solongonews
Шинэ хөгжлөөс чихэр бурам шиг амьдрал амтагдна
2016-02-17 17:20
Батчулуу /Үүшин хошууны Туг суурингийн Баяннуур гацааны малчин/

- Өнөөдрийн амьдралдаа сэтгэл маш хангалуун байна. Манайхан цагаан идээ боловсруулж Туг суурин, Дүншэн хотод хүргэдэг. Урьд нь зам муу байснаас шатахуун түлш их зарлагадаж, машин тэргээ элээдэг байлаа. “Арвыг хамруулах” төсөл хэрэгжсэнээс хойш гэрийн үүдэнд хүртэл тэгш сайхан замтай боллоо. Одоо бид босон суун Дүншэн хот уруу давхидаг болсон” гэж тэрээр ярив.

Гэрийнхээ гадаа хар сүлдээ тахиж, гэгээн цайвар өнгөөр ширдэж, хөх дээврээр чимэглэсэн Батчулууны шинэ байшинд сүү цагааны үнэр анхилж, баяр хөөр цалгин байгаатай нь таарлаа.

- Арвыг хамруулах төсөл хэрэгжсэнээс хойш манай гацааныхан бүгд адилхан хөх дээвэртэй сайхан байшинтай болжээ. Өмнө нь цахилгааны асуудал толгой өвтгөдөг байсан. Одоо асуудал бүгд сайхан шийдэгдэж, телевизийн олон суваг ч үзэх болсон…. Яриа өрнүүлэхээс өмнө Батчулуу шинэ байшин, зам гудамж, ус цахилгаан гээд “Арвыг хамруулах” төслийн арван төрлийн өөрчлөлтийг хуруу даран тоолсон нь бидний анхаарлыг татсан юм.

- Манай нутгийн малчид тархай бутархай суурьшдаг болохоор гацаанд дэлгүүр байгаагүй, бараа худалдаж авахын тулд “Хэгсгэр туг” суурин буюу Дүншэн хот уруу явдаг байсан. Одоо гацаандаа дэлгүүртэй болсон. Бас малчдад нүүдлийн дэлгүүр гаргаж өгсөн. Бараа худалдан авах шаардлагатай бол нүүдлийн дэлгүүрт хандан залгаж бараа захиалах боломжтой. Тэд захиалагчийн хүсэлтийнх нь дагуу захиалгын барааг гэрт нь хүргэж өгдөг гэж Батчулуу баяр хөөртэй ярьж байлаа.

Баяннуур гацаа уудам бэлчээртэй, байгалийн орчин нөхцөл сайн болохоор зуны улиралд жуулчид олон ирдэг. Батчулуу засаж шинэчилсэн гоё байшиндаа үйлчилгээний газар ажиллуулж, малын мах боловсруулах, цагаан идээ худалдах санаатай гэж бидэнд ярьсан юм.

- Сардаа 30 литр орчим шүүмэл, 30 кг орчим шар тос худалдаалдаг. Жилийн цэвэр орлого нь 40-50 мянган юаньд хүрдэг. Шинэхэн байшин цэлгэр цэвэр, хойшид үйлчилгээний газар ажиллуулахад асуудалгүй гэж Батчулуу бахархан ярьж байлаа.

Цэрэннадмид /Үүшин хошууны Галуут суурингийн Рашаан тохой тосгоны малчин/:

- Эмх цэгцтэй жигдэрч харагдах байшин гэр, мурилзан суналзсан авто зам … Үүшин хошууны Рашаан тохой тосгон шинэ өөрчлөлт, шинэ төрхөөр биднийг угтан авлаа. Мөн тосгоны зөвлөлийн хашаан доторх шинэ маягийн эрүүл мэндийн үйлчилгээний төвд эмчлүүлж буй хүн маш олон. Хотын эмнэлгээс дутахааргүй хөл хөдөлгөөнтэй байсан нь эрхгүй анхаарал татаж байлаа.

- Эндхийн эмийн үнэ нь хямд, малчдын гэрт ойр болохоор оношлуулж эмчлүүлэхэд амар. Өдөртөө бараг л дал шахам өвчтөн ирж үзүүлдэг. Мөн ажлын зургаан өдөрт өвчтөний тоо нэмэгддэг гэж Цэрэннадмид эм боохынхоо хажуугаар сонирхуулан ярьсан юм. Цэрэннадмид бол Рашаан тохой тосгоны малчин, тосгоныхоо Эрүүл мэндийн үйлчилгээний төвд эм боодог ажилтай.

- Ходоодны өвчнөө хошууны эмнэлэгт эмчлүүлж байсан боловч нэг их сайжраагүй. Жаранбаяр эмчийн эмчилгээний ур чадвар сайн гэж аль эртнээс сонсоод эндээс монгол эм ууж өвчнөө анагаахаар ирсэн гэж эмчилгээний дугаараа аваад явж байсан үйлчлүүлэгч Раш бидэнд ярьлаа.

Жаранбаяр эмч бол монгол эмчилгээний чиглэлээр олон жилийн туршлагатай. Өмнө нь Рашаан тохойд өөрөө байшин түрээслээд эмчилгээний газар ажиллуулж байсан гэх.

“Арвыг хамруулах” төслийн хүрээнд Рашаан тохой тосгонд Эрүүл мэндийн үйлчилгээний төв байгуулж, Жаранбаяр эмчийг урьж ажиллуулж байжээ. Түүний мэргэжлийн ур чадвар сайн гэж нэгээс арав, арваас зуун хүний ам дамжсаар Шаньсийн Тэмээт, Ниншягийн Яргай хүртэл уламжлагдан газрын холоос хүмүүс зорин ирж эмчлүүлдэг болжээ.

Баяндүүрэн /Үүшин хошууны Галуут суурингийн Сэвхэл гацааны малчин/:

- Амьдралд шинэ өөрчлөлт гарч л байна. Малчин Баяндүүрэнгийнхэн гэж хөдөө нутагтаа тэнхлүүн амьдралтай малчин айл. “Арвыг хамруулах” төсөл хэрэгжсэнээр шинэ байшин барьж, хөдөө талынхаа өрцөнд жаргал бялхуулан амьдарч байна.

- Хуучин байшингаа бид 1992 онд барьсан. 126 кв.м талбайтай. Одоогийн шинэ байшин 180 кв.м талбайтай гэж Баяндүүрэн бидэнд хэллээ.

2011 онд Баяндүүрэнгийнхтэй нийлээд есөн малчин өрх хоршиж “Сэвхэл” нарийн ноост хонь тэжээн үржүүлэх тусгай хоршоо байгуулсан. Энэ жил мөн хоршооны малчид хөрөнгө нийлүүлэн малын мах хөлдөөх зориулалтын газар байгуулсан байна.

- Манай Сэвхэл гацаа нүүрсний уурхайд ойрхон. Уурхайн ажилчид ч манай хонины махыг идээд дасчихсан. Нутаг уруугаа буцахдаа хэдэн хонь худалдан аваад буцдаг. Тиймээс бид малын мах хөлдөөх зориулалтын газар байгуулж, хожим боломжтой бол энэ шинэ гэртээ нэг зочлох өрөө ажиллуулж нутгийн хонины мах, экологийн цэвэр идээгээ боловсруулж худалдъя гэж бодож байна гэж Баяндүүрэн цаашдын төлөвлөгөөгөө сонирхууллаа.

- Уг нь манай энд ус ундны асуудал гэдэг том асуудал байсан. “Арвыг хамруулах” төсөл хэрэгжсэнээс хойш уух усны худгийн асуудлыг шийдвэрлэсэн, зам ч сайжирсан, цахилгаантай ч болсон. Төрийн бодлого ийм сайн байхад бид нар ч гэсэн ухаан гаргаж сайхан амьдрахаар чармайх нь зүйтэй гэж Баяндүүрэн ярьж байлаа.

Зохиогч: М.Бурмаа
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл