solongonews
Цаг үетэй зэрэг урагшилж яваа малчин
2018-07-13 16:53
Ордос хотын Үүшин хошууны Сүлд сумын Түнц багийн малчин Цэнгэлийнд хүрэхэд томхон шиг айл нүдэнд туслаа. Тэрээр жолоочгүй жижиг нисэх онгоцоор малаа харуулдаг. Өндөр орой дээр гарч жолоочгүй онгоцоо нисгэн хэд эргэлдээд ирвэл мал нь хаана байгааг олоод мэднэ.

 

Зөөлөн бороо зүсэрсэн дэлгэр зуны зургаан сарын аравдаар Ордос нутгаар сурвалжилж явлаа. Өвөр Монголын хэмжээнд ихэнх аймаг хот их гантай байхад Ордос нутагт ган гачиг арай дээр байв. Ордосын малчид малаа бэлчээрлүүлэн тарган тавтай зуншиж байлаа.

Баруун талаараа хайлс, харгана багширсан балар манхтай, зүүн талаараа нялх ногоо хивс мэт дэвсэгдсэн нарийн сайхан цайдам нутагт байршсан байшин, хүрээ хашаа нь хувь хүнд цөөн байх тохилог сайхан сууринд хүрч ирлээ. Энэ айл бол Ордос хотын Үүшин хошууны Сүлд сумын Түнц багийн малчин Цэнгэлийнх ажээ. Цэнгэл нар, салхинд борлосон дунд хэрийн бие хараатай, үг яриатай хүн билээ.

Цэнгэл малынхаа эв дүйг олж, хар багаасаа малтайгаа ноцолдсоор ирсэн нарны бор малчин юм. Гэвч түүнд бусад малчдад дутагддаг шинийг санаачлах тархи, орчин үеийн бодолтой. Ямар нэг зүйлийг хийсэн ч түүндээ бүх сэтгэл, бүх зоригоо зориулбал ач хариуг нь олно гэдгийг Цэнгэлийн үйл ажиллагаа илүү сайн гэрчилжээ. Цэнгэлийн өвөө, аав нь хот усандаа нэртэй сайн малчин байсан. Тэдний нөлөөг бага байхаас хүртсэн Цэнгэл мал маллахдаа бас сайн байлаа.

- Намайг бага байхад манайхан мөн Ордос нарийн ноост хонио маллаж байсан. Иймээс энэ хониндоо би учиргүй их хайртай гэж Цэнгэл ярина.

Зах зээлийн шахалт, элдэв янзын үүлдэр угсааны түрэлтээс болж нэг үе Ордос нарийн ноост хонь маллах айл цөөрч, бүр л мах сайтай Дү Бүө хонь буюу жилд хэдэн хурга тосдог богино сүүлт өлчир хонь малладаг болсон байв. Тэдгээр үүлдрийн хонийг маллах нь тухайн үед ашиг өндөр байсан нь үнэн, гэвч орон нутгийн үүлдэр гэж тухайн байгаль орчинтойгоо яв цав зохицсон гэдгийг зарим хүмүүс мартсан байлаа.

Үүшин хошуунд 60-аад оноос эхлэн гар хээлтүүлэг хийж байсан түүхтэй. Тухайн үед гар хээлтүүлэг хийх мэргэжилтэн ч олон байжээ. Багаасаа сониуч зантай байсан Цэнгэл гар хээлтүүлэг сурч, 90-өөд оноос эхлэн өөрөө гар хээлтүүлэг хийж чаддаг болсон байв. Ордос нарийн ноост хонины хувь заяа урьд өмнө байгаагүй түгшүүрт байдалд учирсан үед Цэнгэл 1996 оноос эхлэн хувиараа судлан шинжилж, холбогдох материал цуглуулж эхэлжээ. Тэрээр ямар хонь ихэрлэдэг, ямар байдалд ихэрлэх норм өндөр байдгийг судлан хайсаар байв. 2011 оны намар ордос нарийн ноост хоёр хонинд ороо орсон 24 цагийн дотор тус бүр ордос нарийн ноост хоёр хуцаар хээлтүүлэв. Эрэмдэг хурга гарахаас болгоомжилж энэхүү учраа гэргий Нансалмаадаа ч хэлээгүй. Харин төллөх үед эрүүл ихэр хурга тосоод нууцаа сая гэргийдээ хэлжээ. 2012 онд 3 хонинд туршилт хийгээд амжилт олж, түүний зоригтой хийсэн туршилт зөв гэдгийг батлав. Ингээд зоригтой болсон тэр 2013 онд Отог хошууны Улаан суурингийн Баян-Ус багаас мах сайтай Дү Бүө хонь болон богино сүүлт өлчир хонины хуц худалдан авч, 40 эх малыг сонгон ордосын нарийн ноост хуц болон Дү Бүө хуц, ордос нарийн ноост хуц болон богино сүүлт өлчир хонины хуц, ордос нарийн ноост 2 хуцаар хээлтүүлэг хийгээд 33 хонь нь ихэрлэж, ордос нарийн ноост хонины үүлдрээ хамгаалснаар барахгүй мах сайтай хонийг ч бойжуулсан байна. Тухайн жил 160 гаруй ордосын нарийн ноост хонинд туршилт хийгээд 140 хонь нь ихэрлэжээ.

- Манай ордос нарийн ноост хонь энэ нутагтаа тохирсон бэлчээрт сайн, мах, ноосны хос хэрэгцээт хонь бөгөөд ёстой хонь шиг номхон хонь гэж үүнийг л хэлдэг. Одоо туршилтаар дамжаад өмнө нь ихэрлэдэг норм 20 хувьд хүрэхгүй байсан бол 80 орчим хувьд хүргэсэн. Энэхүү ихэрлүүлэх аргыг маш олон хүн итгэхгүй байсан гэж Цэнгэл маш баяртай ярьж байлаа.

Цэнгэл малын үүлдэр угсаагаа сайжруулахын зэрэгцээ орчин үеийн хөгжлийн талаар ч бусад хүмүүсээс оройлж мэдэж явна. Тэрээр 1 сая юань зарцуулж, томоохон хэлбэрийн тарьж хадах машин, бордоо цацах машин, малын хог баас цэвэрлэх машин, тэжээл бордоо нунтаглан тэжээх машин зэрэг олон арван машин техник худалдан авчээ. Үүгээр ч барахгүй 10 гаруй га талбайтай эрдэнэ шиш тарьж, малын тэжээл бордоогоо өөрөө хангадаг болсноос зарлагаа бага бус хэмнэжээ. Зарлагаа хэмнэсэн суурин дээр хамгийн чухал нь хөдөлмөр хүч ихээр хэмнэв. Хөдөө нутгаар нилдээ оршиж байгаа хөдөлмөр хүч дутагдах асуудал Цэнгэлийнд ч адил тулгарч байв. Хүү нь их сургуульд суралцдаг болж гэргий Нансалмаатайгаа 800 гаруй хонь, 50 гаруй үхрээ тэжээнэ. Иймээс ямар ч ажилд хүний хүч их хэрэгтэй. Харин машин технологийн сайнаар тэд тэгтлээ их зүдрэхээ больж, малаа машинаар тэжээж бордон, тариагаа машинаар тарьж хураадаг болсноос 2 хүн амжуулах болжээ. Пин хашаандаа камер суулгаснаас шөнө дөлөөр гарч төллөх малаа манах учиргүй болж, халуун ханзандаа сууж хонь малаа ажих болсон байв. Өнгөрсөн жил 12 мянган юань зарцуулж, жолоочгүй онгоц худалдан авч, өндөр манхан орой дээр гарч онгоцоо нисгэн малынхаа хаагуур бэлчиж байгааг мэдэх болсон байна. Ёстой орчин үеийн мэргэжил Цэнгэлийнд бага бус нөлөө үзүүлжээ.

Гэхдээ хонины ноосоо арай ч бүгдийг машинаар хайчлах болоогүй байлаа. Жил бүрийн ахрын цаг ирэхээр тэднийх бөөн ажил болж, 9 өдөр хайчлан байж дөнгөж дуусдаг. Энэ жил нэг хонь хайчлахад гарын хөлс 16 юань авдаг болжээ. Гэвч хонины ноос энэ жил 500 грамм бүрдээ 26 юаньд хүрч, хонь бүрээс дунджаар бараг 6 кг орчим ноос буудаг болохоор эднийх ахрын орлого ч 150 мянган юань орчим болдог. Энэ нь 90-ээд оны үед 500 грамм ахар 4 юань, жилдээ ахар худалдаад хэдэн мянган юанийн орлого олдог байсантай харьцуулбал ёстой тэнгэр газрын зөрөөтэй болсон байна. Цэнгэлийнх бас хувиараа 200 гаруй га талбай бэлчээртэй бөгөөд 267 гаруй га талбай бэлчээрийг жилийн 40 мянган юаниар түрээсэлж байна. Ахрын орлогоос гадна хурган хуцны бие бялдар сайн, үүлдэр угсаа шилдэг болохоор хуц бүр 2000 юаньд хүрч, охин хурга нь ч 800-900 юаньд хүрч, жилийн нийт орлого 500 гаруй мянган юаньд хүрдэг байна.

Одоо Цэнгэл “Нарийн цайдам мал аж ахуйн хоршоо” байгуулж, өөрөө малын махаа борлуулж байна. Түүний шаргуу хөдөлмөр зүтгэлээр “Ордос нарийн ноост хонины өнөр үржилт өрх”, “Ордос нарийн ноост хонины шинжлэх ухаан мэргэжлийн шинийг санаачилсан өрх”, “Ордос нарийн ноост үүлдрийн хонь бойжуулсан гол өрх”, “Ордос нарийн ноост хонь малласан том өрх” зэрэг маш олон шагнал, өргөмжлөлийг хүртжээ. Гэвч тэрээр хойш суусангүй, харин Шаньдүн, Хэбэй мужаар мал аж ахуйн арга туршлага суралцаж, Ганьсү, Хөхнуураар явж мэргэжил дээшлүүлэн хараагаа тэлжээ.

Тэрээр зөвхөн мал аж ахуйн ашиг орлогыг хөөцөлдсөн биш орчин тойрныхоо манхан газраа ойжуулан, малчин хүний агуу ухааныг олон түмэнд гайхуулна.

- Өр байхгүй, жаахан хадгаламж бий. Иймээс өр төлөхийн тулд сэтгэлээ зүдрээх хэрэггүй болсон. Өргүй бол сэтгэлд ч таатай гэж байв. 

Зохиогч: Уртнаст, Наранчимэг, БаярЦэнгэл, Өнир, Цовоо
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл