
Хятад улс сүүлийн жилүүдэд хурдтай бөгөөд томоохон бүтээн байгуулалтаараа дэлхийг гайхшруулах болсон. Тэдгээрийн нэг нь халуун нар, элсэн шуурга хоёроос өөр зүйлгүй, ямар ч дэд бүтэцгүй цөлд тавьсан хурдны зам юм.

Дэлхийн хамгийн том элсэн цөлүүдийн нэг нь Хятадын баруун хэсэг, Шинжаан Уйгурын нутагт орших Такла Макан юм. Нийт хэмжээ нь 337,600 хавтгай дөрвөлжин км талбайтай. Энэ нь бараг Германы нутаг дэвсгэртэй (357,380 хавтгай дөрвөлжин км) дүйдэг аж.

Цөлийн урт нь 1500 км, өргөн нь 650 км үргэлжилдэг. Шинжаанчууд тус нутгийг "үхлийн тэнгис", "буцаж ирдэггүй газар" хэмээн нэрлэдэг байна.

Такла Маканд жилд ердөө 12 мм хур тунадас унадгийн зэрэгцээ байнга элсэн шуурга босно. Зөвхөн Тарим голын цутгал Хотан голын эргээр байдаг алагдаахай, гүрвэл, зурам, туулай, могой, хавтгай, гөрөөс зэргийг эс тооцвол өөр амьдрал огтхон ч байхгүй. Гэсэн хэдий ч 1995 онд хятадууд Такла-Маканы хөндлөн гулд Таримын хурдны замыг тавьж дуусгасан байна.
Хурдны замыг тавих ажил 1993 онд эхэлсэн аж. Нийт урт нь 552 км бөгөөд үүний 446 нь жинхэнэ элсэн цөлөөр дайрч өнгөрдөг. Төслийг хэрэгжүүлэхийн тулд эрх баригчид км тутамд ойролцоогоор 14,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин нийт ажил 1995 он гэхэд дуусчээ.

Гэхдээ шуурганаас болж Таримын хурдны зам байнга элсэнд дарагддаг нь эрх баригчдын толгойны өвчин болсон.
Инженерүүд энэ асуудлаас хамгаалахын тулд замын дагуу хатуу ширүүн нөхцөлд тэсвэртэй заг, бургас голдуу ургамлыг 1996 оноос эхлэн тарьсан байна.
Дараагийн хоёр жилийн хугацаанд инженерүүд 30 гаруй км замыг ургамлаар "эмжсэн" бөгөөд энэ нь мэдэгдэхүйц хэмжээний үр дүн үзүүлжээ. Эцэст нь 2003 онд эрх баригчид замыг бүхэлд нь ургамлаар хамгаалах төслийг баталсан юм.

Ургамал модыг хамгаалахын тулд гүний худаг олноор байгуулсан нь амжилттай болжээ. Ийнхүү 400 км замыг элсэнд дарагдахаас сэргийлсэн байна. Мөн дээрх усалгааны төвүүдийг хангах үүднээс олон тооны шатахуун түгээгүүрийн станц, цайны газар зам дагуу байгуулагдсан.
Энэхүү зам нь Лонгтай, Мин-Фин гэсэн хоёр хотыг холбож байгаа бөгөөд нэг өдрийн дотор тэдгээрийн хооронд явах боломжтой болсон байна.

