Шатар бол тэмцэлдээн ба хувьсангуй аргаар хүмүүсийн сэтгэх чадварыг сайжруулан бэлтгэдэг нэгэн төрлийн урлаг гэж хэн нэг нь хэлсэн байдаг. Нэн ч монгол шатар мянган хувиралтай, монгол хүн түмэн ухаантай гэсэн монголчуудын сэцэн үгнээс тоолшгүй олон арга мэх, сэтгэшгүй их гүн ухаан суулгадаг шатрын ид шидийг ойлгож болох юм.
“Байшюе шатрын хүрээлэнгийн Өвөр Монгол дахь салбар хүрээлэн”-г үүсгэн байгуулсан Алтандэлхий бол Шулуун Хөх хошуу нутагтай 90-ээд онд төрсөн залуу юм. Одоо түүний шатрын хүрээлэнд жил бүр 100 шахам хүүхэд багачууд дэлхийн шатар, монгол шатар, даам сурч, мөн уралдаан тэмцээнд гялалзам амжилт гаргаж явна.
512 бөхтэй найрын дээд 32-т орсон бөх
Алтандэлхийтэй анх уулзмгц би “Барилдчихмаар сайхан биетэй залуу байна” гэсэн бодол төрсөн юм. Тэрээр 2011 онд Өвөр Монголын спортын ажил мэргэжлийн дээд сургуулийг төгссөн. Сургуульд байх хугацаандаа Хятад маягийн Бөхөөр хичээллэж байв. Гэвч шатар тоглохыг балчир бага насандаа аав ээж, садан төрлөөсөө сурсан тэрээр сургуульд байх хугацаандаа Хөххотын дунд, бага сургуулиудын хүүхдүүдэд шатар зааж эхэлсэн байна.
2017 оны 05-р сард болсон Ордос хотын Үүшин хошууны Цагаан сүлдийн тайлгын найрын шатрын уралдаанд Алтандэлхий сурагчдаа дагуулан очиж оролцжээ.
Тайлгын найр нь 512 бөх урьсан их найр болж, дээд 64-д шалгарч үлдсэн бөхчүүдийн нэрсийг цагаан сүлдний доор сийлж үлдээнэ гэж найрын зөвлөлөөс мэдэгдэж байлаа. Ийнхүү бөхийн мэргэжлийн сориотой Алтандэлхий тус найрт онцгой од хийморьтой барилдаж, даваа бүгдийг амжилттай давсаар тавын даваанд даян аварга Баруун Үзэмчин хошууны Цагаанзаантай таарч, аз дутаж өвдөг шороодсон байлаа.
— Сурагч дагуулан шатрын уралдааныг зорьж очоод, наадамд зодоглон, дээд 32-т үлдэж, цагаан сүлдний доор нэрээ сийлүүлэн үлдээсэн маань маш сайхан дуртгалтай утга агуулгатай. Наадамд зодоглон, хийморь сэргээнэ гэдэг сайхан шүү гэж Алтандэлхий бахдал дүүрэн хэлсэн юм.
Одоо тэрбээр бөхийн мэргэжлээсээ илүү шатрын мэргэжилд ур ухаан сойж явна. Эр хүн тугал ч хариулна, туг ч барина гэдгээр Алтандэлхий зодогловол бөх болж, заавал шатрын багш болж л явна. Бие бөх бол сэтгэл бөх гэдэг үг түүн дээр биелж байгаа нь энэ.
Улсын дотоод, гадаадын нэрт багшийг урьж шатар заалгасан нь
Алтандэлхий Шулуун Хөх хошууны Сайнхудаг сумын Нарст багаар нутагтай. Нарст багийн хүмүүс шатар сайн тоглодог, найман настай жаалаас ная хүрсэн буурлууд бараг л бүгд шатар тоглож чаддаг сайхан уламжлалаараа хол ойр алдартай. Алтандэлхийн хувьд нялх бага насандаа аав ээж, садан төрлөөсөө шатар тоглохыг сурсан гэнэ.
Тэрээр шатар заах гараагаа Өвөр Монголын спортын Ажил мэргэжлийн дээд сургуулийн хоёрдугаар күрсийн оюутан байхаасаа эхлүүлж, Хөххотын дунд, бага сургуулиудын хүүхэд багачуудад дэлхийн шатар зааж, сарын 900 юаний цалин хөлс олдгоороо бусад оюутнуудын дунд онцгойрч явав. Тухайн үед тэрээр А.Норов, Содномпил, П.Төмөр зэрэг манай Өвөр Монгол орны шатрын их багш нартай анх танилцсан байна. Мөн сургуулийнхаа спортын салбарын эрхлэгч Бай Юншэнгийн дэмжлэгийг ихээхэн хүртэж шатраар багшлах ажлаа урамтай үргэлжлүүлж ирлээ.
2014 онд Алтандэлхий “Ухаан” монгол шатрын клуб байгуулж, шатрын хичээлийг системтэй зааж эхэлсний дараа 2016 оны 11-р сарын 11-нд Байшюе шатрын хүрээлэнгийн Өвөр Монгол дахь салбар хүрээлэнг үүсгэн байгуулж, Хятад улсын дотоодын дөрвөн нэрт багшийг урин залж шатрын хичээл заалгасан байна.
— Өөрөө би дэлхийн шатар заадаг, манай хүрээлэнгийн бусад хэдэн багш нарын дотор Монгол Улсаас Ариунболд, Галмандах гэсэн 2 багш монгол шатраар, Жүө Гүөжүн багш дэлхийн шатраар хичээллэж байдаг. Үүнд, Ариунболд багш бол олон улсын шатрын “Азийн аварга” бөгөөд Галмандах багш бол олон улсын шатрын тоо бодлогын талаар их амжилт гаргасан хүн юм гэж Алтандэлхий хүрээлэнгийнхээ багш нарын эгнээг танилцууллаа.
Сайн багшаас шилдэг Сурагч гарах нь гарцаагүй. Ийнхүү шилдэг багш нарын заан сургалтаар Алтан олон улсын шатрын хүрээлэнгийн Шао Шэнюй, Ян Чэнтао, Ма Юйбүө зэрэг сурагчид улсын зэрэглэлийн шатрын уралдаанд өнөөг хүртэл нэгэнт 8 удаа тэргүүлээд байна.
Мөнц Ян Чэньтао гэдэг Сурагч 2017 онд Орост болсон Олон улсын шатрын хурдан ба онц хурдан уралдааны хоёр алтан медаль гардаж, амжилт дүүрэн буцаж ирсэн байдаг. Энэ хэдэн жилийн хугацаанд Байшюе шатрын хүрээлэнгийн Өвөр Монгол дахь салбар хүрээлэнд Хөххот орон, бүх аймаг, хотын хүүхэд багачууд олон ирж шатар сурч буйгаар үл баран Үкрайн, Америк, Австрали зэрэг харь улс гүрнээс ирж шатар суралцсан нь ч олон болжээ.
Дэлхийн аварга бэлтгэхээр хичээнэ
Дэлхий нийтийн спортын төрөлд хөл бөмбөг нэгдүгээрт, шатар хоёр дахь том спортоор жагсдаг. "Дэлхийн шатар бол оюун ухааны гимнастик” гэж Ленин хэлсэн байдаг. Монголчууд “Найрын дээд айраг, наадмын дээд шатар” гэдэг. Настайчууд шатар тогловол мэнэгрэж тэнэгшрэн өвчин тусахгүй” гэж манай Өвөр Монгол орны нэрт шатарчин Содномпил настан ярьсан гэдэг.
— Багачууд хүүхэд шатар тоглох нь ой санамж, цээжлэх чадварыг дээшлүүлэн, анхаарлыг төвлөрүүлж, биеэ даах чадварыг дээшлүүлдэг, онцгойлон оюун тархийг нээж, бүтээлч сэтгэхүйг хөгжөөдөг. Шатрын үүсэл гарлын тухай янз янзаар хэлдэг ч миний хувьд монголчуудаас үүсэлтэй гэж боддог. Энэ тухай Монгол Улсад 3500 жилээс өмнөх үеийн шатрыг олборлож илрүүлсэн баримт байдаг гэж Алтандэлхий танилцуулж байлаа.
Дэлхийн шатар, монгол шатар нь явдал нүүдлийн тал дээр нэг их ялгаа зөрөөгүй хэдий ч монгол заан сургалтын талдаа үг хэл, соёлын ялгаа зөрөө тун их байдаг. Мөн монгол шатар тоглоход хүү, бодыг хоосортол иддэг ёс байдаггүй зэргээс монгол соёлын суу ухааныг ойлгон таних биз ээ.
Алтандэлхийн хувьд түүний дараагийн том зорилт бол олон улсын шатрын дэлхийн аварга хүмүүжүүлэх явдал байлаа. Одоогийн байдлаар түүний зааж сургаж байгаа сурагчдын дотроос улсын зэрэглэлийн уралдаанд 8 удаа тэргүүлж байсан болохоор энэ суурин дээрээ дэлхийн аварга хүмүүжүүлж гаргахад итгэл дүүрэн байлаа. Гэхдээ олон улсын шатрын дэлхийн аварга хүмүүжүүлэх гэдэг тийм ч хялбар биш, дэлхий нийтийн олон шатарчид оролцсон нээлттэй, олон улсын чансаатай уралдаанд оролцон тэргүүн байранд шалгарч байж сая дэлхийн аваргад тооцогддог ёстай. Одоо Алтандэлхий өнөө жилийн 8 сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байгаа “Олон улсын чансаа” нэрэмжит олон улсын шатрын уралдаанд оролцохоор сурагч шавь нараа сорьж хүмүүжүүлж байна. Үндэстнийх бол дэлхийнх гэдэгт Алтандэлхий бат итгэдэг. Түүний сурагч шавь нараас олон улсын шатрын дэлхийн аварга төрнө гэдэгт сайны ерөөл дэвшүүлъе.
