11-нд ХОУР-д ярилцлага өгсөн мэргэжилтнүүд аудитын ажлын тайланг тодорхойлохдоо, Хятадын орон нутгийн засаг захиргааны өрийн эрсдэлийг ерөнхийдөө тогтоон барьж болно. Төвийн төсвийн хэрэгжилт маш сайн байгаа бөгөөд Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийн хандлагыг баталгаажуулж чадсан байна гэжээ.
Хятадын Аудитын газрын ерөнхий аудитор Хү Зэжюнь тавьсан аудитын ажлын тайлангаас үзвэл, 2017 оны 3-р сарын эцэс хүртэл 16 муж, 16 хот, 14 сяний засаг захиргааны өрийн эрсдэлийг ерөнхийд нь тогтоон барьж болно, зарим орон нутгийн засаг захиргааны өрийн нэмэгдэл нэлээд түргэн байгаа ба хууль бус өрийн асуудал бас байна. Хятадын Аудитын газрын албаны хүн хэлэхдээ: Орон нутгийн шинээр нэмэгдэж буй эдгээр өрийг нийгмийн хөгжил, ард түмний амьжиргааг сайжруулах төсөлд зарцуулснаар үр ашигтай хөрөнгө бий болж, тухайн нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг баталгаажуулсан байна. Мөн орон нутгийн өрийн дундаж хэмжээ 70 орчим хувь байгаа нь дэлхийн бусад гол гол эдийн засгийн цогцын засгийн газрын өрийн хэмжээтэй харьцуулахад нэлээд доогуур түвшинд байна.
Хятадын Сангийн яамны Санхүүгийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Банк санхүүгийн судалгааны төвийн эрхлэгч Жао Чуаньхөүгийн үзэж байгаагаар, Хятадын орон нутгийн захиргаадын өрийн хэмжээг дэлхийн хэмжээнд авч үзвэл тийм ч өндөр биш, голдуу гол гол эдийн засгийн цогцуудын хотжилтын оргил үеийн өрийн хэмжээтэй харьцуулбал харьцангуй доогуур түвшинд байгааг аудитын тоо баримт харуулсан гэжээ.
Тэрээр: "Орон нутгийн захиргааны өрийн хэмжээ 70 хувьд хүрнэ гэдэг тийм ч өндөр биш. Олон улсын хэмжээнд 100 буюу 150 хувийн дотор тогтоон барьдаг болохоор харьцангуй бага байгаа юм. Өдгөө Хятад улс хотжилтын оргил үедээ орж, хотжилтын хөрөнгө босголтыг голдуу орон нутгууд хариуцаж байгаа болохоор оргил үедээ АНУ, БНСУ, Японтой харьцуулбал нэлээд доогуур түвшинд байгаа юм" гэжээ.
2016 онд, Хятадын хөгжилд гадаад дотоодын олон ноцтой сорилтууд тулгарсан. Гэвч эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүтэн жилийн гол зорилтод үүргээ амжилттай биелүүлж, эдийн засаг 6.7 хувиар өссөн. Хятадын Аудитын газрын дарга Хү Зэжюний тайлангаас үзвэл, 2016 онд төвийн төсвийн хэрэгжилт ерөнхийдөө сайн, олон нийтийн төсвийн орлогыг 100.02 хувиар биелүүлсэн ба олон нийтийн төсвийн зарлага 4.4 хувиар нэмэгдэж, хөгжлийн шаардлагыг хангасан байна. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Санхүү стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач Ван Дэхуа хэлэхдээ: Төвийн төсвийн хэрэгжилтийн байдал сайн, Хятадын эдийн засаг тогтвортой өсөхийг баталгаажуулсан байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "2016 онд, төвийн төсвийн хэрэгжилт илэрхий хэдэн онцлогтой байна. Нэгд, санхүүгийн идэвхтэй бодлогын эрч хүч нэмэгдэж, үр ашгийн төлөө зүтгэсэн. Санхүүгийн алдагдлын хувьд, 2016 онд үлгэр жишээ болохуйц өөрчлөлт гарав. Энэ нь татварыг багасгаж, зардлыг бууруулахыг дэмжсэний улмаас ихэнх алдагдал гарч, эдийн засгийн цогц дахь ердийн аж ахуйн нэгжийг зохих түвшинд хөгжүүлж, ялангуяа хувийн аж ахуйн нэгжийн дотоод өсөлтийг дайчилсан. Хоёрт, төвөөс дутагдалтай талаа хөгжүүлэхэд ихэд анхаарав. Тухайлбал, ядуурлаас ангижруулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг ихээр нэмэгдүүлсэн. Үүнд шинжлэх ухаан технологи, боловсролын салбарын хөрөнгө оруулалт зэрэг хамрагдсан. Гуравт, сүүлийн хэдэн жилийн турш, төвөөс хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулахыг чухалчилж, санхүү татварын салбарын олон талын шинэчлэлийг түргэтгэсэн зэрэг болно" гэжээ.
