

Өвөр Монголын сар шинийн бэлэг сэлт сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөгдөх болсны нэг жишээ нь ном бичгийн хэрэгслийг бэлэг болгож эхэлсэн явдал юм.
“Аавдаа энэ цагаан сараар номын бэлэгтэй очиж золгоно, ахас дээдэсдээ ч архи аваад очих биш, номын бэлэгтэй золгоно” хэмээн Хөххотод ажиллаж амьдардаг Арвин Хятадын нэртэй сонгодог бүтээл “Энэ ертөнц”, “Цөлийн тайлга” зэрэг арав гаруй төрлийн ном судар худалдан авч номын бэлэгтэй нутаг буцан сар шинээ тэмдэглэлээ.
Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Хуар “Жангар”, “Ном уншсан тэмдэглэл” худалдан авч үр хүүхдэдээ сар шинийн бэлэг болгон барьжээ.
Ордос хотын Отог хошууны Зандан “Монголын нууц товчоон” номыг хамтын сар шинийн золголтоор төрөл садандаа бэлэг болгон өгчээ.
“Ном номын дундаас шилдгийн шилдэг номыг бусдад, ялангуяа төрөл садандаа сар шинийн бэлэг болгон өгнө гэдэг миний хувьд маш их бахархалтай үйл хэрэг байлаа. Учир нь ном гэдэг үеийн үед нэрд гарсан хүмүүсийн суу билиг ном бичигт тэмдэглэгдсэн байдаг. Ном бичгээс бид өнгөрсөн, одоо болон ирээдүйг олж харах болно. Манай ард түмэн номын тухай “Номоос өөр сайн нөхөргүй, нойрноос өөр муу дайсангүй” хэмээн цэцэлсэн байдаг.

Ордос хотын Үүшин хошууны малчин Хүсэлт мянга гаруй юаниар 40-өөд төрлийн ном худалдан авч хүүхэд, дүү нартаа сар шинийн бэлэг болгожээ. Мишигийн Цэдэндоржийн “Сайн ном хоёр ширхгийг аваад, сайн нөхөртөө бэлэглэж бай. Тэр ном чамайг төлөөлж тэр айлд үеийн үед амьдарна” гэсэнчлэн энэ жилийн цагаан сараар бэлэг сэлт сонгохдоо тухайн хүндээ хэрэгтэй атлаа сэтгэлд нь хүрэх бэлгийг сонгох тал дээр анхаарч эхэлсэн нь илхэн байна.
Цагаан сарын номын бэлгийн тухайд дэлхийн сонгодог уран бүтээл, Хятадын сонгодог уран бүтээл болон хүүхдийн ном, толь бичиг, гарын авлага зэрийг сар шинийн бэлэг болгон сонгожээ.
“Бэлэг бэлгийн дундаас номын бэлэг хамгийн эрхэм дээд”, “Энэ цагаан сар номын бэлэг авлаа”, “Номын бэлэгтэй цагаан сар болж байна” гэх агуулга бүхий гэрэл зураг, бичлэгүүд “Wеснат”, “Байна уу” дээр олноор цацагдаж байсан нь энэ сар шинийн хамгийн онцлог тал болж байлаа.
Сар шинийн амралтаас өмнөх номын дэлгүүр худалдааны газрууд хөл хөдөлгөөн ихтэй болсон байдаг. Хөххотод “Шидтэй” хэмээх номын дэлгүүр ажиллуулж буй Зунаа “Энэ жилийн сар шинээс долоо хоногийн өмнөх номын борлуулалт харьцангуй их байсан. Манай номын дэлгүүрийн хувьд цагаан сарын амралтаас өмнө долоо хоногт 50,000 юанийн ном борлуулагдсан. Энэ нь энгийн үетэй харьцуулахад өндөр тоо юм” гэлээ.
Хөххотын номын дэлгүүрт ажилладаг Цэнгэлт “Би сүүлийн арваад жил номын дэлгүүрт ажиллаж байна. Номын борлуулалтыг их анхаарах болсон. Сүүлийн жилүүдэд номын борлуулалт жилээс жилд сайжирч байгаа. Энэ жилийн сар шинийн амралтаас өмнөх номын борлуулалат өнгөрсөн жилээс илүү байна. Миний ажиллаж байгаа номын дэлгүүр 01 дүгээр сарын 24-нд амарсан. 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 2000 гаруй төрлийн ном борлуулагдсан байна. Үүнээс хамгийн борлуулалт сайтай нь хүүхдийн ном байгаа бол уран зохиол, түүх соёлын төрлийн ном дараагийн дугаарт орж байгаа нь баярлууштай амжилтад хүрсэн” хэмээн ярилаа.

Сар шинээр хайртай хүмүүтээ ном барин баярлуулахын дээр номын буян дэлгэрүүлэн сэтгэл дүүрэн байсан бол номын бэлэг авсан хүмүүсийн сэтгэл ч таатай байх нь гарцаагүй.
Ордос хотын Отог хошууны Хүсэлт “Энэ сар шинээр миний авсан хамгийн сайхан бэлэг ном байлаа. Хамгийн сүүлд шинээр хэвлэгдсэн “Монгол хэлний зөв бичгийн толь” (Гуравдугаар хэвлэл) номыг аваад маш их баярлаж байна. Надад хэрэгтэй гарын авлага байна. Мөн хүүхдүүдэд хэрэгтэй гарын авлага юм. Энэ гарын авлагыг авахыг хүсэж байсан. Авахыг хүсэж байсан номоо сар шинийн бэлгээд авна гэдэг их сайхан байна” хэмээн сэтгэл догдлон ярихын дээр дахин дахин зургийг нь авч бичлэг хийн “Wеснат” дээрээ хуваалцаж байлаа.
Ном уншихаар сэтгэл сэргэнэ, бороо орохоор байгаль сэргэнэ. Ном өнөөгийн бидний амьдралд дутагдаж болшгүй зүйл. Ном хүн төрөлхтний оюуны өвийг өвлөн хадгалах хамгийн найдвартай хэвлэл. Ийнхүү ном бичгийг сар шинийн бэлэг болгож эхэлсэн нь нийгмийн давшил хөгжлийн нэг тал юм. Өвөр Монголд сар шинийн бэлэг сэлтийн хувьд өнгөрсөн жилүүдэд архи, хайрцаг тамхи, чихэр боорцог, хувцас хунар, гоёл чимэглэлийн зүйл гэхчлэн эд бараан дээр төвлөрч байсан бол бэлэн мөнгө өгөх нь онцлог болж байлаа. Сүүлийн жилүүдэд “Нийгэм нийтээрээ ном унших”, “Ном унших сарын үйл ажиллагаа”, “Бахтай уншлага”, “Хөдөө орон нутагт тал нутгийн номын өрөө байгуула”, “Соёлыг хөдөө орон нутагт хүргэх” зэрэг засгийн ба засгийн бус арга хэмжээгээр дамжуулан Өвөр Монголд ном унших хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж эхэлсэн. Ийм төрлийн нийгмийн үйл ажиллагаагаар дамжин иргэдийн ном унших ухамсар тасралтгүй дээшлэн байна.
Номын бэлэгтэй цагаан сар болж байна. Энэ нь арвилан хэмнэх, оюунлагаар сар шинээ тэмдэглэж байгаагийн хэлбэр юм.
Номын цагаан буян дэлгэрэн дэлгэрэх болтугай!

