Төв радиод ажиллаж байсан нэвтрүүлэгч Ургамал, нөхөр Эрхэмбаярын хамт нийслэл Бээжин дэх ажил амьдралаа орхин, нутаг буцан цагаан идээний бизнес эрхэлж байна гэхийг хэдэн жилийн өмнө сонсож байсан. Тэднийг сурвалжлах бодол маань энэ жилийн хавар биелэх боллоо.
Шулуун Хөх хошууны Сангийн Далай суурингаас хойш 6 километр зайтай засмал замын хажууд байрлах “Сүүтэй хотхон” нь Ургамал, Эрхэмбаяр нарын ажиллуулж буй Өвөр Монголын сүүтэй идээний компани болно. Эндээс тэдний цагаан идээний бизнес, зорилго, зүтгэлийг эх үүсвэртэй нь яриулав.

Ургамал, Эрхэмбаяр нар Шулуун Хөх хошуунд нутагтай. Тэд хөдөө нутагт төрж өссөн болохоор мал аж ахуйн үйлдвэрлэлээ сайн ойлгодог мэддэг байлаа. Ургамал 2005 онд их сургуулиа дүүргээд Төвийн ардын радио нэвтрүүлгийн хороонд нэвтрүүлэгчээр ажиллаж, Эрхэмбаяр их сургуулиа дүүргээд Япон улсад суралцан улсдаа буцсаны дараа Бээжинд гар утасны цэнэглэгчийг судлан бүтээх компанид ажиллаж байв. Тэдний хувьд ажиллаж хөдөлмөрлөөд нийслэлд амьдрахад таатай байсан. Гэхдээ хол явж ихийг үзэх тусам нутгаа санах нь монгол хүний зан учир тэд залуу зандан насаа нутаг усандаа зориулж, бизнес эрхлэн хүүхдээ эх хэлээр нь суралцуулахыг зорьсон нь 2012 оны учир байлаа. 2012 онд Эрхэмбаяр нутаг буцаж, зах зээлийг хоёр жил гаруй судалсны хариуд Өвөр Монголд нутгийн онцлогтой ажил үйлс эрхэлж байгаа нь цөөн, үндэстний нэртэй брэнд болсон орон нутгийн бүтээгдэхүүн ховорхон байгааг ажиж мэдэв. Ингээд сүү цагаан идээгээ хөгжүүлэхээр зорив.
2014 он болоход Ургамал ч нөхрийнхөө хойноос нутаг буцан хамтар ажиллав.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд тэд судалгаагаар голлох ажлын зарчмыг баримталснаас зуны улиралд өдөрт 500 килограмм сүү, өвөлдөө өдөрт 250 килограмм сүү боловсруулж, улсын дотоодын их хотоор борлуулдаг. Компани нь ерөнхийдөө гурван шатны хөгжлийг дамжиж байна. Нэгдүгээр шат нь 2012 оноос 2014 оны хооронд зах зээлийн судалгааны явцыг өнгөрүүлж, 2014 оноос 2018 оны хоорондох хоёрдугаар шатандаа цагаан идээний бүтээгдэхүүнийхээ боодол баглааг зурж төлөвлөх ба бүтээгдэхүүнээ олон төрөлжүүлэн, хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлэн судалсан байна. Одоо гуравдугаар шатандаа орж, гол нь бүтээгдэхүүнийхээ нарийн зүйлд илүү судалгаа хийж байгаа аж. Жишээ нь: Шилийн гол аймгийн Цахар нутагт сүүн хурууд идэх дуртай, гэхдээ Үзэмчин нутагт хүчиллэг хурууд идэх дуртай байдаг. Бас Тунляо хотын хүмүүс чихэртэй хурууд идэх дуртай, Ордосын хүмүүс хүчиллэгийг иддэггүй гэх мэт. Ахмад буурлууд ямар амтанд дуртай, хүүхдүүд ямрыг нь идэж байна гэх зэргээр судалгаагаа үргэлжлүүлж, одоо цэмцгэр боодол баглаатай хорь гаруй төрлийн хурууд худалдаалж байна.
“Нэг сая юаньтай болохыг хэрэв амжилт гэж бодвол магадгүй хэдхэн жилд биелүүлнэ. Гэхдээ цагаан идээний бизнесийг Хятад улсад өрсөлдөх хүчтэй болгохыг амжилт гэж үзвэл нэг насны явдал”. Энэхүү зорилт нь Ургамал, Эрхмбаяр нарын амжилтад хүрэх зорилт байлаа.
Амжилтын тухай ярьснаас нь сэдэлт авч компанийнх нь нэрийг ажив. “Сүүтэй ” гэдэг нь үнэхээр их холыг харсан нэр. Тэд хожимдоо ганц цагаан идээний төрлийг л хийж худалдах биш, цагаан идээний агуулагдацтай олон төрлийн идээ ундаа борлуулахаар төлөвлөж байв.
- Манай монгол нутгийн цагаан идээ нь эко, шим тэжээл сайтай гэдгийг бүгд сайн мэднэ. Гэхдээ түүнийг өндөр үнэ хүргэхэд тасралтгүй шинийг санаачлах шаардлагатай. Уламжлалт маягаа баримтлаад байвал хэзээ ч хөгжиж чадахгүй. Одоо манай уламжлалт цагаан идээний зах зээлийн үнэ өртөг нь шим тэжээлийн өртөгтөө хүрч чадахгүй байгаа шалтгаан нь маш тодорхой. Тиймээс бид хоёр энэ хэдэн жилийн турш судалгаагаар голлож байгаагийн учир энэ билээ. Зах зээлд аль төрлийн бүтээгдэхүүн нь илүү таалагдаж байгааг судалж дараа нь үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмбэл энэхүү үйл хэрэг нь хөгжиж чадна хэмээн тэд ярьж байв.
Энэ нь тэдний монгол нутгийн уламжлалт цагаан идээний бизнесийн ирээдүйг харсан зорилго болохоор компанийнх нь хойшдын хөгжил, хийх ажлынх нь төсөв тодорхой болжээ.
Үзэсгэлэнт Шулуун хөх нутагт үндэслэсэн “Сүүтэй хотхон” бизнесийг эрхэлсэн залуу хосын бууц "сүүтэй хотхон" сүү саалийн үйлсийн саруул гэгээ дэлхийгээр цацрах өдөр тун удалгүй ирэх нь лавтай.
