Хөдөө нутагт амиллын хишиг бялхаж, хөрс шороонд ургах шим хайрласан хаврын сүүлийн сарын өлзийт өдөр Хөөвөр нутгийн дэнжийг хотолзуулан, хүлэг морьдынхоо хийморийг сэргээхээр Зүүн Үзэмчин хошууны Саамай сумын Баянхөөвөр багийн залуу малчин Дэнсрэн “Хөөвөр хурд” хурдан морины шандас шалгах анхны бооцоот уралдаанаа зохион байгуулав.
Малчин Дэнсрэн эцэг дээдсээс уламжилсан малчин заяагаа өвлөн, армаг хүлгээ унан, уяж сойж, адуун соёлоо хөгжүүлсээр байна. Тиймээс тэрээр ахуй амьдралын чөлөө заваа ашиглан энэ удаагийн уралдааныг хувиараа зохион байгуулсан юм. Баянхөөвөр багийн Ноён дэлд хурсан түмнийхээ харааг мялаан, хурдан хөлгүүдийн уяаг шалган, ус нутгийнхаа уул толгодоо баясгасан тус наадам нь их насны морь, хязаалан үрээний уралдаан болжээ. 12.5 километрийн их насны морьдын уралдаанд хорь гаруй хүлэг хурдлан, Улиастай суурингийн уяач Буянжаргалын хээр морь түрүүлж, Самай сумын Баянхөөвөр багийн уяач Бүрэнмандахын сартай хээр аман хүзүүдэв. 10 км хязаалан үрээний уралдаанд арваад үрээ хурд шалгасны эцэст Самай сумны Жаранбулаг багийн уяач Мөнхгэрэлийн ухаа үрээ тэргүүлж, Гахил сумын уяач Өлзийн хээр үрээ аман хүзүүдлээ.
