Үгүй бол хэр олон хүн олж харахгүй өнгөрөх бол. Гэхдээ тэр хүмүүсийн бүтээсэн үйл, байгуулсан гавьяа чамгүй их. Өөрийн урласан үндэсний хувцсаар олон түмнээ гоёж яваа уран гартай үйлчин нутаг нутагт нэлээд хэд байдаг. Энэ намраар нутаг буцахдаа Зүүн Үзэмчин хошууны төв Улиастай сууринд бөс барааны хоёр дэлгүүр, нэг оёдлын газрыг амжилттай ажиллуулж яваа Нарантунгалаг эгчтэй уулзаж танилцлаа. Олон таван үггүй энэ намбалаг эгчийг үндэсний дээл хувцсаар гоёх дуртай, захиалж хийлгэдэг хүмүүс андахгүй. “Дээл сайхан оёдог хүн дээ” хэмээн ам уралдан магтана. Нэг удаа түүгээр дээлээ хийлгэсэн хүн байнгын үйлчлүүлэгч нь болдог гэсэн үнэний ортой байх.
Үйлд уран тэрээр аль бяцхан охин байхаасаа л юм оёж сурсан гэдэг. Ээж нь их уран хүн байсан нь түүнийг оёдолчин болоход ихээхэн нөлөө үзүүлжээ. Ахмад буурлууд маань нүд, гар, сэтгэл нийлж байж уран болно гэлцдэг. Түүнийг хөгжүүлж чадах хүн бий, чадахгүй ч хүн бий. Нарантунгалаг эгчийн хувьд анх даалин, эмжээртэй дээл оёх, шилбэ хадах, гутал оёх зэрэг үйлийг хийдэг байсан гэнэ. Тэр үеийн хүмүүс бүгд оёсон гутал өмсдөг байв. Түүний нөхөр нь багийн эмч ажилтай байсан болохоор 90-өөд онд хошууны төв Улиастай сууринд нүүн ирж хувийн жижиг эмчилгээний газраа ажиллуулж эхлэхэд гэргий Нарантунгалаг эгч маань нөхөртөө эм боож өгөхийн зэрэгцээ ээж болон хүүхдээ харах үүрэгтэй болсон байна. Ингэж хэдэн жил эмч нөхрийн ажилд тусалж, хүүхдээ өсгөсөн түүнд өөрийн дуртай ажлаа хийх, хүсэл тэмүүлэл болсон оёдолчин болох мөрөөдлөө биелүүлэх бодол төрсөн байна.

Энэ мөрөөдлөө биелүүлэхэд нь 2006 онд Хонконг, Макао зэрэг хотуудаар явсан аялал их эрч хүч өгсөн байна. Энэ аялалд Зүүн Үзэмчин хошууны багийн эмэгтэйчүүдийн холбооны дарга нараас бүрдсэн баг хамт олон явах болжээ. Нарантунгалаг эгчийн багийн эмэгтэйчүүдийн холбооны дарга нь аялах боломжгүй болж, түүний орлон явах сайхан боломж тохиож билээ. Боломж гэдэг хүнд ингэж л ирдэг байх. Зүгээр нэг аялал биш, хөгжсөн том хотуудын эмэгтэйчүүд хэрхэн бизнес хийж, амжилт гаргаж буйг судлах, суралцах сайхан боломж хөдөөгийн бор бүсгүй Нарантунгалаг эгчид учиртай тохиосон юм байна.
Ийнхүү аялалд явж ирээд дараа жилээс нь буюу 2007 онд Улиастай сууринд байр түрээслэн, бизнес хийх анхны гараа болох бөс барааны дэлгүүрээ нээж билээ. Тэрээр дэлгүүрийн бөс бараагаа бусдаас өвөрмөц байлгахын тулд Монгол Улсын Улаанбаатар хот, улсын дотоодод Манжуур, Бээжин зэрэг хотуудаар хүү, бэрийн хамт олон удаа явж өөрийн биеэр сонгож шилж авч байжээ. Бөс барааны дэлгүүр ажиллуулан хэдэн жилийн дараа дэргэд нь оёдлын газар ажиллуулж эхэлсэн байна. Одоо "Архангай халх монгол оёдол", "Булган хангай оёдлын газар", "Орос, Монголын чөлөөт дэлгүүр" гэх хоёр оёдлын газар, нэг дэлгүүрийн эзэн болон гялалзуулж явна.

Нийгмээ дагаад хүмүүсийн хувцасны чиг хандлага, донж маяг өөрчлөгдөж байгаа. Үүнтэй уялдуулан Нарантунгалаг эгч оёдлын газраа ч үндэснийхээ хувцсыг орчин үеийн хувцасны загвартай хослуулан иргэддээ үйлчилж байгаа аж.
- Нас явж байгаа болохоор шинэ зүйлээс хоцрохоос болгоомжлон сонин, сэтгүүл, телевизээс хувцасны загварууд үзэж судлан өөрийгөө хөгжүүлдэг. Ер нь хүний сэтгэлд хүргэхийн тулд үргэлж эрэл хайгуул хийн, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай гэж Нарантунгалаг эгч ярьж байлаа.
Жилээс жилд үндэсний хувцсаараа, үзэмчин дээлээрээ гоёх хүмүүсийн сонирхол нэмэгдэж байна. Эхлээд үзэмчин дээл оёж эхэлсэн, сүүлд нь хүмүүсийн захиалгын дагуу халх монгол дээл хувцсыг ч оёх болж, Монгол Улсаас оёдолчин урьж ажиллуулаад гурван жилийн нүүр үзэж байгаа юм байна. Мөн хүмүүс гэр бүлээрээ ижил загвартай дээл захиалан хийлгэх болжээ.
- Жил бүр хүмүүсийн сонирхох загвар, өнгө өөрчлөгддөг. Энэ жилийн хувьд жижиг хээтэй хөх өнгийн бөс торгоор дээл хийлгэх хүн олон байна. Бээжин тэрчлэн бусад аймаг хотоос, хөрш хошуунаас ч захиалга ирнэ. Эхний үед багийн хоёр эгчтэй хамт оёдлын газраа эхлүүлж байсан бол одоо тэр бүх захиалгыг гүйцээх гэж үзэмчин дээл оёдог гурван оёдолчин, Монгол Улсын гурван оёдолчинтой завгүй ажиллаж байна. Нэг оёдолчин маань арав гаруй жил надтай хамт ажилласан, саяхан Алтанхил сум явсан. Манай хүмүүс надтай адилхан оёдол үйлд үнэн сэтгэлээсээ дуртай сайхан сэтгэлтэй маш хөдөлмөрч хүмүүс. Миний өдий дайтай яваа минь хамт олны минь ач, буян заяа гэж боддог хэмээн эгч даруухан ярив. Өмнө нь Эрээн хотод ажилладаг Монгол Улсын оёдолчинд захиалгаа явуулан оёулдаг байсан бол сүүлийн үед Монгол Улсын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын оёдолчинтой хамтран ажиллах болсон нь түүний хувьд илүү хялбар болсон байна. Мөн вичат гэх сайхан хэрэгсэл гарч тэдний ажлаа явуулах сайхан нөхцөл боломж болсон байна. Гэхдээ Монгол Улсын иргэний аюулгүй байдлын үүднээс Монголын оёдолчид хоёр гурав хоноод л хил гарах хэрэгтэй болохоор захиалгын хэмжээгээ аваад нутаг буцан оёж дуусаад авч ирдэг юм байна.
Дээр үед утас, зүү нийлүүлэн юм оёдоггүй бүсгүй хүнийг бүсгүй хүн биш гэж ч ярьдаг байсан ч одоо цагт зүү, утас нийлүүлэхээ больсон нь нийгмийн хэвийн үзэгдэл болжээ.Сүүлийн үед юм оёж сурах, оёдолчин гэх энэ мэргэжлийн сайхныг нь мэдэрч буй хүүхэд залуус ч олноороо бий болж байгаа аж. Сүүлийн хэдэн жилд Нарантунгалаг эгч гарын шавь Оюунгэрэл, Хуар гэх үзэмчин дээл хувцас урладаг нэлээд хэдэн уран үйлчин бэлтгэсэн байна. Шавь нар нь багшийнхаа заасан зүйлийг сайн эзэмшин хувийн ажил үйлсийн гараагаа хэдийн эхлүүлжээ. Нарантунгалаг эгч өөрөө хоёр хүү нэг охинтой. Нэг охин нь эмч, аавын хамт эм боож байгаа бол Нарантунгалаг эгч хоёр бэрийн хамт оёдол оёдог байна. Өдөрт арав гаруй дээлийн захиалга авдаг тэднийх нэг өдрийн дундаж орлого нь гурван мянга гаруй юань хүрдэг. Ингээд бодвол сарын зуун мянган юань өвөртөлдөг ч орлогын хагас хувийг нь оёдолчин байрны түрээсэн зарцуулдаг юм байна.
Эдүгээ үндэсний гэсэн тодотголтой юм бүхэн цаг үеэ дагаад үнэ цэнэ нь өсөх хандлагатай болжээ. Түүнийг нь мэдэрч эхэлсэн төр засаг ч тэднийг дэмжиж байгаа нь бахархмаар. Нарантунгалаг эгчийн ярьж буйгаар тухайн жилүүдэд хошууны Засгийн газраас гурван жилийн хугацаатай хүүгүй зээл өгч дэмжиж байсан нь их тус болж байсан гэв.
Ямар ч хүнд ижий аав, үе удам дамжсан авьяас гэж байдаг. Нарантунгалаг эгчид утас зүү нийлүүлж, үйл урлах авьяас заяасан байх. Бурхнаас заяасан авьяасаа хөгжүүлж, өөрийн болгон эзэн нь болж хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Нарантунгалаг эгч шиг үйлчин хүнийг л уран хүн гэдэг байх. Энэ сайхан мэргэжлээрээ амжилттай ажиллаж яваа энэ эгчээр бахархах сэтгэл төрлөө. Үндэсний өв уламжлалаа хадгалсан ур бүтээж яваа үйлчин бүсгүйн үйл уран, үйлс тунгалаг байг.
