Саяхан тус хурлыг мэдээлэх үйл ажиллагаанд оролцсон гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын сэтгүүлчид Хятадын Тяньжинь хотноо очиж, Бээжин, Тяньжинь, Хэбэй муж уялдаатай хөгжиж буй байдлыг сурвалжилсан байна.
ХКН-ын XIX их хурлын Хэвлэл мэдээллийн төвөөс зохион байгуулж, Америк, Мьянмар, Пакистан, Израйль, Йордан, Австрали зэрэг улс орон, бүс нутгийн нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын 90 гаруй сэтгүүлчдийг Тяньжиний худалдаа үйлчилгээний төв, ложистикийн Шэнтун компанитай танилцуулж, Бээжин, Тяньжинь, Хэбэй муж уялдаатай хөгжиж буй сүүлийн үеийн байдлыг сурвалжуулсан байна.
Өглөөний 08:00 цагт Бээжингээс Тяньжинь орох “Сэргэн мандалт” C2017 галт тэрэг хөдлөв. Төдий л удсангүй галт тэрэг цагт 300 гаруй км хурдалж, олон орны гэрэл зурагчин, операторууд галт тэрэгний дотоод тохижилт, зам дагуух байгалийн үзэмжийг зураглаж байлаа.
Хятадын төмөр замын шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн судлаач Жан Бо галт тэргээр явж байхдаа:
- 2008 онд Бээжин-Тяньжинь хот хоорондын хурдны төмөр зам ашиглалтад орсноор Хятад улс хурдны галт тэрэгний эрин үед орсон юм. Есөн жилийн хугацаанд Бээжин-Тяньжинь хот хоорондын хурдны галт тэрэг давхардсан тоогоор 200 сая зорчигч тээвэрлэж, Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн аж үйлдвэрүүд шилжин тархах үйл явцад нэмэр болсон гэсэн байна.
“Сүүлийн арваад жилд Хятадын хурдны төмөр зам маш түргэн хөгжлөө. 2016 оны сүүлч хүртэлх байдлаар Хятад улсын нийт төмөр замын урт 124 мянган км, хурдны төмөр замын урт 22 мянган километрт хүрсэн нь дэлхийн хурдны төмөр замын нийт уртын 60 хувийг эзэлж байна.”
АНУ-ын Хятад хэлний телевизийн сэтгүүлч Вендт Сарах Катерине өмнө нь Хятадад ирж, хурдны төмөр замын талаар гүн сэтгэгдэлтэй буцжээ.
“Сүүлийн үед Хятад улсад хурдны төмөр зам мэтийн дөрвөн шинэ нээлт гарсан. Хурдны төмөр зам зорчигчдод үнэхээр амар болжээ. Бээжингээс Тяньжинь хүрэхэд ердөө 30 минут зарцуулна.”
Тяньжиний ложистикийн Шэнтун компанид очиход олон сэтгүүлч тэндхийн автоматаар ялган ангилах системийн ажиллаж буй бодит байдлыг хараад ихэд гайхав. Улбар шар тавиур барьсан роботууд нааш цааш сүлжилдэн, боодолтой илгээмжүүдийг нэг нэгээр товлосон газар нь хүргэн тавьж, ялган бэлтгэж байлаа.
Энэхүү автомат системийг 2015 оноос ашиглаж эхэлжээ. Роботууд цагт 18 мянган боодол илгээмжийг ялгаж бэлтгэх чадвартай бөгөөд бараг алдаа гардаггүй гэнэ. Хөдөлмөрийн зардлыг 70 хувиар хэмнэсэн бөгөөд ложистикийн автоматчлалын түвшинг ихээр нэмэгдүүлсэн гэж Тяньжиний Шэнтун компаний ерөнхий захирал Ван Юйчин танилцуулсан юм.
Израйлиас ирсэн сэтгүүлч Раяа Кевор Хятадын инновац хөгжлийн тухай ихэд сонирхож байлаа.
“Нэг зүйл маш сонин санагдаж байна. Юу гэхээр түрээсийн унадаг дугуйн дахь хоёр хэмжээст код. Гар утсандаа суулгасан аппликейшнээрээ хоёр хэмжээст кодыг уншуулаад л дугуй унаад явчихдаг. Бэлэн мөнгө хэрэглэх шаардлагагүй. Хятадын шинжлэх ухаан технологи амьдралыг улам амар хялбар болгож байна.”
Шинжлэх ухаан технологи Хятадын ард иргэдийн амьдралыг улам амар, улам ухаалаг болгож буй явдлыг сэтгүүлч Вендт Сарах Катерине ч бахархаж байлаа.
“Хятадын хөдөлгөөнт сүлжээний технологи амьдралыг маш амар хялбар болгож байна. Гар утсаараа төлбөрөө хийнэ. Вичат өдгөө Америкт ч их дэлгэрч байна. Энэ бол харилцааны маш сайн хэрэгсэл юм.”
Гадаадын олон орны сэтгүүлчид Бээжин, Тяньжинь хот, Хэбэй мужийн уялдаатай хөгжлийн тухай маш их анхаарч, янз бүрийн асуулт тавьж байлаа. Худалдаа үйлчилгээний бүсийн удирдах зөвлөлийн дарга Жэн Вэймин сэтгүүлчдэд энэ тухай нарийн танилцуулав.
“Биньхай шинэ дүүрэг нь Бээжин, Тяньжинь, Хэбэйг уялдаатай хөгжүүлэх, нийслэлийн ачааллыг багасгах стратегийг хүлээн авч хэрэгжүүлэх чухал газар болсны хувьд бидэнд маш сайн суурь бий. Эндхийн Жябао хурдны галт тэрэгний буудлаас Бээжингийн галт тэрэгний өмнөд буудал хүрэхэд 170 гаруй км. Хурдны төмөр зам ашиглалтад орсноос хойш ирж очиход 50 минут зарцуулдаг болсон. Одоо Бээжин, Жябаогийн хооронд өдөр бүр 9 хос галт тэрэг, Тяньжинь хүрэх 23 хос галт тэрэг ирж очиж байна. Бээжин, Тяньжин, Хэбэйг уялдаатай хөгжүүлэх зам тээврийн ерөнхий сүлжээ энэ газарт нэлээд сайн тусгагдсан гэж хэлж болно.”
Жэн Вэйминий танилцуулснаар:
- Тус бүс Бээжин хотын нийслэлийн бус чадавхийг шилжүүлэн хялбарчлах үүрэг хүлээн хэрэгжүүлэхээр гол болгож, Бээжин дэх төрийн өмчит том компани, нэр нөлөө бүхий хувийн компани, үндэстэн дамнасан компанид хандан, тэдний төв байрны төсөл ба бусад төрөл бүрийн чанартай аж ахуйн нэгжийг татан авчирч байгаа бөгөөд илэрхий үр дүнд хүрчээ. Хоёр жил орчмын дотор Бээжингээс 1000 гаруй компанийг шилжүүлэн авчирч, бүртгүүлсэн нийт мөнгөн дүн 150 тэрбум юань хүрсэн байна. Энэ оны эхний хагас жилд гэхэд тус бүсэд Бээжингийн 200 гаруй чанартай компани нүүж ирж, өдгөө тус бүс дэх 57 компаний төв байрны 28 нь Бээжингээс шилжиж иржээ.
Ердөө ганц өдөр аялан сурвалжлага хийсэн боловч Хятадын асар их хөгжил, шинэчлэл сэтгүүлчдэд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Йорданы сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх захирал Хадеел Габоун:
- “Хятад, Йордан хоёр улс хамтын ажиллагааны олон төсөл хэрэгжүүлж байна. Бид Хятад улсын тухай улам сайн ойлгож танилцах хэрэгтэй. Тэгж байж л Хятадаас ямар ямар төслийг Йорданд оруулж болохыг ойлгох болно гэж ярьж байлаа.
