Одоогийн байдлаар зарим оронд "КОВИД-19" хурдацтай тархаж байгаа бөгөөд Хятад улсад хилийн чанадаас халдвар авч ирэх эрсдэл нэмэгдсээр байна. Бээжин хот 03-р сарын 25-ны 00:00 цагаас эхлэн урьдчилан сэргийлж, хянах шинэ арга хэмжээ авах бөгөөд Бээжингийн боомтоор орж ирсэн бүх хүмүүсийг зорьж очих газраас үл хамааран бүгдийг газар дээр нь тусгаарлаж, анагаахын ажиглалтад хамруулан, нуклейн хүчлийн шинжилгээ хийхийг шаардсан байна.
Урьдчилан сэргийлж, хянах шинэ арга хэмжээнд 14 хоногийн дотор Бээжингээс бусад боомтоор орж ирсэн бүх хүмүүсийг зориулалтын газар төвлөрүүлэн тусгаарлаж ажиглалт хийн, нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулна. Тусгаарлан ажиглах төлбөрийг өөрийн зардлаар хийх бөгөөд шинжилгээний төлбөр тооцоог үндсэн эмчилгээний даатгалд нэгдсэн эсэх, эсвэл арилжааны даатгал худалдаж авсан эсэх зэргийг үндэслэн, холбогдох журмын дагуу хийнэ гэж шинэ тогтоолд тэмдэглэв.
БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн газар саяхан шийдвэр гаргаж, 23-ны өдрөөс эхлэн Бээжин хот руу орж ирэх олон улсын бүх нислэгүүдийг Тяньжинь, Шыжяжуан, Тай-Юань, Хөххот зэрэг дотоодын 12 боомтоор шилжүүлэн нэвтрүүлнэ гэсэн юм.
Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал бол Хятад улсын олон улсын агаарын тээврийн чухал төв. АНУ, БНСУ, Франц, Герман, Испани зэрэг 33 улсад 200 гаруй олон улсын зорчигч тээврийн нислэг ажиллуулж байгаа юм.
