.
Энэхүү форумыг Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоо /МХЗХҮХ/ санаачлан, Санхүүгийн зохицуулах хороо болон Нийслэлийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Тус форумд Азийн Хадгаламж зээлийн хоршоодын холбоо, БНСУ-ын Хадгаламж зээлийн хоршоодын холбоо, Канад Улсын хоршоодын төлөөлөл, Монголын хоршооллын нэгдсэн холбоо зэрэг гадаад, дотоодын байгууллагын төлөөлөгчид оролцоно.
Чуулганы үндсэн хуралдаанаар Хадгаламж зээлийн хоршооны хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцэх юм. Харин салбар хуралдаануудаар хамтын ажиллагаа, туршлага, үйл ажиллагааны онцлог зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Тодруулбал, манай улсад өдгөө 278 хадгаламж, зээлийн хоршоо 40 гаруй мянган гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд анх удаа Хадгаламж зээлийн хоршоодын нийт активын хэмжээ 100 тэрбум төгрөгөөс даваад байга гэнэ.
