solongonews
Бууж өгөхгүй гэсэн хатуу бодол, омог хийрхэл л хайрыг эвддэг юм шүү
2015-12-28 18:21
Хайрын баярын өдрөөр “Монголжингоо” сайтын зүгээс хосуудынхаа дунд хайрын захидлын уралдаан зарласан билээ. Энэхүү уралдаанд гэгээн хайрынхаа ариун түүх, хайрын дээд болсон бяцхан үрсийнхээ нэгэн насны дурсамжийг мөнхлөн үлдээсэн захидлаараа тэргүүн байр эзэлсэн Б.Сэргэлэнтэй ярилцлаа. Түүний хайрын захидлыг манай сайтын мянган мянган уншигч шимтэн уншиж, амьдралын хатуу ширээ даваа бүхнийг хайрын хүчээр даван гардгийн үнэн түүхийг хуваалцахдаа эрхгүй нулимс дуслуулсан гэдэгт итгэлтэй байна.
 
-Анх энэ захидлын уралдаанд оролцох талаарх санаа хэрхэн төрсөн бэ. Энэ талаараа манай уншигчидтай хуваалцаач?
-Би “Mongoljingoo.mn” сайт руу орж сонирхон унших дуртай л даа. Хайрын захидлын уралдаан зарласныг эхнээс нь мэдсэн ч, тухайн үед оролцох санаа төрөөгүй. Ажил ихтэй байсныг ч хэлэх үү. Харин захидал бичдэг тэр өдөр нойр хулжиж, эрт сэрчихээд, эргээд унтаж чадахгүй байсан. Ингэж хөрвөөж хэвтэхдээ юуг ч анзаарах сөхөөгүй нам унтаж байгаа нөхрөө хараад ойрд ажил ихтэй их ядарч байгааг нь бодоод учиргүй өрөвдсөн. Бодол гэдэг хязгааргүй, гүйцэгдэмгүй хурдан юм болохоор эндээс ургуулаад л ард хоцорсон дурсамжууд сэргэж, гэнэт л “Ханьдаа захидал бичье, бас хайрын захидлын уралдаанд явуулж яагаад болохгүй гэж” гэсэн бодол намайг хөтөлсөн. 
 
-Захидал тань олон хүний сэтгэлд хүрсэн байсан. Чин сэтгэлийн үгтэй сэтгэгдлүүд зөндөө байсан шүү дээ. Ийм нандин эрхэм бүхнийг шингээсэн захидлаа хэр удаан бодож байж бичсэн бол?
-Захидлаа 2 цаг бичсэн байх шүү, одоо багцаалдахад. Туулсан амьдралын зургууд нүдний өмнүүр жирэлзэж, сэтгэл огшин үе үе нулимс дуслуулаад л, бодлоо гүйцэх гэсэн шиг зүгээр л урсган бичиж байсан. Үнэхээр хүний сэтгэлд дурсамж дүүрээд ирэхээр үг, өгүүлбэрүүд өөрөө аяндаа урсаад байдаг юм шиг санагдсан.  
 
-Ингэхэд, ханьтайгаа танилцсан түүхээсээ уншигчидтайгаа хуваалцаач?
-Бидний танилцсан түүх их энгийн. Анагаах ухааны их сургуулийг төгссөн жилээ л Багануурт ажиллах болсон. Нөхөр маань бас энэ сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгссөн юм. Хувь тавилангаа хүн өөрөө бүтээдэг ч, заяа төөргийг хөтөлдөг зам харгуй гэж заавал бий. Энэ л замаар хөтлөгдөн ажил амьдралын анхны босгоор алхсан тэр өдрөө л нүдэнд дулаахан өндөр залуутай үе үе тааралдаж, үг нээн танилцах завшаан хайнгуут нь өөдөөс нь би хайнгадуухан хандаж,  нэг байгууллагын “нөхөрсөг ажилтнууд” явсаар, нэг л мэдэхэд дотносол хайрын дэлбээ сэтгэлийн хөрсөнд соёолсон байж билээ. Танилцсан түүх минь ийм энгийн ч, эмэгтэй хүн дасаж хайрладаг нь үнэн болохыг батлах гэгээн дэврүүн олон сайхан түүх бид хоёрт бий. 
 
-Гэр бүлд эв эе их чухал байх. Амар амгалан орчин бүрдэж гэмээнэ аз жаргал гэрийн босгыг алхан орж, хойморт нь инээд хөөр гийдэг байх. Тиймээс гэртээ амар тайван, аз жаргалтай уур амьсгалыг урт настай хадгалахын тулд юу хэрэгтэй гэж та боддог вэ?
-“Эмэгтэй хүн өглөөд ажилдаа яаран тэмүүлдэг, оройд гэр рүүгээ яаран догдолдог байвал тэр бүсгүй азтай” гэдэг үг байдаг. Дуртай ажлаа урам зоригтой хийж, бүтээсэн амьдралаа амар амгалан, аз жаргалтай туулах- энэ л бүсгүй хүний эрхэм үнэт зүйл. Гэр бүлийн эв найрамдал харилцаанаас л болдог. Залуу байхад ноёлж байдаг “ёстой бууж өгөхгүй дээ” гэдэг хатуу бодол, омог хийрхэл, аминч үзэл аль аль нь хэрүүл маргаан л авчирч, жижиг юмыг бүр том болгон хүндрүүлэх эхлэл нь болдог. Хүн л юм болохоор нэг нь сэтгэл хөхүүн, сайхан хоол зэхээд сууж байхад нөгөөх нь ажил дээрээ үүссэн хүндрэл бэрхшээл ч юм уу ямар нэг асуудлыг  сэтгэлдээ тээж гэртээ ирээд тэр л байдлаараа гэрийнхэндээ уцаартай хандах, гараа гаргасан хоолыг нь харах ч үгүй хэвтээд өгөх зэрэг таагүй зүйлүүд гардаг л амьдрал. Энэ л үед ханиа ойлгох, асуудлыг тэр хүний байрнаас харж чадах, дуугүй хүлээх, бухимдал зовлонг нь хуваалцах  тэвчээр эхнэр, нөхрийн хэн хэнд нь байх ёстой зүйл гэж боддог. Дагаж бухимдаад л, уураа надад гаргах шаардлагагүй хэмээн агсраад л эхэлбэл сэтгэлийн тайтгарал олох гэсэн нөгөө хүний хүсэл харин ч гэр бүлийн хэрүүл дажнаар даамжран зовлон дээр зовлон нэмэгдэх болно. Тиймээс гэр бүлд хүндэтгэлтэй, энгийн сайхан харилцаа цаг ямагт агаар, ус шиг хэрэгтэй л гэж боддог.
 
-Их сайхан зүйрлэл байна. Тэгвэл манай уншигч охид, бүсгүйчүүдэд та амьдралын нарийн ухааныг хэрхэн бий болгох, түүнийгээ гэр бүлдээ хэрхэн бадамлуулан асаах талаар чин сэтгэлийн зөвлөгөө өгөөч?
-Бид гэрлэсэн, ханилсан, цугтаа л өтөлнө, үр хүүхдүүд маань өсч байна, болж байна гэж бодохын хажуугаар гэр бүлдээ сонирхолтой өдрүүд, сонирхолтой цаг мөчүүдийг заримдаа зориуд бүтээж байвал өдөр тутмын урсгал амьдралыг солонгон шилээр харах мэт таатай сайхан өдөөлт мэдрэмжүүдийг гэр бүлд бэлэглэдэг гэж би номноос уншсан юм. Энэ үнэн шүү. Хэн хэндээ гэнэтийн бэлэг барих нь амьдралын нэгэн сайхан амт. Бэлэг гэдгийг зөвхөн эд зүйлээр биш, ер бусын гэнэтийн юугаар ч сэдэж, тэдэндээ баяр хөөр, үнэт цаг мөчийг сэтгэлд нь хоногшуулан үлдээж болно. Зарим үед гараа гарган хоол хийх урамтай байдгийн адил амьдралыг амталж өгөхгүй бол уйтгартай. 
 
Уншигч та Б.Сэргэлэнгийн “Дэрэн дээр үлдээсэн захидал” бүтээлийг http://www.mongoljingoo.mn/content/59536.htm линкээр орж уншаарай. 
 
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл