Та аль нутгийн уугуул вэ. Монгол, Дундадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэгийн үүсэн байгуулсан зорилгын тухайд яриагаа эхэлье ?
-Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хүн. Монгол Улсын их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багшилж байгаад 2010 оноос Өвөр Монголын Их Сургуульд докторантурт суралцаж байна. Монгол, Хятад улсууд нь хаяа залган суурьшиж олон мянган жил болохдоо соёлын олон шижмээр гагнагдсан гүн холбоог бий болгожээ. Энэ талаас нь харвал өнөө цагт хоёр улсын соёлын салбар дахь хамтын ажиллагаа өргөн дэлгэр байх бүрэн бололцоотой. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал тийм үр дүнд төдийлэн хүрэхгүй байна. Харин улс төр, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин хөгжсөөр олон олон амжилтанд хүрч байгаа нь нүдний өмнө илхэн харагдана. Ийм нөхцөл байдлаас шалтгаалан Өвөр Монголын Их Сургуульд докторантур, магистрантурт суралцаж байгаа бидний хэсэг залуучууд санаа нийлэн 2011 онд Монгол, Хятадын хооронд соёлын холбоо хэлхээг ахиулах зорилгоор уг нийгэмлэгийг үүсгэн байгуулсан.

Нийгэмлэгийн үйл ажиллагааны тухай тодруулвал ?
-Манай нийгэмлэг нь хоёр улсын хооронд соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй. Одоогийн байдлаар Нийгэмлэгийн үйл ажиллагааг хоёр үндсэн хэсэгт хуваан авч үзэж болохоор байна. Нэгдүгээрт. Хоёр улсын эрдэмтдийн судалгаа шинжилгээний ололт амжилтыг харилцан солилцох зорилгын хүрээнд “Хятад дахь Монгол судлал”, “Хятадын Хөдөө аж ахуйн ололт” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийг ӨМИС-ийн Монгол судлалын төв, Тариалангийн их сургуультай хамтран эрхлэн гаргаж байна. Ер нь Монгол судлал Дэлхийн олон улсад байна. Орос, Япон, Герман зэрэг олон улсуудын дундаас хамгийн эртний монгол судлал нь Хятадын Монгол судлал юм. Хятадын эрдэмтдийн бүтээл яагаад үнэ цэнэтэй гэхээр 2 зүйл байгаа юм. 1. Хятад, манж хэл дээрх архивын баримтыг сайн ашигласнаараа эрдэм шинжилгээний үнэ цэнэ их давуу талтай байна. Манай улсын архивын хамгийн эртний баримт нь 1674 онд хамаарагддаг бол Бээжингийн 1 дүгээр архивт Монголын Юан улс, улс төрийн бутрал, Манжийн үеийн түүхэнд холбогдох ихээхэн баримт хадгалагдаж байна. 2. Эртний Монгол судлал Хүннү, Сяньбигийн түүх судлалд хятадын эрдэмтдийн олон арван бүтээлүүд судалгааны үнэ цэнэ ихтэй байна. Орчин үеийн Монголын түүхч, судлаачид хятад хэлний бэрхшээлээс болж орос болон англи хэлнээс тэдгээр бүтээлүүдийг дам ашиглаж байгаа нь хятадын монгол судлалын ололт амжилтыг Монголд нэвтрүүлэх нөхцөл шаардлагыг тодорхойлж байна. Хятад дахь Монгол судлал сэтгүүл нь жилдээ нэг дугаар эрхлэн гаргах ба хятадын эрдэмтдийн шилдэг сайн ололт амжилтыг орчуулж, хөрвүүлэх замаар Монголын судлаачид, уншигчдад хүргэх зорилготой ажиллаж байна. Хоёдугаарт. Монгол, Хятад хоёр улсын залуу судлаачдын эрдэм шинжилгээний солилцоог нэмэгдүүлэх судалгаа шинжилгээний үр дүнг хүртээх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж одоогийн байдлаар хоёр удаагийн хурал хийгээд байна. Эхний хурлыг Нинсягийн өөртөө засах орны Гадаадтай соёл урлагаар харилцах нийгэмлэгтэй хамтран Инчуан хотод хийсэн бол хоёрдугаар удаагийн хурлыг Ганьсугийн Ганнамын Бурханы шашин судлалын төвтэй хамтран Чинхай мужид зохион байгуулсан болно.
12 сарын 31 нд болох “Найрамдал” шинэ жилийн цэнгүүний талаар тодруулаасай гэж уншигчид маань хүсч байгаа байх ?
-Манай нийгэмлэг болон Өвөр Монгол дахь Монгол Иргэдийн Нийгэмлэг, БНДАУ-ын Өвөр Монголд сургууль төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Найрамдал” шинэ жилийн цэнгүүн нь хаяа залган орших Монгол, Хятадын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэлэгдсэн баяр гэдгээрээ онцлогтой. Ер нь шинэ жилийг Өрнө дахины олон улс тэмдэглэн өнгөрүүлдэг үндэсний баяр нь манайхаар бол цагаан сар юм. Ямарваа ард түмний үндэсний баяр гэдэг тэр чигээрээ соёл нь байдаг. Баярын хувцаслалт хоол унд, дуу бүжиг гээд л үргэлжилнэ. Монгол Улсын тухайд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш 80-аад жил болж байна. 1921 оны ардын хувьсгалын дараа Орос, Монголын харилцаа бүхий л салбарт гүнзгийрч үүний үр дүнд Өрнө дахины соёлыг Оросоор дамжуулан хүртэж эхэлсэн байдаг. Чухам энэ л үед их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй залуучууд 1931 оны шинэ жилийг анх тэмдэглэж байсан түүхтэй юм.
Өнөөгийн Монгол Улсад шинэ жилийн баяр нь хэдийн үндэсний онцлог, өрнө дахины баярын онцлог сүлэлдсэн монголын онцлогтой шинэ жилийн баяр болжээ. “Найрамдал” шинэ жилийн үдэшлэгийг Монгол Улсад тэмдэглэдэг дэг жаяг, хэв маягаар хийхээр бэлдэж байгаа бөгөөд бидний арга хэмжээнд оролцох хүсэлтэй хэн бүхнийг 2014 оны 12 сарын 31-ний үдэш 19 цагаас Өвөр Монголын Жин Жиан олон улсын буудлын гурван давхрын ёслолын танхимд урьж байна.
Тасалбарын үнийн хувьд, мөн хэрхэн холбогдох вэ?
-Тасалбар 198 юаний үнэтэй. Үүнд жаран төрлийн өөртөө үйлчлэх хоол унд, пиво хязгааргүй, монгол архи, оргилуун дарс багтана. Мөн сэтгэл сэргээх урлагийн тоглолт, азтан шалгаруулалтад оролцож азтан болох, бэлэг бэлгийн дээд номын бэлэг авах зэрэг боломжууд таныг хүлээж байгаа. Тасалбар авахыг хүсвэл 15204713650, 15598027869 утсаар холбоо барина уу.
Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Манай байгууллагын зүгээс Монголын соёлыг Хятадад, Хятадын соёлыг Монголд таниулах сурталчлах зорилгын хүрээнд соёлын олон талт арга хэмжээг цаашид тогтмол хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ арга хэмжээнд Хөххотод суугаа Монгол Улсын Ерөнхий Консулын газар хамтран ажиллаж дэмжсээр ирсэн. Цаашид Монгол Улсад суугаа Хятадын элчин сайдын яам дэмжиж хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: website: http://www.altanhurd.com/
Бэлтгэсэн: Э.Үржинханд
