solongonews
Нууц хэлбэр
2014-12-29 17:13
Хий хоосон урсгалын салхи номын ширээн дээгүүр нүүж айсуй. Өнгөгүй, ядахдаа амьсгалд өртөх халуун хүйтэн, сэрүүн бүлээн юу ч алга. Үүнийг би яаж, юугаар баримжаалан төсөөлөхөө ч мэдэхгүй хэсэг гайхширан суулаа.

        Харин үг ярихад үл ялиг чичирхийлнэ. Гараа аажуухан гэгч явуулаад хүрч болох боловч хүний юманд би яаж дураараа хүрч болох аж. Зөвхөн нүдээрээ тэмтрэхийн эрх чөлөө намайг тэр хий урсгалын гэрэл нөлөөнд үерлүүлэн буцааж, уянгалуулан давхиулна. Салхи гэдэг гэрлийн нууц далдын бичиг ч юм уу, эсвэл гэрэл дунд юу нэг юм нуугдсаар байгааг зориуд надаа дэлгэж саймсархсан дэлхийн араншин ч юм уу ... буу мэд ээ, үл мэдэхийн оньс хаалга миний мэдэх бүх зүйлийг нууцлаад бүр хол явчихсан. Бодвоос үл мэдэх нь мэдэж бий зүйлээ эзэмдэн захирч байгаа нь аргагүй үнэн байх. Тэгвэл үзэгдэхгүй баригдахгүй юм л бол салхи гэж үү ? Тэр л юм одоо миний номын ширээн дээр эргэлдэнхэн, исгэрэнхэн үдэлж байгаа шүү.

        Салхи босож зогслоо. Би ч босож зогслоо. Салхи сүүдрээ хураах нь мэдрэгдэв . Сүүдрээ ч гэж дээ, байж байгаа дүрээ газар буулгасан тэр хэсгийг би түүний сүүдэр гэж нарлалаа. Түүнийхээр бол биш ч байж мэдэх юм. Тэр гүйгээд гарвал би дагаад гарахад бэлэн. Даанч хөдөлж өгөхгүй байх нь ээ. Хөдөлгөөн нүдийг минь захираад, миний бие аль алиных нь  тунгалаг хэлбэр болов. Нүдэнд үзэгдэж, бодолд тэмтрэгдэж байгаа бүх зүйл салхины эрх мэдэл, салхины дуу хоолой, салхины сэрэл мэдрэмж, цаашилбал салхины цаг хугацааг тэмдэглэх ас асдаа ертөнц юм. Тийм болохоор бид чинь маш олон нуугдмал ертөнцийн дунд жаргаж зовж байгаа “ Хүн” хэмээх нэртэй салхи л юм шүү. Номын ширээн дээгүүр салхины урсгал нүүж өнгөрснийг мэдэрч эхэлснээс хойш нүд минь холын юмыг тэмдэрдэг болоод, гар минь холын юмыг хураадаг болоод, чихээрээ харин амьдралын ямар нэгэн дуу чимээг гаргаж чаддаг боллоо.

Номын ширээ л хэзээд дув дугуй байх юм .

Зохиогч: Б.Очирваань
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Холбоо сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл