БНХАУ-ын “Tianwen-1” судалгааны аппаратын Ангараг гараг дээр авсан хоёр гэрэл зураг, хоёр дүрс бичлэгийг Хятадын Сансар судлалын үндэсний газар /CNSA/ 19-ний өдөр танилцуулжээ.

БНХАУ энэхүү аппаратаа Улаан нүдэн гараг дээр энэ сарын 15-нд газардуулснаар өөр гараг дээр анх удаагаа төхөөрөмжөө буулгасан юм.
Уг аппаратын илгээсэн эхний хар цагаан гэрэл зурагт Ангарагнаа явагч “Zhurong” төхөөрөмжийн налуу замыг гарагийн гадаргуу руу буулгасан байгааг харуулжээ.

Харин нөгөө өнгөт зурагт төхөөрөмжийн нарны хавтан, антеныг дэлгэсэн нь харагдаж байгаагаас гадна Ангараг гарагийн гадаргуу дээрх улаан хөрс, чулуу нь тод үзэгдэж байгаа юм.
Мөн “Tianwen-1”-ийн илгээсэн хоёр дүрс бичлэгт төхөөрөмжүүд тойрог замын нислэгийн аппаратаас хэрхэн гарч буйг харуулсан байна.
Тойрог замын нислэгийн аппарат, газардагч төхөөрөмж, явагч төхөөрөмж зэргээс бүрдсэн “Tianwen-1”-ийг Хай Нань мужаас 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөргөсөн юм.
