solongonews
Биеэ дааж хүчирхэгжин ажил хөдөлмөрөөр баяжина
2018-07-02 16:10
“Ядуу” гэдэг хэнд ч тохсон малгай биш. Өвчин хууч, гай гамшиг зэрэг элдэв нөхцөл шалтгаанаас болж амьдралын бэрхшээлтэй учирдаг ядуу буурай хүмүүс байдаг. Өөрийн залхуугаас болж ядуурсан хүмүүсийг юу гэлтэй билээ!

Харин гаднын нөхцөл шалтгаанаас болж яахын аргагүй ядуурсан хүмүүсийг, ядарсан гэр бүлийг бага зэрэг л дэмжиж тэтгэвэл тэд бүрмөсөн ядуурлаас ангижрах боломжтой. Учир нь тэдэнд ядуурлаас ангижрах итгэл зориг бүрэн байдаг бөгөөд ажилч хөдөлмөрч эрхэм нандин зан чанартай байдаг.

Хянган аймгийн Залайд хошууны Алдарт сумын Алдарт баг өндөр сүрлэг Хар уулаар түшлэг хийсэн байгалийн өнгө үзэмжээр гойд сайхан нутаг билээ. Энэхүү сайхан нутгийн өрцөд шинэхэн баригдсан хоёр өрөө тоосгон байр цэвэр цэмцгэр харагдаж, гэр доторх эдлэл хэрэгсэл бүхэн гял цал өнгөтэй. Энэ ядуу буурай айл байсан гэхэд үнэмшимгүй.

Энэ айл тус багийн иргэн Жао Цэцэнийх аж. Ам бүл дөрвүүлээ амьдарна. Айл гэрийнхээ хагас тулгуур болж гялалзуулж байсан Жао Цэцэн 5 жилийн өмнө дунд чөмөгний яс нь үхжих өвчтэй болж, хөдөлмөрийн чадвараа алджээ. Энэ нь сайхан амьдралтай байсан гэр бүлд гэнэтийн аюул учруулж, өвчнөөс болж байдаг мал унаагаа худалдсаныг бүү хэл, бас хэдэн арван мянган юанийн өрөнд унасан байна. Түүгээр ч барахгүй амьдарч байгаа байр нь ч хоёр өрөө шороон байр байсан болохоор бороо ороход гоожих, хоёр охин нь сургуулийнхаа амралтаар гэртээ ирвэл байр нь жижигдээд үйлийг нь үздэг байжээ.

Гэвч аж амьдрал нь хэдий хүндрэлтэй байсан ч тэрээр хоёр охиныхоо сургуулийг орхилгүй, хичээл сургуульд нь явуулжээ. Одоо том охин нь Өвөр Монголын Багшийн Их Сургуульд магистрантад суралцаж байгаа бол бага охин нь Өвөр Монголын Эдийн Засгийн Их Сургуульд суралцаж байна.

“Би өөрөө их сурах дуртай байсан ч амьдралын нөхцөлөөс болон сургууль соёлын мөрийг хөөж чадаагүй. Иймээс хоёр охиноо яасан ч өөрийнхөө замаар явуулахгүйн тулд хичээсэн, хоёр охин маань ч маш сайн сурч, миний хүслийг хөсөрдүүлээгүй” гэж Жао Цэцэн сэтгэл догдлон ярьж байлаа.

Өвчин эмгэг тусаж, үр хүүхдээ сургууль, соёлын замаар явуулахын тулд ядуу буурай амьдралтай болсон ч тэрээр амьдралын өмнө нугарч байсангүй. Харин шүд зуун ажиллаж, хөнгөн шингэн ажилтай оролдон амьдралаа өөд татсаар байв. Өнгөрсөн жил тэрээр зоригтой бодож хөдөлснөөр төслийн ажлын тусламжаар 80 кв.метр талбай бүхий гахайн хашаатай болж, 3 мэгж, 20 гаруй тоорой худалдан авч тэжээжээ. Гахайн хашаанд нь очиж үзэхэд тарган тарган гахайд энэ тэрийг сэгчин, тооройд нь тоглож байгаа харагдана. Ажилч хүний амьдрал өөдөө байдгийн ёсоор эртэлж оройлон мунгинасны сайнаар өнгөрсөн жил гахайгаа худалдаад 16 мянган юанийн орлого олж, гахай нь ч үржээд 45 тооройтой болж, ядуурлаас ангижирсан жишээч өрх болж, хүн бүрийн жилийн дундаж орлого 12 мянган юаньд хүрчээ. 

Энэ жилээс бохирдолгүй цэвэр эко буурцаг тарьж, амьдралаа сайжруулж байна. Түүгээр ч үл барам боловсролоор ядуурлыг бууруулах төрийн бодлогын ачаар бага охин нь 40 мянган юанийн сургалтын нөхөн олговор хүртэж, амжилттай төгсгөхөд их тус дэм болжээ.

Саахалт айл нь ч тэдний нөлөөгөөр тэжээж үржүүлэх ажлыг хийж ашиг орлогоо бага бус нэмэгдүүлжээ. Жао Цэцэний хувьд цар хүрээгээ улам өргөтгөж, орлогоо нэмэгдүүлэхэд итгэл дүүрэн байлаа.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл