Үзэмчин монгол хувцас гоёлын ур оёдол нь нарийн, эдлэхэд бөх, загвар нь гоё сайхан, дөрвөн улирлын онцлог болон бүс нутгийн цаг агаар, байгаль орчин, мал аж ахуй, үйлдвэрлэл амьдралтай зохицсон байдаг юм. Үзэмчин хувцас гоёлын төрөл зүйл нь бусад бүс нутгийнхаас илүү олон байдаг. Тухайлбал, уламжлалт эрэгтэй, эмэгтэй малгайн гоёл, тэрлэг, зувцаа, өнгө дээл, цамц, урт богино хамжаар, булигаар гутал ба хүүхдийн хамжаар, бүсгүйчүүдийн малгайн гоёл, бүс гээд л олон арван хэлбэр загвартай байдаг. Үзэмчин хувцас гоёлын төрөл зүйл нь олон янз байдгаар барахгүй оёх урлах арга барил олон бөгөөд нарийн. Нямбай оёсон нэг тэрлэг гар оёдол болон машинаар оёхоос гадна мөн эмжих, шигтгэх, хатгах, наах, сийлэх зэрэг оёх урлах олон олон арга хэлбэрийг уялдуулдаг. Үзэмчин цагаан цамцыг өвлөн уламжлагч, Зүүн Үзэмчин хошууны Улиастай суурингийн Баяндөхөм багийн Туяа:
- Үзэмчин хувцас гоёл нь өвөрмөц онцлог, хэв намба болон уран нарийн оёдлоороо бусдаас ялгагдаж байдаг. Үзэмчин хувцас гоёл бол монгол хувцас гоёлын чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг учраас бид энэхүү дээдсээс өвлөж ирсэн ур оёдлоо эрхэмлэн нандигнаж, үеийн үедээ залгамжилж явна гэж ярьж байлаа. Үзэмчингүүд хувцас гоёлоо голдуу арьс, торго дурдан, таж магнаг, алт мөнгөн тууж, өнгө бүрийн торгон утас зэрэг олон төрлийн материалаар оёж урладаг.
Үзэмчин монголчууд настан буурал, хүүхэд багачууд, эрэгтэй эмэгтэй ялгалгүй ээлжлэх дөрвөн улирал бүгдэд уламжлалт хувцас гоёлоо эдэлж өмсдөг. Энэ нь Үзэмчин нутгийн уламжлалт ёс заншил, мал аж ахуйтай холбоотой аж. Ялангуяа, ураг хурим, тэмдэглэлт баярын өдрүүд, цагаан сар, овоо булаг тахих зэрэг уламжлалт баяр наадмаар Үзэмчин монголчууд уламжлалт хувцас гоёлоо заавал өмсдөг. Үзэмчин бүсгүйчүүд сувд шүрэн шигтгээтэй толгойн гоёл, алт мөнгөн бугуйвч, ээмэг, бөгж зэргээр гоёж чимдэг. Өвөл, зун ялгалгүй өнгө алагласан эмжээртэй, угалз хатгамлын чимэгтэй монгол гоёл өмссөн Үзэмчингүүд морио унаад, хөтөл даваад гарч ирэхэд Үзэмчин бүсгүйчүүдийн уран гараар бүтээсэн монгол хувцас монгол нутгийн үзэмжтэй уусаад, харсан бүхэн эрхгүй Үзэмчин хувцас гоёлын гайхамшгийг шагшиж гардаг.
Шинэ цаг эринд Үзэмчин бүсгүйчүүд уламжлалт хэв намбатай оёж урлах мэргэжлийн суурин дээр цаг үеийн онцлогтой шинэ хэв загвар, өнгө будаг нэмж урлах болсон нь Үзэмчин хувцас гоёлын түүхэн дэх нэгэн шинэ хөгжил гэлтэй. Үзэмчин бүсгүйчүүд өнгөрсөн хугацаанд өөрсдийн өмсөх хувцас гоёлоо урладаг байсан бол өөрчлөлт нээлтийн цаг эринд зах зээлд зоримог хандаж, үндэстний гоёлын үйлдвэр, уламжлалт хувцас гоёлын дэлгүүр зэргийг ажиллуулах болсноор үзэмчин хувцас гоёл нь Хятад улсын дотоод, гадаадад борлуулагдаж, Үзэмчин хувцасдэлхий нийтэд танигдаж эхэлсэн ажээ.
