solongonews
Ван И Украины Гадаад хэргийн сайд Кулебатай утсаар ярив
2022-03-02 11:22
Ван И Украины Гадаад хэргийн сайд Кулебатай утсаар ярив.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 03-р сарын 01-нд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай хүсэлтийн дагуу утсаар ярив.
Кулеба Украин, Оросын хоорондын хэлэлцээний эхний шатны байдлыг танилцуулж, дайныг зогсоох нь Украины талын нэн тэргүүний зорилт юм гэжээ. Хэдийгээр одоогийн хэлэлцээр урагшгүй байгаа ч Украины тал тайван байж, хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Хятад улс Украины асуудалд бүтээлч үүрэг гүйцэтгэсэн.Украины тал Хятадтай харилцаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Хятадын талын чухал үүрэг гүйцэтгэхийг тэсэн ядан хүлээж байна гэжээ.
Ван И хэлэхдээ "Украины байдал хурдацтай өөрчлөгдөж, Украин, Оросын хооронд мөргөлдөөн үүссэнд Хятад улс харамсаж, энгийн иргэд хохирч байгаад туйлын санаа зовниж байна.Украины асуудлаарх Хятадын үндсэн байр суурь бол нээлттэй, ил тод, тууштай болох юм. Бид бүх улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг үргэлж дэмжиж ирсэн. Өнөөгийн нөхцөл байдалд Хятад улс Украин, Оросыг хэлэлцээрийн замаар асуудлыг шийдвэрлэхийг уриалж, улс төрийн шийдэлд тустай олон улсын бүхий л бүтээлч хүчин чармайлтыг дэмжиж байна.
Нэг улсын аюулгүй байдал нь бусад орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болохгүй, цэрэг армийн хүчнийг өргөжүүлэх замаар бүс нутгийн аюулгүй байдлыг хангах боломжгүй гэж үзсээр ирсэн юм. Дайн байлдааны ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж байгаа тул яаралтай нэн тэргүүнд хийх зүйл бол нөхцөл байдлыг аль болох намдаах бөгөөд зөрчил мөргөлдөөнийг хурцатгах, бүр хяналтаас гаргахаас зайлсхийж, ялангуяа энгийн иргэдэд хохирол учруулахгүй байхыг тэргүүний зорилт болгох хэрэгтэй. Үүний зэрэгцээ хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй, цаг алдалгүй хүртэх боломжийг хангах ёстой" гэжээ.
Украин дахь Хятад иргэдийн аюулгүй байдлыг хангах байр сууриа онцлон, Украины холбогдох олон улсын үүрэг хариуцлагыг хүлээхийг уриалав. Украин дахь Хятад иргэдийн аюулгүй байдлыг Хятадын засгийн газар дээд хэмжээнд чухалчилж, тэдний аюулгүй байдалд ямагт санаа тавьж байна хэмээн Ван И онцолжээ.

"Украин дахь Хятадын иргэд бүгд Хятад, Украины найрамдлын элч, Украины ард түмний анд нөхөд юм. Украины дэмжлэг, хамтын ажиллагаа, Украины нийгмийн бүхий л салбарын найрсаг тусламжийн ачаар Украин дахь Хятад оюутнууд болон гадаадад байгаа хятадуудын нутаг буцах ажлын үйл явц ахицтай явагдсаар байна. Украин гадаадын иргэдийн нутаг буцахад зориулалттай тусгай галт тэрэг зохицуулсан нь олон улсын хүмүүнлэгийн үзэл санаатай нийцэж байгааг Хятад улс сайшааж байна. Украин улс Украин дахь Хятадын иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч, Хятад иргэдийн нутаг буцах баталгаа, тав тухыг үргэлжлүүлэн хангахад найдаж байна" гэжээ.
Кулеба хэлэхдээ "Гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах нь Украины талын чухал үүрэг юм. Украин Хятадын талын санаа зовнилыг чухалчилж, Хятад оюутнууд болон бусад хүмүүсийн нутаг буцахад нь тусалж байна. Украин улс хариуцлагатай хандаж, гадаадын иргэдийн аюулгүй нутаг буцах ажлыг үргэлжлүүлэн хийх болно" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл