Өөрийгөө уртын дуу сурсан хятад хүн гэж танилцуулсан тэр залууг би нэг их ойшоогоогүй юм. Үнэндээ түүний үгэнд итгээгүй болоод тэр. Харин ярьсан хэдэн үгнээс нь цэвэр сайхан монгол аялгуу сонсогдсон болохоор түүнийг хятад хүн гэдэгт бас эргэлзсэн юм. Мөн “Хятад хүн юм бол уртын дууг сайхан дуулаад хаа хүрэх билээ” гэж бодлоо.
Ингэж танилцсан тэр залууг Сү Шин гэдэг. Бид “Хятад улсын урлагийн фондын тэтгэлэгтэй 2019 оны ‘Монгол үндэстний уртын дууны урлагийн чадвартан бэлтгэх төслийн тайлан тоглолт”-ын талбарт танилцсан юм.
Сурвалжлан асуух явцад тэрээр үнэхээр Шанши мужийн Шинбэй орны нэгэн тариачны гэрт төрж өссөн хятад хүн гэдгийг мэдсэн юм. Тэгээд нэгэн хятад залуу монгол уртын дууг хэрхэн сурсан тухайд яриа дэлгэлээ.

Сүшин 1988 онд Шар хөрст өндөрлөгийн Сүйдэ гэдэг газар эгэл жирийн тариачны гэрт ах, эгч, дүү дөрвүүлийнхээ хоёр дахь нь болж заяасан ба ядуу хүчирдэлтэй амьдрал дунд өсч торнижээ. Гэхдээ тэрээр багаасаа дуу урлагт сонирхолтой, Шаньбэй ардын дууны нөлөөн доор өсөн торнив. Дунд сургууль байхаасаа дууны багшаасаа электрон даралтат хөгжим, нот сурч анхны дуу хөгжмийн сууриа тавьсан байна. Хожим нь амьдралын шалтгаанаар их сургуульд орж чадаагүй ч найзынхаа танилцуулгаар Хятад улсын дуу хөгжмийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх сурагч болж суралцсан байна. Яг энэ үед тэрээр монгол уртын дуутай анх танилцаж, мөн тэр цагаас эхлэн уртын дуунд “Хайртай болсон” гэдэг.
- Дандаа цөөн тоот үндэстний ардын дууны хичээл гэж байдаг. Анхны хичээл дээр Жао Шяохун багшаас нэрт уртын дуучин Лхажавын дуулсан “Жороогийн жороо” дууг сонсгоход би сонсмогц татагдаж, энэ дэлхий дээр монгол уртын дуунаас өөр сайхан дуу байхгүй мэт санагдсан юм. Түүнээс хойш монгол уртын дууг үргэлж сонсдог болж, аажмаар дагаж аялдаг болсон гэж Сү Шин хуучилсан юм.
Тэр бол 2011 оны явдал. Тухайн үед нэг ч монгол үг мэдэхгүй Сүшиньгийн хувьд аяыг нь дагаж аялахаас өөр дуулж сурах нөхцөл байсангүй. Гэтэл тэр нам дуугаар аялсаар байтал уртын дууны нугалааг гаргаж чадах болсон байна. Түүнийг нь нэг найз нь сонсоод маш гайхаж, “Чи уртын дууг дуулах авьяастай” гэж урамшуулсан нь түүний уртын дуу сурах юмсан гэсэн хүслийг нь улам хөгжөөсөн гэх.
Хятад улсын Дуу хөгжмийн дээд сургуульд байх хугацаандаа тэрээр хожмын аянд нь хөтөч дэмжигч болж, олон талаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн дотно найз Хасбаатартайгаа танилцсан. 2012 онд сургуулиа төгсөөд нутагтаа хурим найрын тоглолтод оролцон дуулж, ашиг олон аж төрж байв. Харин нэгэн өдөр найз Хасбаатраасаа Өвөр Монголын Шилийнгол аймгийн ажил мэргэжлийн дээд сургуульд биет бус соёлын өвийг уламжлах цоор дууны сургалт зохион байгуулах гэж байгаа тухай сураг сонссон байна. Тэгээд тэрээр туршиж үзэх санаатай утсаар нь холбогдсонд тэр удаагийн сургалтын багш Доржоос түүний ирж суралцахыг хүлээн зөвшөөрсөн байв. Тэгээд тэрээр 9 дүгээр сард нь Шилийнголд хүрчээ.
“Сайн байна уу?” гэдэг мэндчилгээний ганцхан монгол үгтэй хүрч очсон тэрээр Дорж, Манлай зэрэг багш нарын удирдлагаар нэг нэг үг үсгээр цоор дуу сурч, монгол үгийг авиагаар хадан цээжилж, ая хөгийг нь ч нотоор тэмдэглэн дасгалаа байнга давтаж сурсан байна. Үүнд, хамт сурч байсан нөхдийнхөө элэглэл дооглолыг хүртэж байсан ч тоох ч үгүй, хүчин чармайлт гарган суралцаснаас хориод өдрийн цагийг зарцуулан анхны цоор дуу “Наран мэт мандах” дууг дуулж сурчээ. Тэр удаа Сү Шин “Богд Чингис”,“Алтан арура”, “Урьхан хонгор салхи”, “Хөдөө шил”… зэрэг нэлээд олон дуу сурчээ. Зав чөлөөгөө ашиглан бас морин хуур татахыг ч сурсан байна.

Гурван сар суралцсаны дараа багшынхаа удирдлагаар сургуулийн удирдлагад дуулж үзүүлсэнд “Хятад хүн уртын дууг ингэж сайн сурсныг анх харж байна” гэж баярлан, сургуулийн удирдлага нь түүнийг урамшуулан, нэг тэрлэг бэлэглэсэн байна. Энэ нь түүнийг маш ихээр баярлуулж, урам зоригийг нь бадрааж, итгэлийг нь улам хөвчилсөн гэнэ.
Хожим нь тэрээр Чүнчин хотод тоглолт хийж гурван жил шахам ажилласан ч чөлөө заваараа Өвөр Монголд ирж, багш нараараа дуугаа заалган, ерөөс уртын дуу дуулахаа завсарлаагүй. 2015 онд Өвөр Монгол орны соёлын тэнхимээс биет бус соёлын өвийг уламжлах хөөмийн сургалт эрхлэн зохион байгуулахад тэр мөн хүрч ирж, модон цоор, товшуур зэрэг олон зүйлийн монгол хөгжмийн зэмсгүүдийг сурсан байна.
- Олон зүйлийг сурч гүйсээр нас заваа үрж, одоо хүртэл тогтвортой ажил олоогүй найр наадамд дуу дуулж олз хөөж яваа ч би үүндээ харамсдаггүй. Учир нь өөрийн дуртай ажлаа хийх нь миний хувьд хамгийн жаргалтай санагддаг зүйл. Монгол хүний сайхан сэтгэлийг хүртэж, монголчуудаас уртын дуу сурч, өөр бас олон зүйлийн хөгжим сурснаар барахгүй, монгол нэртэй ч болсон гэнэ.
Түүний монгол нэр нь Чигчжав гэдэг. Алдарт дуу хөгжмийн онол судлаач Улалж багшаас түүний уртын дууг сонсож, бас түүний чигч шударга, чармайн суралцдаг занг нь ойшоож хүндэтгэн энэ нэрийг өгсөн гэнэ. Аажмаар түүний уртын дуу нэрт уран бүтээлчдийн үнэлэлтийг хүртэж, одоо мөн олон олон уралдаан тэмцээн, нэвтрүүлэг зэрэгт оролцон шагналаар энгэрээ мялаалгасан. “Одоог хүртэл монгол уртын дууг сурсан анхны хятад хүмүүн” гэж зарим мэргэжилтнүүд түүнийг үнэлдэг гэнэ.
- Үндэстнийх бол дэлхийнх гэдгийг би хүлээн зөвшөөрдөг. Уртын дуу байхад Италийн сонгодог дуулал юу ч биш санагддаг. Энэхүү сайхан урлаг соёлыг уламжлан хөгжүүлэхэд би ч хүчээ өргөсөөр бөгөөд хожим ч эрс хэлбэрэлтгүйгээр энэ замаараа явна. Одоо миний хамгийн гол ажил бол монгол хэлийг сайн сурах явдал болно гэж Чигчжав ярьж байлаа.
