solongonews
Тал нутгийн элгэнд эрхэлсэн хүүхдүүд
2016-06-20 16:46
Тал нутгийн элгэнд эрхэлсэн хүүхдүүд

      Бээжин хотноо амьдарч байгаа монголчууд олон байдаг ч тэдний амьдрал их хотын чимээг дагаж, өөрийн гэх хэв маяг, амьдрахуйн үзэлтэй болжээ. Гэвч тэдний сэтгэлийн гүнд "Монголоороо байх" гэдэг тангараг бат оршдог байна.

Бээжин хотноо амьдардаг Цогцол, Уудам, Анар, Ерөөл, Нандин, Сүмийн, Туяа зэрэг долоон монгол хүүхэд аав ээжийн хамт Шулуунхөх хошуунд 6 дугаар сарын 9-нд хүрэлцэн ирлээ.

、

       Шиврээ бороотой Юаний дээд нийслэлийн буурь түүх хүүрнэн туульс хайлна. Бээжин хотноо амьдардаг монгол хүүхдүүдийн анхны өртөө Юаний дээд нийслэлийн бууриар аялах. Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн Юаний дээд нийслэлийн буурь нь монгол хүний бахархал болж байдаг. Дараагийн өртөө Баянсүрэг зуслангийн газар байлаа. Энэ удаагийн аяллыг "Наран хун" хүмүүнлэгийн аянаас зохион байгуулжээ.

Уг хүмүүнлэгийн аяны тэргүүн Сайжрах хэлэхдээ: - Бидний "Наран хун" хүмүүнлэгийн аян бол монгол соёлоо хайрлаж, тал нутгийн байгаль орчноо хамгаалахыг гол зорилгоо болгодог. Бид Бээжин хотод олон удаа монгол соёлын тухай нээлттэй хичээл явуулж байсан. Харин үр дүн нь тийм сайнгүй. Хүүхдүүдэд хэлж яриад өгсөн хойно эргээд мартчихна. Иймээс бид бодит амьдрал дээр танилцуулахыг зорьж энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Цаашид олон сайхан нутгаар аялж танилцах төлөвлөгөөтэй байна. Тухайн өдөр бороотой байсан болохоор монгол гэр барих, аргал түүх зэрэг ажлыг хүүхдүүдээр хийлгэж амжаагүй нь жаахан харамсалтай. Гэвч тал нутгийн бороонд норсон хүүхдүүд баярлан хөөрөлдөж, бас шар усаар хийсэн мантуу идсэн нь тэдэнд монгол амьдралын тухай бас нэг шинэ зүйлийг таниулсан гэлээ.

Бээжин хотноо амьдардаг монгол хүүхдүүд хятад сургуульд суралцаж байгаа болохоор монгол сургуулийн тухай ойлголт тун бага. Энэ удаагийн аяллын бас нэг чухал агуулга нь монгол сургуультай танилцаж, монголоор сурч боловсорч байгаа хүүхдүүдтэй танилцан найз нөхөд болон тоглож наадах байв. Тэд Шулуунхөх хошууны монгол бага сургуулийн морин хуурын анги, найрал дууны анги болон хичээлийн байртай танилцаж, үеийн хүүхдүүдтэйгээ тал нутгийн элгэнд монгол тоглоомоороо сэтгэлээ сэргэтэл тоглолоо.

       Үнэхээр "Мянга сонсохоор нэг үз" гэдгээр хоёр өдрийн аялал маш хурдан өнгөрч, тал нутгийг зорьсон монгол хүүхдүүд монгол амьдралтай биечлэн танилцлаа.

Зохиогч: Цолмон
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл