Хятадаас Америкт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чинь Ган энэ сарын 21-ний өдөр Де Мойн хотноо мэдэгдэхдээ "Хятад, Америкийн хөдөө аж ахуйн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг стратегийн үүднээс ахиулах нь Хятадын ард түмний үр тарианы аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тустай төдийгүй Америкийн тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд ч ашигтай байдаг. Ялангуяа дэлхийн хүнсний хангамжийн тогтворгүй байдал, тодорхой бус байдлыг багасгахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах болно" гэжээ.

Чинь Ган 21-ний өдөр Хятад, Америкийн хөдөө аж ахуйн дээд түвшний семинарт оролцон илтгэл тавьжээ. Тэрээр хэлэхдээ "Хятад улс бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хамгийн том импортлогч, Америк бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хамгийн том экспортлогч юм. Хятадын ард түмний сайн сайхан амьдралын эрэлт хэрэгцээ болон Америкийн өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийн нийлүүлэлт нь Хятад, Америкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны орон зайг бий болгосон" хэмээн илэрхийлжээ.
Чинь Ган онцлохдоо "Хятад, Америк хоёр гол хөдөө аж ахуйн орон, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны гол орон болохын хувьд сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хамгаалж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний уян хатан чанарыг дээшлүүлж, дотоодын хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулж, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах ёстой. Хүнсний аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, дэлхийн эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг дэмжих нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулж чадах нь гарцаагүй".

Чинь Ган мөн "Бид эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хоёр талт, хэвийн худалдааг ахиулж, нэмэлт татвар зэрэг саад бэрхшээлийг арилгаж, аж үйлдвэрийн тогтвортой бизнесийн орчныг бүрдүүлэх ёстой. Шинжлэх ухаан, технологи, боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, тогтвортой хөгжилд анхаарч, техникийн дэмжлэгийг бэхжүүлж, залуу боловсон хүчийг нөөцлөх шаардлагатай байна. Бодлогын мэдээлэл солилцох ажлыг гүнзгийрүүлж, хөдөө аж ахуйн яриа хэлэлцээний механизмыг аль болох хурдан сэргээж, харилцаа холбоог бэхжүүлэх шаардлагатай байна. Бид олон улсын зохицуулалтыг гүнзгийрүүлж, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад Хятад, Америкийн зохих үүргийг гүйцэтгэх ёстой" гэжээ.
Уг семинарыг Хятадаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яам, Хятадын Хөдөө Аж Ахуйн Олон Улсын Биржийн Нийгэмлэг хамтран зохион байгууллаа. Хятадын Хэбэй мужийн дэд захирагч Шы Чиншуан, Дэлхийн Хүнсний Шагналын Сангийн хүндэт дарга Куинн, Хятадад суугаа АНУ-ын Элчин сайд асан Бранстад,АНУ-аас Хятадад суугаа Элчин сайд Бөрнс, хоёр улсын хөдөө аж ахуйн яамны албаны хүмүүс, хөдөө аж ахуйн салбарын холбогдох холбооны төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид зэрэг нийт 500 хүн уг арга хэмжээнд оффлайн болон онлайн хэлбэрээр оролцов.

Семинарын үер Айова мужийн эрдэнэ шиш тариалагчдын холбоо Хятадаас АНУ-ын эрдэнэ шиш импортлох томоохон захиалга авсныг зарласан байна.
Семинарын нээлтийн өмнө, Чинь Ган Дэлхийн Хүнсний Шагналын Сангийн байранд зочилж, Куиннтай гүнзгий ярилцав.
Чинь Ган хэлэхдээ "Хөдөө аж ахуй бол улс орны үндэс суурь, ард түмэн, соёлын харилцаа бол төр улс хоорондын харилцааны үндэс юм. Цар тахлын дараа бид Хятад, Америк оюутан зэрэг залуу үеийнхэнд солилцоогоо бэхжүүлж, харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ёстой. Хятад, Америк хоёр том гүрний хувьд бүс нутгийн мөргөлдөөн, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхийн хүнсний аюулгүй байдлын сорилтыг хамтаар шийдэж, дэлхий дахинд илүү тодорхой, аюулгүй байдлыг бий болгох үүрэгтэй" гэжээ.
