solongonews
Хийморь сэргээдэг соёолонгийн тоос
2019-08-06 13:25
“Соёолонгийн тоосонд орж, хийморио сэргээнэ” хэмээн хошуурах нь Монгол, тэр дундаа төв халхчуудын дунд дархлагдсан “зуршил” гэлтэй.

Нас насны морьдоос хамгийн эр бяртай, хурдан нь соёолон морь гэсэн ойлголт олон үе дамжин тэдний сэтгэлд тогтчихсон юм байна гэдгийг сүүлийн өдрүүдэд энэ тухай сурвалжилга хийж явахдаа ойлгосон юм. Монгол Улсын баяр наадмын “соёолонгийн уралдаан”-ы үеэр Хүйн Долоон Худагт хүрч, Монголчууд яагаад соёолонгийн тоосонд орохыг бэлэгшээдэг тухайд сонирхон асуухад “Яг яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй, хүмүүс ер нь л соёолонгийн тоосонд хийморь сэргэнэ гэж ярьдаг” гэх хариулт дийлэнх хувийг эзэлж байсан билээ.

Соёолон морь гарах өдөр Улаанбаатар хотоос Хүйн Долоон Худагийг зорих зам авто машинаар хучигдаж, наадмын дэнжийн зориулалтын авто машины зогсоол дүүрсэн байгааг харахад энэхүү ойлголт ямар их хүч чадалтай байдгийг эрхгүй мэдрүүлсэн юм.

- Соёолон гэдэг нь хүнээр бодвол ид эр бяр нь ханаж байгаа эр хүн шиг хийморь, цог сүлдтэй үеийг хэлдэг. Хөлийн хамгийн хурд нь соёолон насанд гардаг гэж үздэг гэх зэрэг зүйлүүдээс л болж бэлэгшээж байгаа хэмээн Монгол Улсын “Монгол туургатны адуун соёлын нийгэмлэг”-ийн тэргүүлэгч, сэтгүүлч Ш.Ганхуяг ярьж байсан билээ.

- Монголын ард түмэн морийг их шүтдэг. Төрийнхөө сүлдэд хүртэл морийг оруулсан тийм моринд хайртай, морийг хүндэлдэг үндэстэн. Миний хувьд багадаа хурдан байсан адуунууд нэг дор уралдаж, хамгийн хурднаа үздэг хамгийн сонирхолтой уралдааныг азарга, их насны морьдын уралдаан гэж боддог. Харин яагаад соёолонг хүмүүс илүүд үздэг вэ гэвэл нэгдүгээрт соёолон гэдэг чинь хүнээр бол 18 нас болж, эрийн цээнд хүрээд, эр цэргийн албандаа мордож, эх орноо манах чадвартай, ээж ааваасаа өрх тусгаарлаад гарах хүний тэр настай соёолонгийн насыг зүйрлүүлж, бүх юм, бяр хүч нь жигдэрсэн гэх утгаар нь Монголчууд соёолонг шүтдэг байх гэж боддог. Тиймээс соёолон гэдэг бол эр бяр нь жигдэрсэн, хийморьтой, адтай, одтой морь учраас хүмүүс соёолонгийн тоосыг бэлэгшээдэг гэж Монгол Улсын хурдан морины тайлбарлагч, залуу сэтгүүл М.Оюунбаатар ярилаа.

Монгол Улсын хурдан морины тайлбарлагч, залуу сэтгүүлч М.Оюунбаатар

Хүний үзэл бодолд уламжлагдаж үлдсэн оюун санааны өв хөрөнгө гэдэг тогтсон стандарт гэж байдаггүй аж. Дээр үеэсээ л соёолон морьдын тоос хийморь сэргээнэ гэж ойлгож ирсэн Монголчуудын хувьд энэхүү уламжлалыг өөр өөрийнхөө зүгээс ойлгодог. Тэр ч байтугай нутаг нутагт ч өөр өөрөөр ойлгодог байна.

- Монголчууд “Дөч хүрсэн эр, дөрөө жийсэн ат” гэж ярьдаг. Эр хүний ид хав нь гүйцсэн нас бол 40 нас. Харин морь гэдэг амьтан 10-15 насалдаг. Сайн морь 20 л насалдаг байх. Тийм болохоор морины ид хав нь гүйцдэг нас нь соёолон. Ид хав нь гүйцсэн хүлгийн уралдаж байгаа тоосонд нь очиж, хөлсийг нь үнэрлэн, салхин доор нь зогсох юм бол хийморь лундаа сэргэдэг гэж Монголчууд ойлгодог байх нь. “Сайн хүний салхин доогуур нь хүртэл гар” гэж Монголчууд ярьдаг шүү дээ гэж МУСТА, яруу найрагч У.Пүрэвсүрэн ярьсан бол МУСТА, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн хэлэхдээ:

- Соёолонгийн хувьд морины ир гэж байдаг. Дааганаасаа 5 нас хүрээд тэгширч, бүх юм нь гүйцсэн морийг бол хүний хийморь золбоог дагаж явдаг гэж л ойлгодог. Яг үнэндээ төв халх тал руугаа соёолонг илүүд үздэг бол баруун тийшээгээ их насны морийг илүүд үздэг. Их насны морийг “хий нь гарсан хүн” гэдэг шиг хамгийн ир нь гүйцсэн адуу гэж үздэг. Улмаар их насны морины уралдаан үзэхийг хамгийн сайхан юм үзлээ гэж ойлгодог гэлээ.

Соёолон насны морьд барианы газарт орж ирэхэд хашлага дагасан наадамчдын уухайн дуун уул өндөлзүүлж, дэндүү хийрхсэн зарим нь давхиж ирсэн соёолон хүлгийг тойрон хүрээлэхийг харахад сайшаамаар ч юм шиг, шүүмжилмээр ч юм шиг санагдана.

МУСТА, яруу найрагч У.Пүрэвсүрэн /баруун/, МУСТА, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн /зүүн/ нар МУГЖ, дуучин С.Жавхлангийн хамт /дунд/

- Соёолонгийн уралдаан гэж манай Монголдоо нэлээд шүтэгддэг уралдаан. Энэ нь дээрээс уламжлалтай. Соёолон гэдэг хурд ихтэй, хүч ихтэй, бяр ихтэй морь. Соёолонгийн уралдааныг үзсэн хүн, тоосон доогуур нь гарсан хүн бүрийн хийморь лундаа нь сэргэдэг, тэр жилдээ хийморьтой, эрүүл энх, аз жаргалтай байдаг гэж ярьдаг. Би жил бүр Хүйн Долоон Худаг дээр ирж, соёолон морьдынхоо барааг нь хараад явдаг хүн дээ гэж Улаанбаатар хотоос Хүйн Долоон Худагийг зорин ирсэн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, малчин И.Чойжилжав гуай ярьж байсан билээ.

“Тэнгэр тэвхэдсэн их улаан гал, тэр бол соёолон морьдын тоос оо” гэх /Аюурбуньяагийн Лхагва/ шүлгийн мөрүүд шиг соёолон морьдын тэнгэр баганадсан тоосноос эрч хүч авдаг ойлголт уламжлал нь сүүлийн үед бага зэрэг өөрчлөгдөж, хүмүүс давхиж ирсэн соёолон морьдын хөлсөнд хүрэх гэж дайран, битүү шавдаг болсонд мөн шүүмжлэлтэйгээр хандах нь зүйтэй биз ээ. Энэ тухай М.Оюунбаатартай ярьж байснаа эргэцүүлэхэд таатай байна. Тэрээр:

- Уламжлалаасаа бол соёолон морины тэнгэр баганадсан тэр тоосонд нь л хийморь сэргээхэд болно гэдэг байсан болохоос заавал хөлсөнд нь хүрнэ гэх тийм уламжлал байхгүй. Миний хувьд улсын баяр наадмын айрагдсан морьдын хашаанд жил болгон ордог. Айрагдаж түрүүлсэн 30 морьдын эзнээс бүгдээс нь ярилцлага аваад, сэтгэгдлээс нь хуваалцах болгондоо хэзээ ч хүний моринд гар хүрдэггүй. Эздээс нь ярилцлага аваад гараад явдаг болохоос тэр бүгдийн хөлсөнд хүрээд байдаггүй. “Сайхан алтан туурайт байна, надад ч гэсэн хойшид ийм сайхан морь таарах байх” гэж залбираад л гараад явдаг болохоос хүний морины дэл сүүлийг нь зулгааж, хүний моринд халуун гар хүргээд байдаггүй гэлээ.

- Сүүлийн үед Монголчууд хэт их хошуурдаг болсон. Наадмын дэвжээнд уралдаж байгаа морь бүхэн яг л адилхан. Азарга ч адилхан, их нас ч адилхан. Миний бодлоор наадмын уралдаан болж байгаа тэр дэнж дээр байхад л хийморь сэргэнэ. Соёолонг хараад хийморь сэргэнэ гэдэг бол оюун санаа, сэтгэхүйтэй холбоотой. Морь бол адилхан л морь, хийморь бол адилхан л хийморь байх ёстой. Хийморь талаа бодох юм бол бүх л морь сайхан гэсэн Б.Пүрэвсүрэнгийн үг бүх монгол туургатны сэтгэлийн дуун гарцаагүй мөн биз ээ. 

Зохиогч: Бэлтгэсэн: С.УРЬХАН, С.САРАНЧИМЭГ, Б.ТУЯА
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл