
Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд "Монгол улс, БНХАУ-ын барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалт-2017" чуулга уулзалт 4-р сарын 11-нд боллоо. Арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, Монгол Улсын БХБЯ-ны сайд Г.Мөнхбаяр, Хятадын Орон сууц хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны Төлөвлөгөө, эдийн засаг, гадаад харилцааны газрын орлогч дарга Ли Липин болон холбогдох салбарын удирдлага, хоёр орны бизнесийн төлөөлөгч 200-аад хүн оролцов.

Монгол Улсын БХБЯ-ны сайд Г.Мөнхбаяр
Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Д.Ганхуяг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "2014 онд байгуулсан Монгол улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, улмаар худалдааны хэмжээг 2020 он гэдэх 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Энэхүү зорилгод өнөөдрийн та бидний оролцож буй энэ арга хэмжээ чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. Мөн хоёр орны холбогдох албаныхан тус салбарт явуулж буй бодлого, хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн боломжийг танилцуулав. Чуулга уулзалтын үеэр хоёр орны тус салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгуулга, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.

Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Д.Ганхуяг
Ёслолын ажиллагааны дараа тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд өөрийн төсөл, хамтран ажиллах, хөрөнгө оруулах санаатай ажлуудаа танилцуулжээ.

Хятадын Орон сууц хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны Төлөвлөгөө, эдийн засаг, гадаад харилцааны газрын орлогч дарга Ли Липин
Монгол Улсын БХБЯ-ны сайд Г.Мөнхбаяр: Энэ чуулга уулзалтын хүрээнд 8 компанийн хооронд гэрээ зурагдлаа. Энэ нь шинэ технологи, шинэ хөрөнгө оруулалтын шинэ боломж нээсэн чуулга уулзалт болсон хэмээн дүгнэн ярьсан юм.






