solongonews
Ном унших нь хүүхдэд яагаад тустай вэ?
2024-01-19 10:10
Ном уншвал төсөөлөн бодох чадвар сайжирна

        Ном уншвал төсөөлөн бодох чадвар сайжирна. Жишээлбэл баатруудынх нь дуу хоолой, дүр төрх, байгаа орчныг нь төсөөлдөг. Хэдийгээр зохиолч зарим зүйлийг тайлбарладаг ч уншигч өөрөө төсөөлөн бодох хэрэгтэй хэсэг их бий.

        Ном уншвал сайн зан чанартай болно. Хүүхдүүд ном уншаад асуудлын цаана ямар шалтгаан байгааг, яаж шийдвэрлэж болохыг олж харж сурдаг. Бас анхаарал нь сайн төвлөрдөг. Тэгснээрээ тэвчээртэй, биеэ барьдаг, өрөвч сэтгэлтэй болдог.

        Өрөвч болдог гэж үү? Тийм ээ, зарим судлаачийн үзэж байгаагаар, хүүхдүүд номыг эргэцүүлэн бодоод яаралгүй уншихаараа баатруудын сэтгэлийг сайн ойлгодог. Улмаар тэд эргэн тойрныхоо хүмүүсийг ойлгож, өрөвдөж сурдаг ажээ.

        Ном уншвал эргэцүүлэн бодож сурна. Анхааралтай уншдаг хүн зохиогчийн санааг сайн ойлгох гэж өөртөө тохирсон хурдаар уншдаг. Шаардлагатай бол дахиж уншдаг. Ингэснээр тэд уншсан зүйлээ тогтоож, ач тус хүртдэг.

        Ном унших дуртай болоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

        Эртхэн эхлээрэй. Хоёр хүүгийн ээж Клое: «Хүүхдүүдээ гэдсэнд байхаас нь л ном уншиж өгдөг байлаа. Төрснийх нь дараа ч энэ хэвшлээ алдаагүй. Үүндээ их баярладаг юм. Яваандаа хүүхдүүд маань өөрсдөө ном унших дуртай болсон. Бүр ном уншиж зугаагаа гаргадаг гээч» хэмээн ярьсан.

        Таатай орчин бүрдүүлээрэй. Ном хэвлэлийг гарт нь ойр газар тавивал хүүхдүүд хүссэн үедээ аваад уншина. «Би хүүхдүүдийнхээ унших дуртай номуудыг сонгон авч орных нь хажууд тавьдаг» гэж дөрвөн хүүхдийн ээж Тамара хэлсэн юм.

        Интернэтийн хэрэглээгээ хязгаарлаарай. Даниел гэдэг аав 7 хоногийн нэг оройг цахим хэрэгсэлгүй өнгөрөөхийг зөвлөж байна. Тэрээр: «Манайх долоо хоногийн ядаж нэг үдшийг зурагт үзэлгүй, нам гүм өнгөрөөдөг байсан. Тийм орой хамтдаа эсвэл тус тусдаа юм уншдаг байж билээ» гэж дурссан.

        Үлгэр жишээ үзүүлээрэй. Карина хоёр охинтой. Тэрээр: «Хүүхдэдээ ном уншиж өгөхдөө нүдэнд нь харагдаж сэтгэлийг нь хөдөлтөл үйл явдлыг нь амилуулж уншаарай. Хэрвээ та ном унших дуртай бол хүүхэд чинь ч таныг дуурайна» гэж хэлжээ.

        Бүх хүүхэд номын хорхойтон болохгүй. Гэхдээ та үлгэр жишээ үзүүлээд байвал хүүхдэд тань ном унших хүсэл төрж болох юм. Хоёр охины аав Дэвид бас нэг сонирхолтой арга хэлсэн юм. «Би охидынхоо уншдаг номыг уншаад тэднийхээ юу сонирхдогийг мэдэж авдаг байлаа. Үүний ачаар хүүхдүүдтэйгээ ярих сэдэвтэй болдог байсан. Нэг ёсондоо номын бяцхан клубтэй байлаа шүү дээ. Хөгжилтэй сайхан байжээ!».

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : jw.org
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл