
МУАЖ Ш.Чимэдцэеэд зориулсан "Тэнгэр ээж минь өршөө" нэртэй хандивын тоглолт 7 дугаар сарын 9-нд Зүүн Үзэмчин хошууны музейд боллоо.
Дуу хоолойгоороо ард түмнээ баясгаж, Ар Өвөр Монголдоо танигдаж явсан МУАЖ Ш.Чимэдцэеэ уртын дууны гайхамшгийг дэлхийн хүмүүсийн сонорт хүргэж явсан гавьяат. Саяхан авто машины осолд орж, хүнд гэмтэл авсан Ардын жүжигчин маань Өмнөд Солонгос улсад очиж 400 мянга гаруй юанийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болж, түүний хайртай шавь нар нь ачит багшдаа зориулж хандивын тоглолт зохион байгуулж эхэлсэн байна.
Зүүн Үзэмчин хошуунд зохион байгуулж байгаа хандивын тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Өвөр Монголын дуучин Отгонтуяа, Зүүн Үзэмчин хошууны уран бүтээлчид оролцов.
МУАЖ Ш.Чимэдцэеэгийн шавь дуучин Отгонтуяа хэлэхдээ: - 2003 онд Ш.Чимэдцэеэ багшид шавь орж, багш маань намайг урлагийн замд дагуулсан. Багшийн минь хүч хөдөлмөр байхгүй бол миний өнөөдөр байгүй. Тиймээс уран бүтээлчидтэйгээ энэхүү хандивын тоглолтыг зохион байгууллаа. Бидний үйл ажиллагаа вичатаар дамжин хүмүүст хүрч, Шиньжяны халуу сэтгэлт хүмүүсийн хандивын мөнгөтэй нийлээд 16 мянга гаруй юанийн хандивын мөнгийг цуглууллаа. Хандив өргөсөн сайхан сэтгэлт хүмүүстээ баярлалаа гэдгээ хэлье. Багш минь урлагийн тайзнаа хурдан буцан ирэхийг хүсэн даатгая" гэлээ.
