Саяхан болсон ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралд тэмдэглэхдээ: Бүх талаар нээлттэй байх шинэ байдлыг бүрдүүлэх талаар урагшлах ёстой гэжээ. Шинэ эрин үед хэрхэн нээлттэй байх, нээлттэй байдлаа хэрхэн улам ахиулах нь сүүлийн үед гадаад дотоодын судлаачдын хэлэлцэх гол сэдэв болжээ.
Дэлхийн бараа худалдааны хамгийн том экспортлогч, хоёр дахь том импортлогч, гадаад хөрөнгийг хамгийн ихээр ашиглаж байгаа хөгжиж буй орон төдийгүй, гадаадад хөрөнгө оруулах чухал орны хувьд, Хятадын нээлттэй бодлого дэлхийн дахины анхаарлыг татаж байна. "Бүх талаар нээлттэй байх шинэ байдлыг бүрдүүлэх" тухай дурдмагц, гадныхны анхаарлыг татсан байна. Хэн Фэн банкны Судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Дүн Шимяо үзэхдээ: Гадаадад бүх талаар нээлттэй байх шинэ байдал гэгчийн хамгийн чухал нь "шинэ" гэдэг үгэнд бий гэжээ.
"Бүх талаар нээлттэй байлгахад шинэ салбар шинэ арга барил хэрэгтэй. Шинэ салбар гэдэг нь Хятад улс банк санхүүгийн салбарын гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлэх, гадаадын байгууллага Хятадын үнэт цаас, даатгал, банк, сангийн хувьцаа эзэмшихийг чөлөөтэй болгох зэрэг багтаж байна. Урьд нэлээд хумьж байсан бол одоо нээлттэй болгож байна. Шинэ арга хэлбэр гэдэг нь зарим уламжлалт салбарт шинэ арга хэлбэрээр гадаадын хөрөнгийг татан оруулах, нээлттэй байхыг өргөжүүлэх зэргийг зааж байна. Жишээлбэл "нэг бүс нэг зам" санаачилга, гадаадын зах зээлд гарах гэх мэт. Урьд Европ, Америкийн орнуудаар голлож байсан бол одоо Африк, Төв, Зүүн Европ хүртэл өргөжиж байна" гэжээ.
Хятад улс чөлөөт худалдааны 11 туршилтын бүсийг байгуулсан. Шанхай зэрэг олон нутаг улам чөлөөтэй худалдааны боомт байгуулахаар төлөвлөж банйа. Чөлөөт худалдааны боомтын нээлттэй, чөлөөтэй байдал нь шинэ ахиц гаргана гэж ХЯ-ы Эрдэм шинжилгээний зөвлөлийн орлогч дарга Жан Жяньпин үзжээ.
"Өдгөө чөлөөт худалдааны туршилтын бүсэд татвар хураамжийн тохируулга байхгүй. Ирээдүйд чөлөөт худалдааны боомтыг Дубай, Сингапурын загвараар ажиллуулбал татвар хураамж, шилжилт хөдөлгөөн, орон зайн талаар шинэ ахиц гарна. Өдгөө, Шанхай хот холбогдох төслийг төв засгийн газарт бүртгүүлээд байгаа бөгөөд Гуандун, Жэжян зэрэг муж ч тус тусын төслөө хийж байна. Ирээдүйд чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалт нь Хятадын нээлттэй байдлыг түүчээлнэ" гэжээ.
Өнгөрсөн 5 жилд, Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 хувийн нэмэр оруулж, дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцооны дүрмийн тухай үг хэлэх эрх нь илэрхий нэмэгдэж байгаа юм. Албан ёсны тоо бүртгэлээс үзвэл, өнгөрсөн 11 дүгээр сард, Хятадын бодитоор хэрэглэсэн гадаад хөрөнгө 80 тэрбум юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хвиар нэмэгджээ. Хятадын хувьд, гадаадын хөрөнгийг хэрэглэх нь түр зуур аргацаах арга биш, харин урт хугацааны стратегийн бодлого юм. Судлаачдын үзэж буйгаар, бүх талаар нээлттэй шинэ тогтолцоо бүрэлдэх явцад, гадаад хөрөнгийг ашиглах нь зөвхөн энгийн хөрөнгө оруулалт бус, харин гадаадын хөрөнгө оруулалтаар тэргүүний технологи, эрхлэх арга барил, туршлага, зах зээлийн боломжийг дамжуулан хүлээн авахад байна. Үүний улмаас Хятадын аж ахуйн нэгжүүдийг дэлхийн аж үйлдвэр, үнэ тариф, иновацтай уялдуулна. Хятадын аж ахуйн хөгжилд урт хугацаагаар анхаарал тавьсан санхүүгийн шинжээч Эйнар Данн хэлэхдээ: Уг нь Хятадад бизнес эрхлэхэд хялбар, англи хэлээр ярьдаг бол болчихдог байсан. Харин одоо Хятадын хөгжилд тус дэм болох чадвартай хүмүүс хэрэгтэй. Хятад улс олон улсад хөл тавьж байгаа бөгөөд шинэ технологи, төлбөр тооцооны салбар, шинээр хөгжиж буй төсөл зэрэг салбарт хүчин чадлаа нэмэгдүүлж байна гэжээ.
