solongonews
Өлчир цагаан тугал
2016-11-25 17:32
Өлчир цагаан тугал

Хавар манай нэг хээлтэй гунж баас алдаж муудахад малын эмчид үзүүлэхэд элэгний хорхойн өвчин гэж оношлоод, цутгах эм, тариа өгөв. Үүнийг нь өдрийн хоёр зүүж, цутгасан ч тус болохгүй муудаж байснаа нэг өглөө гунж минь тугалсан ч тар хүч нь муудаж үхчихсэн байв. Тугал нь харин эхийнхээ дэргэд босох гээд тэлчилж байв.

“Өнөө шөнө гайгүй байх” гэж бөгсөөрөө төлгөө тавьсны уршгаар нэг үнээгээ ингэж алдав. Өнчин тугал угжина гэдэг амархан явдал биш! Сумын нийтийн машины жолоочид тугалын угж захиж авав. Гурван үнээ тугалсан боловч бүгд гунж болохоор тугалаа арай л гэж цатгаж байсан.

Эхнэр маань сүү халааж нөгөө тугалыг угжихад уух юм биш. Хэлээ бултайлган угжаа зуугаад зогсчихно. Аргагүй дүүгийнд очиж ээжээс асуухад, шүдтэй тугал гарсан болов уу даа! Галын хайчаар үрж үз гэлээ. Галын хайчийг одоо бараг хэрэглэхгүй болсон болохоор баахан эрж байгаад зэвэрсэн хайч олж аваад “эм•дом” гэж шүд буйлыг нь үрж өгөөд угжихад “Хуучны домын сайн юм уу! Тугал өлссөнийх юм уу?” харин амархан нэг угж сүү уучихлаа. Хоёр хоноод хумбан цоохор гэдэг сувай үнээ тугалж, улаан алаг эр тугал гарав. Манай хоёр баярлаж “Өлчир цагаан” өнчин тугалаа тал авуулахаар хөхүүлэхэд ганцаар нь бол яасан ч хөхүүлэхгүй, зэрэг хөхүүлэхэд харин амархан хөхүүлж байлаа. Намар тугал худалдахад хумбан цоохрын улаан тугалыг худалдав. Хумбан цоохор хэдийгээр өлчир цагааныг ганцаар ер хөхүүлээгүй боловч өлчир цагаан хэзээд хумбан цоохрыг эхээ гэж санан дагаж явна.

Энэ жилийн ган хэцүү болохоор өвсөө хадаж дуусаад хадландаа оторт явсан юм. Тэр үеэр хэдэн үнээ тугалыг ялгаж суурин зүгээ хөөхдөө өлчир цагаан тугалыг хөөрхийлж цуг ялгаж хөөсөн юм. Хорин хэдэн газар яваад орой болохоор үхрээ замдаа орхиод бид суурин зүгээ явав. Өглөө эрт ирэхэд үхрийн сүрэг өчигдрийн бэлчээрээсээ бараг холдоогүй боловч өлчир цагаан ганцаараа алга. Отор зүгээ буцах зам дагуу эрж, уулзсан хүнээс сурагласан боловч олсонгүй. Тэгээд отор дээрээ ирэхэд өлчир цагаан харин “эх” хумбан цохоор өөдөө явж байв. Гэдэс, нуруу нь зурагдаж, ар хөлийн арьс нь урагдаж улаан нөж болсныг хараад сэтгэл эмтрэв. Эх үрийн сэтгэл гэдэг хүн адгуус ялгаа юу байх вэ дээ! Хөөрхий өлчир цагаан хорь гаруй газрын холоос тор дамжин хөлөө цус нөж гоожтол “эх” хумбан цоохроо эрж явсныг бодохоос өөрийн эрхгүй сэтгэл уярна.

Зохиогч: Түмэннаст
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл