Баруун Үзэмчин хошууны “Монгол хаан хот” аялал жуулчлалын ХХК улсын 4A зэрэглэлийн аялал жуулчлалын газар бөгөөд Балгар гол суурингаас өмнө 17 километрт байрладаг. Уг аялал жуулчлалын газар нь 200 га нутаг бэлчээрт бүтээн байгуулалт хийж, идэж уух, хоногийн үйлчилгээтэй 200 гаруй монгол гэртэй, морь унах, сур харвах, элсэн тэргэнд суух, урлагийн үдэшлэг зэрэг олон төрлийн наадам цэнгээнтэй томоохон жуулчны бааз юм.
Жуулчны бааз нь жуулчдад мал аж ахуйн амьдралыг гүнзгий таниулах зорилготой энэ жилээс монгол үндэстний нүүдлийн мал аж ахуйн амьдралыг харуулсан шинэ хэсгийг байгуулжээ. “Маний бааз монгол үндэстний нүүдлийн мал аж ахуйн амьдралыг харуулсан шинэ хэсэгтэй ойролцоо байгаа хоёр малчин айлтай гэрээ хийж, айл бүрд жил болгон 39 мянган юанийн төлбөр өгч, малчин айлаас 6 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр болтол жуулчдад уламжлалт монгол нүүдлийн мал аж ахуйн амьдралыг харуулах үйлчилгээ үзүүлнэ. Үүнийг дагаад малчид ашиг орлого олохоор барахгүй жуулчид ч монгол амьдралыг өөрийн биеэр мэдрэх боломжийг олгоно” гэж компанийн захирал Баатар танилцууллаа. “Монгол хаан хот” жуулчны бааз монгол үндэстний нүүдлийн мал аж ахуйн амьдралыг харуулах малчин айлд хүрэх машиныг гаргаж, хар зам тавьсан байна. Зочин ирэхэд малчид монгол дээл хувцсаа өмсөн угтан авч, жуулчдад монгол гэр, монгол гэрийн эдлэл хэрэгсэл, үнээ саах, цагаан идээ хийх, аргал түүх, хонь хайчлах, цай чанах зэрэг монгол амьдралыг бодитоор харуулдаг байна.
Сурвалжлагч өглөөний 7 цагийн үед “Монгол хаан хот” жуулчны баазын машинд сууж хоёр малчин айлыг зорьсон юм. Малчин Баатарынд хүрэхэд далайн хотоос ирсэн жуулчид үнээ саахыг сонирхож байсантай таарсан юм Тэд монгол гэрт сууж сүүтэй цай, цагаан идээ зооглож байлаа. Баатарын охин Урьхан: “Жуулчид үнээ саахыг сонирхохыг хүсвэл өглөөний 7 цагаас өмнө ирэх хэрэгтэй. Зарим өдөр 200 гаруй хүн, зарим өдөрт 40 гаруй хүн ирдэг. 4 сарын хугацаатай жуулчдад үйлчилж, цагаан идээгээ ч зардаг. Жилд 40 мянган юанийн орлого олдог” гэлээ.
Далайн хотоос ирсэн жуулчдаа үдэн мордуулсны дараа Бээжингийн жуулчид морилон саатлаа. Тэд монгол гэрт суун цай уухын зэрэгцээ гэрийн эдлэл хэрэгслүүдийг сонирхож: “Талын монгол айл гэж ийм л цэвэрхэн таатай амьдардаг байна” гэж ярина. Тэд мөн аргал түүхийг харлаа. “Аргал нь Монголчуудын амьдралд түлш болдог ба аргалын утаа бактери устгадаг” гэж аяллын хөтөч танилцууллаа.
Бээжингээс ирсэн жуулчид ч морьтой хонь харуулж байсан малчин Эрдэн-Очиртой уулзлаа. Жуулчид гэрэл зураг буюу телевизээс морьтой монгол эрийн хонь хариулж байгааг харж байсан бол өнөөдөр тал нутгийн малчин айлд ирээд нүдээрээ олж харсандаа их л олзуурхаж байлаа. Эрдэн-Очирын гэрт очиход гэргий нь монгол дээлтэй зочноо угтаж, монгол гэртээ залж цай аягалан, хурууд тавилаа. Дараа нь тэр хоёр хонь хайчлан жуулчдад үзүүлэв. “Жуулчид цагаан идээг их сонирхдог. Зарим нь бас худалдан авдаг. Жуулчны баазын тус дэмээр бидний жилийн орлого ч их нэмэгдсэн хэмээн Эрдэн-Очирын гэргий ярилаа.
“Монгол хаан хот” аялал жуулчлалын ХХК нь улсын дотоод гадаадын жуулчдад уламжлалт монгол амьдралыг харуулж, монгол соёлоо олон хүнд сурталчлан таниулж байна.
