Энэ талаар Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Жамбалжаваас тодруулга авснаа хүргэе. Тэрээр мэргэжлийн мэс засалч, эрүүл мэндийн зохион байгуулагч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмч юм.

-Өнөөдөр Монголын анагаах ухааны салбарт шинэлэг үйл явдал болж байна. Доктор Хан бид хоёр 2005 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. 2005 онд манай хэсэг эмч нар доктор Хантай Бээжин хотын Шижитан гэх төмөр замын эмнэлэгт дадлага хийж, 2006 онд Монгол Улсад анх удаа ихэрийн бөөрийг шилжүүлэн суулгах хагалгааг Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлэгт Хан доктор бид нар хамтарч хийсэн. Энэ нь Монгол Улсын түүхэнд амжилттай хийсэн бөөр шилжүүлэх мэс засал байсан юм. Түүнээс хойш Монгол Улсад бөөр шилжүүлэх 130-140-өөд мэс засал хийгээд байна.
Энэхүү үйл явдлаас хойш Хан доктортой бид байнгын харилцаатай байж ирсэн. Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг нь манай улсын бөөрний чиглэлээр мэс засал хийдэг гол эмнэлэг. Тиймээс Нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасаг Бээжин хотын Чоен эмнэлгийн бөөрний тасагтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаа юм.
Дэлхий нийтэд сүүлийн үед лазераар бөөрний чулууг задалж, цусгүйгээр хагалгаа хийдэг болсон. Энэхүү дэвшилтэт технологиор хагалгаа хийх эмчилгээг Бээжин хотын Чоен эмнэлгийн хоёр докторын удирдлаган дор ирсэн баг хамт олон өөрийн багаж хэрэгсэл, аппараттайгаа ирж Монголын эмч нарт хагалгаа хийн үзүүлж, зааж сургаж байгаа юм. Энэ нь зөвхөн эмнэлэг хоорондын үйл ажиллагаа биш, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа дээд түвшинд өвчтөнийг эмчлэх хэмжээнд хамтарч ажиллаж байна гэсэн үг юм.
Мөн БНХАУ-ын эмч нар Монголын эмч нартай туршлага солилцож, ажлын байдлыг нь газар дээр нь харж, хамтарч хагалгаа хийж, манай эмч нарын хагалгаа хийх болон эмчлэх ур дүйг харж сонирхож байгаа юм. Монгол эмч нарын ур чадвар их дээшилсэн. Багаж хэрэгсэл зарим зүйлээр дутагдалтай байгаа ч өндөр хэмжээнд тоноглогдож байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа нь хоёр улсын эмч нар нэг нэгнийхээ сайн муу талыг нөхөж, хамтарч ажиллаж байгаагийн нэг илрэл юм.
Тиймээс энэ нь зөвхөн эмч хоорондын, эмнэлэг хоорондын асуудал биш юм. Хоёр улсын ард түмний хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой ажиллагаа болж байна. Цаашдаа энэ хамтын ажиллагаагаа улам хөгжүүлнэ. Өнгөрсөн жил манай Бөөрний төв эмнэлгийн дарга, доктор Бямбадаш бид хоёр БНХАУ-ын бөөрний эмч нарын хуралд урилгаар оролцсон. Мөн энэ оны аравдугаар сард Баян-Өндөр эмчтэй бид хоёр урилгаар бүх Хятадын хэмжээний бөөрний дурангийн мэс заслын хурал, зөвлөгөөнд оролцоод ирсэн. Энэ үеэр хоёр эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж тохирсоны дагуу энэ том хэмжээний баг ирж ажиллаж байна.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хагалгаа хийж чадахгүй, эмчилж чадахгүй 30 гаруй өвчин байгаа. Энэний нэг нь бөөрний нарийн, хүнд мэс засал юм. Урьд нь хэд хэдэн удаа хагалгаа хийсэн, хүндэрсэн, тоног төхөөрөмж дутагдалтай тал байдаг байсан. Өнөөдөр манай улсын хэмжээнд өндөр тоног төхөөрөмж, ур чадвартай өндөртэй эмч нар Хятадын докторуудаас бүрдсэн багийн хамт эдгээр хагалгаануудыг хийлээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бараг 20-иод мэс засал хийх гэж байна. Хоёр улсын эмч нар маань их шахуу ажиллаж, хоёр өдөр шөнийн 23:00-24:00 цаг хүртэл ажилласан. Маргааш бас хэд хэдэн хагалгаа хийнэ.
Нэмж хэлэхэд, Монгол Улсын хуулинд өвчтөн бол эмч, эмнэлгээ өөрөө сонгох эрхтэй байдаг. Тиймээс дэлхий нийтийн хэмжээнд эмнэлгийн аялал жуулчлал түгээмэл болж байгаа. Тиймээс дэлхийн аль ч оронд иргэн өвчнөө аль ч улсад очиж эмчлүүлэх эрхтэй болсон. Монголчууд Хятадын олон эмнэлгүүдэд очиж хагалгаа хийлгэж, эмчлүүлж байгаа. Мөн Хятадын болон Өвөр Монголын иргэд манай улсад ирж эмчлүүлж, хагалгаа хийлгэх бүрэн боломжтой юм. Үүнийг би онцлон дуулгамаар байна. Тухайлбал, 2011 онд Өвөр Монгол иргэн, 16 настай охин Урьхан манай улсад ирж хагалгаа хийлгэсэн. Манай багийнхан тэр хүүхдийн ээжийг нь бөөрний донор болгож хагалгаа хийсэн. Одоо тэр хүүхэд энх тунх сайн байгаа. Монголын эмч нарт хандан Өвөр Монголын иргэд эмчилгээ үйлчилгээ хийлгэхэд манай улсын эмнэлэг, эмч нар тааламжтай хүлээн авна, нээлттэй байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
Миний хувьд ЭМЯ-нд удирдах алба хашиж байсан, эрүүл мэндийн салбарт он удаан жил ажилласан хүний хувьд өөрийн улсын эрүүл мэндийн салбарын болон эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайн мэднэ. Манай улсын эмнэлгүүдээс Улсын нэгдүгээр төв эмнэлэг гадаадын улс орнуудын иргэдийг хүлээн авч эмчлэх бүрэн боломжтой. Тухайлбал, бөөрний зарим өвчнүүдийн, элэг шилжүүлэн суулгах хагалгаа, цөмийн оношлуур, үе шилжүүлэн суулгах зэрэг нарийн хагалгааг маш сайн хийж байгаа. Мөн зүрх судасны тосгуур хоорондын цоорхой бөглөх, судсан дундуур явуулах, титэм судаснуудын бөглөрлийг засах зэрэг хагалгаануудыг маш сайн хийдэг. Энэхүү өвчнийг эмчлүүлэх, хагалгаа хийлгэхэд гадаадын иргэдийг өөрийн улсын иргэний нэгэн адил эмчлэх бүрэн боломжтой гэдгийг хэлье гэж бодож байна. Манай зүрх судасны эмч нар бид бэлэн шүү гэдгээ хэлсэн. Мөн мэдрэлийн болон тархины мэс засал маш сайн хөгжиж байгаа.
Тиймээс манай хоёр улсын хувьд бие биетэйгээ хамтран ажиллаж, эцсийн дүндээ иргэдийнхээ эрүүл энхийн төлөө хамтран ажиллах сайхан боломж болж байна. Ер нь бол дэлхийн эмч нарт хил хязгаар гэж байхгүй. Хаана ч ажиллах боломжтой юм.
-Манай эмч нар БНХАУ-ын мэргэшсэн эмч нараас чадварын хувьд ямар байдаг бол?
-Эмч нарын хувьд хүн л юм чинь хаа газрын эмч нар сайн ч мэргэшсэн нь байгаа, муу мэргэшсэн нь ч байгаа. Нэг чиглэлээрээ төрөлжсөн ч байдаг. Тухайлбал, манайд байгаа сайн юм нь нөгөө оронд байхгүй, нөгөө оронд байгаа сайн юм нь манайд байхгүй байж болно. Хамгийн гол нь харилцан уулзаж, учирч өвчний оношлогоо, эмчилгээний талаар, сүүлийн үед дэлхий нийтийн хэмжээнд дэлгэрч байгаа шинэ технологи, арга барилыг хөгжүүлэн хамтран ажиллах хэрэгтэй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эмч нар бие биенээ ойлгож хүний эрүүл мэндийн төлөө бие сэтгэлээ дайчлан ажиллана гэдэг л чухал юм.
Бид дэлхий дээр энх тайван байгаасай, эв нэгдэлтэй байгаасай, улс орныхоо хөгжилд туслаасай, эрүүл байгаасай л гэдгийг хүсэж байгаа. Эрүүл байж, саруул ухаантай, зөв бодолтой байх ёстой гэж боддог. Бид нэг л дэлхийд амьдардаг.
-Өөрсдөө аппаратаа авчирч хагалгаа хийлээ. Энэхүү аппаратыг Монгол Улсад оруулж ирэх боломж бололцоо хэр байдаг бол?
-Болохгүй юм гэж байхгүй. Эцсийн эцэст хөрөнгө мөнгө, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх арга барил, мэргэших, мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудал л юм. Ер нь бол аль ч улсад бүх аппарат, технологи бүгд байдаггүй. АНУ-д ч аппарат дутмаг тал байгаа л байх. Нэг л үнэтэй аппарат оруулж ирээд эмчилж, хагалгаа хийчихлээ. Түүнийг л манайх олъё гэж хөөцөлддөг. Тэр аппаратгүйгээр ч хийж болно. Хамгийн гол нь хөгжилд хязгаар байхгүй.
-Цаашдаа энэхүү үйл ажиллагаа байнгын үргэлжлэх үү?
-Байнга үргэлжилнэ. Улс орон оршин тогтнож байгаа цагт хамтын ажиллагаа байнга байх болно.
Насанжаргал: БНХАУ-ын хоёр доктор Монгол Улсад байдаггүй аппаратаар хагалгаа хийлээ

Энэ сарын 8-10-ны өдрүүдэд Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Урлог, андорлогийн тасгийн эмч нар, БНХАУ-ын Бээжин хотын Чоён эмнэлгийн Урлогийн тасгийн эрхлэгч, хоёр доктор өөрийн баг бүрэлдэхүүнтэйгээр, Монголд байхгүй аппаратаа авч ирэн 17 хүнд бөөрний чулууг лазераар авах хагалгаа хийсэн. Энэхүү үйл ажиллагааг 2006 оноос эхлэн зуучилж, орчуулж байгаа ӨМӨЗО-ны Ар Хорчин хошууны Насанжаргалаас тодруулга авлаа.
-Энэ сарын 8-10-ны өдрүүдэд Бээжин хотын Чоён эмнэлгийн урлогийн тасгийн хоёр доктороор ахлуулсан багийнхан ирж Монгол Улсын Нэгдүгээр эмнэлгийн Урлог, андорлогийн тасгийн эмч нартай хамтран 17 иргэнд лазериар бөөрний хагалгаа хийсэн. Та энэ үйл ажиллагааг зуучлах, орчуулгыг хийдэг гэсэн. Энэ талаараа товч танилцуулна уу?
-2006 оноос эхлэн Монгол Улсад бөөр шилжүүлэх эмчилгээг хийхэд Монголын эмч нарыг Бээжин хотноо дадлага хийлгэж, туршлага судлуулахад зуучилж, орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Одоог хүртэл энэ чиглэлээр Монгол, БНХАУ-ын эмч нарыг хамтарч хагалгаа, эмчилгээ хийлгэхэд орчуулагч, зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа.
2006 онд Монгол Улсын гавьяат эмч Жамбалжав, Нэгдсэн нэгдүгээр төв эмнэлгийн Урлогийн тасгийн эрхлэгч, эмч Баян-Өндөр нарыг Хан доктор нарын орчуулагчаар ажиллаж байгаа.
Ингэснээр бөөр, ясны чөмөг, элэг шилжүүлэх зэрэг хагалгаа эмчилгээнд Монголын ард түмнийг хамруулахад эдгээр эмч, докторуудтай холбож өгөх, орчуулах зэрэг ажлыг хийснээр монголчууддаа жаахан ч болов тус болох зорилготой юм.
Энэ удаа Монгол Улсад байдаггүй аппаратаар, үнэ төлбөргүйгээр 17 хүнд хагалгаа хийж байна.
-Бээжинд очоод монголчууд энэхүү хагалгааг хийлгэх, Монгол Улсдаа хийлгэх нь үнэ төлбөрийн хувьд ч, бусад талаараа ч ямар дутагдалтай, ололттой тал байдаг бол?
-Энэ удаагийн хагалгаа нь үнэ төлбөргүй хийснээрээ, мөн өөрийн нутаг орондоо хийлгэж байгаа нь цаг агаар, өөрийн нутгийнхаа хоол ундыг идэхээс эхлүүлээд илүү ололттой юм. Сөрөг буюу дутагдалтай тал гэж байхгүй дээ. Эдгээр сайхан сэтгэлтэй доктор, эмч нарын буянаар Монголын 17 хүн эмчлүүлж байгаа нь их сайхан буянтай, ач холбогдолтой ажил болж байгаа юм.
-Цаашдаа Монгол Улсын энэхүү чиглэлээр мэргэшсэн залуу эмч нарыг сургах, дадлагажуулахад чиглэсэн ажил зохиогдох болов уу?
-Хамтын ажиллагаа улам өргөжих болно. Яг энэ талаар бид ярилцаж байгаа. Монгол Улсын эмнэлгийн талаас ямар ч зардалгүйгээр, залуу эмч нарыг сургаж, дадлагажуулахаар ярилцаж байгаа. Удахгүй энэ талын ажлууд зохион байгуулагдах байх.
Ж.Дуламсүрэн
Гэрэл зургийг Ц.Ганболд
