solongonews
Хурдны галт тэрэг зүүн хойд нутгийн хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэж байна
2017-07-21 11:36
2012 оны 12-р сарын 1-нд ашиглалтад орсон Харбин-Далянь чиглэлийн хурдны галт тэрэг хахир хүйтэн цаг агаарын нөхцөлд зорчих чадвартай дэлхийн хамгийн анхны хурдны галт тэрэг бөгөөд дөрвөн жил гаруй өндөр үр ашигтай ажиллаж, давхцсан тоогоор 150 сая зорчигч тээвэрлэсэн байна.

     Энэ тоо тасралтгүй шинэ рекорд тогтоож, Хятадын зүүн хойд бүсийн хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэсээр байгаа юм.

Харбин-Далянь чиглэлийн хурдны галт тэрэг бол одоогоор Хятад улсын умард нутгийн хахир хүйтэн бүсэд байгуулсан анхны хурдны төмөр зам төдийгүй хүйтэн бүсийн улирлын чанартай хөлддөг хөрсөн дээгүүр явж өнгөрдөг дэлхийн анхны хурдны галт тэрэг юм. Галт тэрэг хасах 50 градусын тэсгим хүйтэн цаг агаарт хэвийн явдаг.  Түүнчлэн Хятадын зүүн хойд гурван мужийг дайрдаг болохоор зүүн хойд нутгийн хот, суурин хоорондын зорчигч тээврийн хугацааг богиносгож, иргэд нааш цааш зорчиход ихээхэн амар болсон.

 Далянь хотын иргэн хатагтай Нью:

-  Урьд нь Даляниас Харбин хүрэхэд зөвхөн галт тэрэг, нисэх онгоц зорчдог байсан. Галт тэрэгний хувьд аялах хугацаа урт, 12-13 цаг. Нисэх онгоц цагийн хувьд тийм ч богино биш, хамгийн гол нь Тяньжиньд онгоц сольдог нь төвөгтэй байлаа. Харин одоо хурдны төмөр зам ашиглалтад орсноор дөрвөн цаг яваад очдог болов. Ийм галт тэрэгтэй болсон нь маш амар, цаг хэмнэх төдийгүй суугаад аялахад тав тухтай юм гэж ярьлаа.

Өндөрлөг, хахир хүйтэн бүс нутагт тавьсан хурдны төмөр замын хувьд Харбин-Далянь чиглэлийн төмөр зам нь зураг дизайн, барилга байгуулалт, ажиллуулах ба хамгаалах зэрэг бүх талаар тэргүүний технологитой. Бээжингийн Зам тээврийн их сургуулийн Зам тээврийн ухааны хүрээлэнгийн профессор Хань Баомин:

- Умардын бүс нутгийн хахир хүйтэн цаг агаар ялангуяа, өвөл зузаан цас унаснаар төмөр замд үзүүлэх нөлөөг бодолцон Харбин-Далянь чиглэлийн төмөр замыг тавихдаа зам болон хурдны галт тэрэгний аль алинд нь онцгой технолги ашигласан юм. Тухайлбал, галт тэрэгний эд ангиудыг цаснаас хамгаалан сэргийлэх, мөн төмөр замын цас хайлуулах төхөөрөмжид бүгдэд нь онцгой технологи нэвтрүүлсэн гэсэн байна.

Анх Харбин-Далянь чиглэлийн төмөр замын дизайныг гаргахдаа умардын хахир хүйтэн цаг агаарын улмаас газрын хөрс хөлдөх нөлөөллөөс зайлсхийхийн тулд төмөр замын шугамын 2/3 хувиас дээших хэсгийн замыг өндөр баганатай гүүрэн дээгүүр барихаар төлөвлөсөн юм. Нийт 162 гүүртэй, нийт урт нь 663 км бөгөөд замын нийт уртын 72 хувийг эзэлсэн.

Харбинаас Далянь хүрэх хурдны төмөр зам өндөрлөг газрын хүйтэн уур амьсгалтай нутагт ашиглалтад орсон холын зайн анхны хурдны төмөр зам учраас өвлийн улирлын аюулгүй байдлыг бодолцож, ашиглалтад орсон эхний үедээ өвлийн болон зуны хоёр төрлийн хурдтай зорчих дүрэм хэрэгжүүлсэн юм. Өвлийн цагт 200 км, зуны цаг 300 км хурдтай байсан. 2015 оноос эхлэн өвөл, зуны хурдыг нэгтгэж, аль алинд нь цагт 300 км хурдалдаг болгосон. Аюулгүй байдлыг хангахын тулд төмөр зам дагуух төмөр замын байгууллагууд шалгалтын болон арчилж хамгаалах хатуу дүрэм тогтоосон юм.

Мүгдэн хотын төмөр замын газрын хурдны төмөр замын Чанчүний баруун шугамын ажил хариуцсан хэсгийн эрхлэгч Фэн Дявэй:

- Голдуу хэдэн төрлийн шалгалт хийдэг. Нэгдүгээрт, хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй шалгалт хийнэ. Хөдөлгөөнгүй шалгалт гэдэг нь өртөөнд эргүүлийн шалгалт хийнэ. Хоёрдугаарт, цогц шалгалт хийнэ. Олон салбар хамтарч шалгана. Өдөр бүр 6-7 километрт шалгалт хийнэ. Гуравдугаарт, гүүрэн дор битүүмжилсэн торыг шалгана. Сар бүр галт тэрэг болон зам төмрийн эвдэрч сүйдсэн байдалд бүх талын шалгалт хийнэ гэж танилцууллаа.

 

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл