Хөхнуур мужийн Хайбэй Төвдийн Өөртөө Засах Орны Жинь Яиньтаны тал нутагт хязгааргүй үргэлжлэх уудам талд үхэр, хонин сүрэг амгалан идээшилнэ. Сэтгүүлч "Тэр холын нутаг" дууны аялгуунд хөглөгдөн нэг л мэдэхэд сүүн цагаан өнгөтэй давхар байшингийн өмнө ирэв. Энэ бол Хөхнуур мужийн атомын хотын дурсгалын ордон юм.
Гол хаалган дээрх "Хоёр бөмбөг, нэг одны гавьяат медаль" нэртэй асар том загвар онцгой анхаарал татна. Үзэсгэлэнгийн танхимд ороход ажлын тусгай хуанлийн хуудасны өмнө үзэгчид дүүрэн зогссон байв. Хуудсан дээрх Хуанлийн цаг 1955 оны 01-р сарын 14-ний өдөр бөгөөд "Үдийн хоёр цагт Ли Сигүан, Чянь Санчян, Лиү Же нартай уулзана" гэсэн доорх жижиг хэвлэмэл мөр нь тодхон харагдаж байв. Хуанлийн энэ хуудасны эзэн бол Жөү Эньлай. Маргааш нь ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн даргын өргөтгөсөн хуралдаанаар Мао Зэдүн тэдний тайланг сонсож, Хятад улс цөмийн эрчим хүчний салбараа хөгжүүлэх стратегийн томоохон шийдвэр гаргалаа.
1958 онд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй урьдчилсан баг Жинь Яиньтанд хүрч ирээд гурван майхан барьж, 3000 метрээс дээш өндөртэй бэлчээрийн бүсэд "221 бааз" байгуулахаар төлөвлөжээ.
"Энэ хөшөөг 'Зургаан төрлийн хүн тал нутгийг зорьсон нь' гэж нэрлэдэг" гэж дурсгалын ордны тайлбарлагч Жинь Хуа танилцуулав. Хөшөө нь цасанд хучигдсан тал хээр зарим хүмүүс хөлөө ороосон, суга таяг тулсан, зарим нь цэргийн цүнх мөрөвчлөн эргэн харж бусад нөхдөө дуудна. Зарим нь цасан шуурганд нударгаа зангидан урагш алхана ... 1960-аад оны эхээр "Тал нутгийн дайн"-д дайчлах тушаал гаргаснаар Ван Ганчан, Жү Гуаня, Гүө Юнхуай, Пэн Хуанү, Дэн Жясиан зэрэг техникч, боловсон хүчин, ажилчид, барилгын ажилчид, Ардын чөлөөлөх армийн командлагч, байлдагчид болон аюулгүй байдлын албаныхан төрөл төрөгсдөөсөө хол явж, Жинь Яньтань руу аяны жолоо сунгасан юм.

1964 оны 10-р сарын 17-ны өдрийн People’s Daily сонины нүүр
Тал нутагт эдгээр эх орончид эх орондоо үйлчлэхийн тулд зогсолтгүй тэмцэл, тэр ч байтугай золиос гаргасан. Цөмийн физикч Ван Ганчан хилийн чанад дахь сайн нөхцөл байдлаа орхиж, Хятад улсдаа буцаж ирэв. Тэрээр нэрээ "Ван Жин" болгон өөрчилж, 17 жилийн турш Жинь Яньтанд шинжлэх ухааны судалгаа хийсэн. Аэродинамик судлаач Гүө Юнхуай бүх хүмүүстэй хамт хээр хөдөө хэцүү орчинд судалгаа хийн, 1968 онд Хөхнуур мужаас Бээжин рүү буцах замдаа онгоцны ослоор харамсалтайгаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Хүмүүс Гүө Юнхуай цогцсыг сүйрсэн газраас олоход тэрээр хамгаалагчидтайгаа чанга тэврэлдсэн байж, тэдний хооронд маш нууц мэдээлэл бүхий цүнх байсан бөгөөд бичиг материал нь бүрэн бүтнээрээ үлдсэн байв.
Жинь Яньтаны орчин нөхцөл туйлын хэцүү байсан.
- Хүйтэн, хүчилтөрөгчийн дутагдал, ус буцалгах боломжгүй, будаа чанаж болохгүй, үйлдвэрийн эргэн тойрон дахь уулс бүтэн жилийн турш цастай, их салхи хөдөлвөл нүдээ нээхэд ч бэрх гэж 78 настай Сю Жэньгүй хэлж байлаа. Тэрээр 221-р баазын хоёрдугаар салбарын чанарын хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байв. Тэрээр мөн сэтгүүлчдэд хандан хэсэг хугацаанд 221 хүний хоолны стандартыг "2611" гэж нэрлэгддэг байв. Өөрөөр хэлбэл, нэг хүнд сард 13 кг амуу будаа, өдөрт 5 гр тос, 0.1 юаний хатаасан ногооны шөл оногддог. Сю Жэньгүй Шанхай хотоос Жинь Яньтанд ирэхэд 20-иод настай байсан. Дөнгөж сургуулиа төгссөн байсан гэх. Тэрээр:
- Гэхдээ бид бүгд хүсэл тэмүүлэлтэй, хэн ч гомдоллодоггүй байсан гэж хэлэв.
Үзэсгэлэнг чимсэн "Эх орноо хайрлах, хувиа бодохгүй хүчин зүтгэх, биеэ даах, шаргуу хөдөлмөрлөх, тууштай зохицуулах, тэмүүлэх зоригтой байх" гэсэн "Хоёр бөмбөг, нэг од"-ын үзэл баримтлалыг илтгэх алтан шаргал өнгөтөй 24 үг үнэхээр гайхалтай харагдана.
Үзэсгэлэнгийн нэгэн буланд өвөг дээдсийнхээ хэрэглэж байсан хийн маск, хөнгөн цагаан сав, тэсэрч дэлбэрэх хайлуулах сав нь хүсэл тэмүүлэлтэй тухайн эрин үеийг эрхгүй сэргээн санагдуулна. 221-р баазын 2-р салбарын Намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 81 настай Чэнь Фулян:
- Тэр үед шинжлэх ухааны судалгааны дэвшилтэт тоног төхөөрөмж байгаагүй. Тэд зөвхөн "хөнгөн цагаан саваар хувьсгал хийх", эсвэл "абакусаар тооцоолох" боломжтой. Гэхдээ бүгд "Гараар малтаж, шүдээрээ хазаж байгаад ч гэсэн Хятадын ихэмсэг тэсрэх бөмбөгийг бүтээнэ!" гэж тангарагладаг.
- Гараар малтах үед бид үргэлж зүүн гараа ашигладаг. Яагаад гэвэл зүүн гарт байгаа тэсэлгээчин дэлбэрэх аюултай бол баруун гараа үлдээж үргэлжлүүлэн ажил хийх биш үү гэж тухайн үеэ дурсан ярина.
Яг ийм сэтгэл, шаргуу хөдөлмөрөөрөө Хятадын анхны атомын бөмбөг, анхны устөрөгчийн бөмбөг Жинь Яньтань хотод мэндэлж байсан юм. 1964 оны 10-р сарын 17-ны өдөр People Daily сонины нүүрэнд "Манай улсын анхны атомын бөмбөг амжилттай дэлбэрчээ", 1967 оны 06-р сарын 18-ны өдөр People Daily сонины нүүрэнд "Манай улсын анхны устөрөгчийн бөмбөг амжилттай дэлбэрсэн" гэсэн мэдээ нийтлэгджээ. Тухайн үед "Ардын өдөр тутмын сонин"-оос дахин хэвлэсэн "Нэмэлтүүд", "Сайн мэдээ"-нүүд одоо дурсгалын танхимд үнэт үзмэр болж байна. Үүнийг харахын тулд холоос ирсэн хүмүүс үзэсгэлэнгийн танхимын урд жагссан байв. "Анхны атомын бөмбөг бүтээсэн тэр өдрөөс хойш Хятад улс үнэхээр' нуруу гэдгээр' босч ирлээ!" гэж Чэнь Фулян хэлсэн юм.
221-р бааз Хятадын улсын батлан хамгаалах шинжлэх ухаан, технологид, дараа нь Хятад улс цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад ихээхэн хувь нэмэр оруулсан. 1990-ээд онд бүрэн татан буугджээ. Өнөөгийн Жинь Яньтань нь "Хятадын цөмийн хот", улсын эх оронч үзлийн боловсролын жагсаалын бааз, хувьсгалын аялал жуулчлалын газар болов. Жинь Хуа сэтгүүлчдэд хандан:
- Атомын хотын дурсгалын ордон 2009 онд нээгдсэнээс хойш жилд дунджаар 300 мянган хүн сонирхож, суралцахаар ирдэг. Он жил алслагдсан "Хоёр тэсрэх бөмбөг"-ийн түүхийг сонсож хичнээн хүн сэтгэл догдолж байсныг мэдэхгүй.
Дурсгалын ордноос гараад Атомын замаар баруун тийш алхвал 2020 онд нээлтээ хийсэн "Хоёр бөмбөг, нэг од" итгэл үнэмшлийн боловсролын хүрээлэнд хүрэх болно. Хүрээлэнгийн багш Ма Гүйсяо сэтгүүлчдийг дагуулан очиж 221-р баазын анхны салбарын үйлдвэрлэлийн цех болох Хятадын анхны атом, устөрөгчийн бөмбөгийг аян замд гаргасан "Шаншин (одонд гарах гэсэн утгатай) станц", бөмбөг дэлбэлэх симуляцийн ганцаарчилсан туршилтын талбай зэргийг танилцуулав. Хүрээлэн нь зөвхөн 2020 онд төрөл бүрийн 3000 гаруй оюутныг сургасан. Тэнд танилцсан нэгэн оюутан сэтгүүлчид:
- “Хоёр бөмбөг, нэг од”-ны үзэл баримтлал үнэт өв болж үеийн үед уламжлагдах болно. Ахмад үеийнхэн бүх бэрхшээлийг даван туулж, өөрийгөө сайжруулахын төлөө байнга хичээдэг. Нэр төр ашгийн төлөө биш, энд суралцах тусам тэр хүмүүсийн үйл хэрэг гайхалтай гэдгийг улам мэдэрсэн! гэж ярив.
- Хэдэн арван жилийн турш нутаг ус, гэр бүлээсээ хол явж ажилласан. Харамсаж байна уу гэж асуудаг. Үнэнийг хэлэхэд би харамсахгүй! Бүх цаг үед улс орондоо хувь нэмэр оруулах итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэлтэй байсан. 'Хоёр бөмбөг, нэг од'-ны үзэл баримтлал нь бидний ирээдүй хойч үеийг удирдан чиглүүлэх, тэмцэхэд урам зориг өгсөөр байх болно гэж Сю Жэньгүй ярьсан юм.
Гайхамшигт "Хоёр бөмбөг, нэг од"-ны үзэл баримтал нь өнө үүрд эх орноо хамгаалах илд нь болж энэ нутагтаа гэрэлтэх болно!

Хөхнуур мужийн цөмийн хотын дурсгалын ордон бол "Хоёр бөмбөг, нэг од"-ны үзэл баримтлалыг сурталчлах чухал газар. 2009 онд нээгдсэнээс хойш 3.6 сая гаруй жуулчин хүлээн авчээ
